Dell EMC Hackathon - Экспертүүдийн тэмцээний ялагч тодорлоо

September 17. 2018

Dell EMC Hackathon 2018 Ялагч Голомт банк

Өнгөрсөн хагас сайн өдөр буюу 9.15-ны өдөр Dell EMC болон ITZone компанийн хамтран зохион байгуулсан “Dell EMC Hackathon” тэмцээн #HUB Innovation Center-т амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээллийн технологид суурилан орон даяар үйлчилгээгээ хүргэн ажилладаг төрийн болон хувийн байгууллагуудын систем хормын төдий саатахад тухайн байгууллагадаа төдийгүй харилцагч, хэрэглэгчдэд өндөр эрсдэл учруулдаг.

Энэхүү эрсдэлээс 7 хоногийн 24 цагийн турш найдвартай хамгаалж, тогтвортой ажиллагааг хангагч эрхмүүд бол Mission Critical System –ийн инженерүүд юм.

Тэд шинэ технологиудыг богино хугацаанд сурч, эзэмшин, үндсэн системээ зогсоолгүйгээр шинэчлэлтийг нэвтрүүлэх ур чадвар эзэмшсэн байдгаараа технологийн экспертүүд хэмээн нэрлэгддэг билээ.

Тэдний дунд явагдсан энэ удаагийн хакатоны гол даалгавар нь энгийн X86 серверүүдийг HCI, DPS технологитой интеграцчлан, анхны суурилуулалт тохиргооноос авахуулаад хамгаалалтын шийдэл хүртэл бүрэн системээр нь Mission Critical Hyper-Converged Infrastructure-ийг 7 цагийн хугацаанд бүтээж, түүнийгээ бодит байдал дээрх гамшгийн тестээр тестлүүлэх байсан юм.

Тэмцээнд БСШУСЯ, Үндэсний дата төв, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Скайтел, Хас банк, Оюу Толгой, Юнител гэсэн нийт 9 байгууллагын технологийн экспертүүд оролцсон ба багуудыг дэд бүтэц байгуулалт, гамшгийн тест болон танилцуулга гэсэн үндсэн шалгууруудаар үнэлсэн байна.

Багууд маш ширүүн өрсөлдөж өгөгдсөн даалгаврыг хугацаанаас нь өмнө буюу хоёрхон цагийн дотор гүйцэтгэж тестлүүлэхэд бэлэн болсон бөгөөд шүүгчдийн эцсийн дүнгээр багуудын дүн эн тэнцүүхэн байжээ.

Хакатоны ялагчаар Голомт банк шалгарч багаараа Сингапур улс дахь Dell EMC компанид зочилж EBC tour хийх эрхээр шагнагдсан бол удаах байруудад дэд бүтцийг 2хон цагийн дотор байгуулсан Юнител компани 2-р байрт, Хас банк 3-р байрт тус тус шалгаран мөнгөн шагналаар шагнуулсан байна.

Dell EMC Hackathon тэмцээний шүүгчээр Dell EMC компанийн Ахлах систем инженер Майкл Ким, Dell EMC Mongolia компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Л. Баянзул, Ай Ти Зон ХХК-ийн Энтерпрайз шийдлийн зөвлөх Б. Төрмөнх нар ажиллаж, ментороор Ай Ти Зон ХХК-ийн Дижитал технологийн газрын ерөнхий инженер, Сервер, сторэйж эксперт Н.Баярсайхан болон Ай Ти Зон ХХК-ийн Дижитал технологийн газрын систем инженер, Дата эксперт Б.Сүхбаатар нар ажиллажээ.

Dell EMC Hackathon 2018 ITZone

Dell EMC Hackathon 2018 ITZone

Dell EMC Hackathon 2018 ITZone

Dell EMC Hackathon 2018 ITZone

 

ITZONE - Dell EMC Hackathon - Экспертүүдийн тэмцээний ялагч тодорлоо