AI Zen - Хиймэл оюун ухаанд суурилсан финтек Монголд

October 01. 2018

AI Zen in Mongolia ITZone FintechШинэ үеийн технологи бидний амьдралд хүч түрэн нэвтэрч, бүхий л салбарт өөрчлөлтийг авчирсаар байна. Роботыг кинон дээрээс л харж, “Намайг үхэн үхтэл Суралцагч машин (Machine learning) гэх зүйлс хөгжиж амжихгүй байхдаа” хэмээн төсөөлж явсан нэгэн өнөөдөр Дэлхийд тэргүүлэгч Финтек компанийн захирал болж, банк санхүүгийн салбарын хөгжилд үсрэнгүй хөгжлийг нэвтрүүлж явна.

 Энэхүү эрхмийг Кан Жун Сок гэдэг бөгөөд Гартнер-ийн “Хиймэл оюун ухаанд суурилсан Финтекийн Шилдэг 4 Вендор”-ын нэгээр шалгарсан AIZen компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг.

Ай Ти Зон болон МонОптима компанийн урилгаар Кан Жун Сок нь өөрийн технологийн зөвлөхүүдийн хамт Монголд зочлон, банк санхүүгийн салбарын голлох төлөөлөгчидтэй уулзалт хийв. Кан Жун Сок нь Сити Банкны БНСУ дахь салбарт Дижитал маркетингаас эхлэн Эрсдэлийн удирдлага хүртэлх албыг хашсан 10 жилийн туршлагадаа үндэслэн AIZen компаниа үүсгэн байгуулсан аж.

Уулзалтын үеэр Монголын банк санхүүгийн салбарт хиймэл оюун ухааныг хэрхэн нэвтрүүлж, үр ашигтайгаар ажиллуулах талаар өөрийн орны туршлагаас хуваалцан, AIZen компанийн зохион бүтээсэн санхүүгийн таамаглал, эрсдэлийг тооцоологч суралцагч машины алгоритмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Түүнчлэн хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхэд тулгамддаг AI мэргэжилтнүүд дутмаг байдал, таамаглалын моделийн үр ашиггүй байдал, тэдгээрийн шийдлийн талаар бодит туршлагуудаасаа хуваалцав.

Тэрбээр хиймэл оюун ухааныг банк санхүүгийн салбарт нэвтрүүлснээр зээлийн эрсдэл, үйл ажиллагааны зардлыг удирдан хэрэглэгчдэд илүү үнэ цэнэ санал болгох боломжтой талаар онцгойлон дурдаж байлаа. Мөн уулзалтынхаа төгсгөлд “Технологийн хөгжлийг энэ хэмжээнд хүртэл хөгжинө гэж төсөөлөөгүй нь миний буруу байсан. Технологи маш хурдацтай хөгжиж байна. Технологи зөвхөн таны төсөөллөөр л хязгаарлагдана” гэсэн юм.

ITZONE - AI Zen - Хиймэл оюун ухаанд суурилсан финтек Монголд