September 15. 2015
“Шинэ Агшин” Монголын гэрэл зургийн нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг АСУУЛТ ФОТО АЯЛАЛ арав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Гэрэл зурагт дурлагсад бүтэн өдрийн турш хамт байж, туршлагаа солилцон, зургаа дарж дурсамж бүтээсэн юм.
Аялалд нийт 250 гаруй хүн оролцсон бөгөөд тэд 10 багт хуваагдан тэмцээн уралдаанд оролцов. Аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр Canon брэнд уламжлал ёсоор ажилласан ба MCS Coca-Cola брэнд ивээн тэтгэгчээр оролцсон байна.
Аялагчид өглөө эртлэн Чингисийн талбайд цуглаж, цааш хөдлөн Нийслэлийн Улаанбаатар чуулгын арван жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхсон юм. Энэ үеэр Асуулт фото аялалд 10 жил тасралтгүй оролцсон Амон буюу Ариунболдод Нийслэлийн Соёл Урлагийн газрын нэрэмжит шагнал болон цаашид зохиогдох арга хэмжээнд насан туршдаа хосоороо аялах эрхийн бичгийг гардуулан өгөв.
Ингээд дуу хуураар хөглөгдсөн аялагчид Эзэн Чингисийн морьт хөшөө болон XIII зуун цогцолборт очиж түүх дурсгалын музей үзэж, урчууд болон бөөгийн отог, номын отгуудаар аялав. Асуулт фото аялалд оролцогчдын дунд ивээн тэтгэгчийн зүгээс зарласан уралдаан тэмцээнүүдэд багаар болон хувиараа оролцох сонголт бүхий сэдвүүд зарлагдсан байлаа.
Канон брэндээс багаар оролцох “Өнгөрсөнд Канон-той”, ганцаарчилж оролцох “Агшин” гэсэн хоёр төрлийн тэмцээнийг оролцогчдын дунд зохион байгуулсан юм. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Канон брэндийн зөвлөх Н.Гансүх, Шинэ Агшин нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн С.Сайнжаргал, Д.Эрхэмчухал, Э.Ууган-Эрдэнэ нар багтсан байлаа.
“Өнгөрсөнд Канон-той” тэмцээнд арван нэгэн бүтээл оролцсоны “Со-ийн Эксүүд” багийн “Өвгөдийн Урлан бүтээл” тэргүүн байр эзэлж, Canon төвөөс Нэг сая төгрөгийн бараа авах эрхийн бичгийн эзэн болсон байна. Хоёрдугаар байранд “Шилдэг” багийн бүтээл шалгарч мөн Canon төвөөс 500,000 төгрөгийн бараа авах эрхийн бичгээр шагнууллаа.
Канон брэндээс зохион байгуулсан “Агшин” тэмцээнд нийт 37 бүтээл ирснээс гэрэл зурагчин Одгэрэлийн бүтээл тэргүүн байрт шалгарч, Canon төвөөс 300,000 төгрөгийн бараа авах эрхийн бичиг, хоёрдугаар байранд гэрэл зурагчин Ц.Хатанбаатарын бүтээл шалгарч, Canon төвөөс 200,000 төгрөгийн бараа авах эрхийн бичгээр тус тус шагнууллаа. Кока-Кола-ын нэрэмжит “Наадам-Бахархал” тэмээнд нийт 11 гэрэл зураг ирснээс гэрэл зурагчин Х.Түшигийн бүтээл шалгарч 100.000 төгрөгийн эрхийн бичгээр шагнуулав.
Аялалд хамрагдсан залуусын дунд мөн “Хэн түргэн Coca Cola ундааг уух вэ?” болон Түргэн хэллэгийн хөгжөөнт тэмцээн зохиогдож тэргүүлсэн оролцогчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Оройн арга хэмжээнд UFO, Бид дөрөв, Assasin бүжгийн хамтлагууд XIII зуун цогцолборт хүрэлцэн ирж ая дуугаа өргөн, баярын салют буудуулснаар энэ удаагийн адал явдалт аялал дурсамжаар дүүрэн өндөрлөсөн юм.