October 30. 2014
2014 оны 10-р сарын 18-21-ний өдрүүдэд Тайланд улсын Пукет хотноо харилцаа холбооны шийдлээрээ дэлхийд тэргүүлдэг NEC компанийн “IT Network” сэдэвт Ази номхон далайн бүс нутгийн харилцагчдын 3 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
Ай Ти Зон компани нь NEC компанийн NEC SL1000, NEC SL1100, NEC SV8100 зэрэг дотоод холбооны төхөөрөмжүүдийг мэдээллийн технологийн цогц шийдлийн хамт санал болгодог Монгол дахь цорын ганц албан ёсны түнш байгууллага бөгөөд уг чуулга уулзалтаар Ази номхон далайн бүс нутгийн хэмжээнд “Шилдэг түнш”байгууллагаар шалгарчээ.
Мөн чуулганы үеэр NEC компаниас гаргасан дотуур холбооны шинэ загвар NEC UNIVERGE SV9000-ыг албан ёсоор танилцуулсан нь нэлээдгүй анхаарал татсан үйл явдал боллоо.
NEC UNIVERGE SV9000 дотоод холбооны шинэ цуврал нь өмнөх төхөөрөмжүүдийг бодвол IP технологид бүрэн суурилсан тул гуравдагч Microsoft®, Outlook®, CRM, Salesforce гэх зэрэг системүүдтэй интеграци хийх бүрэн бололцоотой болж, илүү хялбар удирдлага, өргөн цар хүрээтэйгээр ажилладаг болжээ. Тухайлбал IP технологид суурилсан SIP технологи нь ямар нэгэн гамшгийн нөхцөлд мэдээлэл устсан ч түргэн буцаан сэргээх бололцоог олгож байна.
Тус цуврал бүтээгдэхүүнийг 2015 оноос дэлхийн зах зээлд худалдаалж эхлэх бөгөөд Ай Ти Зон компани эх орныхоо аж ахуй нэгжүүдэд зориулан албан ёсоор нийлүүлэх юм байна.
NEC компанийн хувьд олон нийтийн болон энтерпрайз бизнес шийдэл, харилцаа холбооны бүтээгдэхүүн үйлчилгээний шийдэл, системийн платформ үйлдвэрлэл хөгжүүлэлт гэсэн үндсэн чиглэлүүдээр, маш өргөн цар хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг, дэлхий даяар 250 гаруй салбартай, Япон улсын үндэстэн дамнасан корпораци юм.
Анх 1899 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш тасралтгүй 115 жилийн турш харилцаа холбооны технологийг хөгжүүлж байгаа тус компани Харилцаа холбооны салбарт бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ найдвартай ажиллагаа, технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг ажээ.