April 28. 2014
Нийгэм эдийн засгийн шилдгүүдийг шалгаруулдаг “Bloomberg Awards 2013” шагналтнуудаа тодрууллаа. “Bloomberg Awards 2013”-ын хамгийн эхний цом буюу "ОНЫ ШИЛДЭГ ИНОВАЦИ"-ийг Ай Ти Зон компанийн “Эд Хөрөнгийн Бүртгэлийн Цахим Систем” хүртлээ.
Эд Хөрөнгийн Бүртгэлийн Цахим Систем нь Улаанбаатар хотын есөн дүүрэг, бүсийн найман тулгуур төвийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелаар холбосон байна. Үүнээс гадна төслийн хүрээнд 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулжээ.
“Оны шилдэг амжилт”-аар “Орон сууцны ипотекийн зээл”-ийн хөтөлбөр тодорлоо. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсний үр дүнд хамгийн багаар бодоход 30 гаруй мянган айл, өрх бага хүүтэй зээлд хамрагдаж орон сууцтай болоод байна. Цаашид удаан хугацааны туршид хэрэгжих энэхүү төсөл нь Монгол Улсын банк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаж, тулгамдаж буй агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад шууд нөлөө үзүүлэх боломжтой.
Харин “Шилдэг менежер” номинацын эзнээр “Platinum Gate”-ийн Ерөнхий захирал Б.Батсайхан тодорлоо.
Тэрбээр олон улсын брэндүүдийг Монгол Улсын хэрэглэгчдэд хүргэх гүүр болж, зар сурталчилгааны салбарт шинэ төрх, шинэ стандартыг бий болгосон юм. Түүнчлэн санхүү бизнесийн салбарын хамгийн том үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулжээ. 2013 оны "Шилдэг эдийн засагч"-аар “TDB Capital”-ийн Гүйцэтгэх захирал, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Орхон шалгарлаа. Тэрбээр өнгөрсөн онд Монгол Улсын хөгжлийн банк болон Японы олон улсын хамтын ажиллагааны банкны баталгаатайгаар Японы зах зээлд 10 жилийн хугацаатай 30 тэрбум иенийн бондыг гаргахад андеррайтераар гар бие оролцсон юм.
Мөн тэрбээр юаниар үнэлэгдэх “Дим Сам” бондын арилжаанд андеррайтерийн үүрэг гүйцэтгэн оролцож байв. Үүнээс гадна 2013 онд нийт 48.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан “Говь” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Bloomberg Awards”-ийн "Шилдэг Гүйцэтгэх захирал" номинацын эзэн боллоо. Олон улсын валютуудын төгрөгтэй харьцах ханш чангарсан хэдий ч “Говь” компанийн борлуулалтын орлого өнгөрсөн онд 20 хувиар өссөн байна. Өнгөрсөн онд “Говь” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан “Таван Богд” групптэй хийсэн гэрээний дагуу дэлхийн түргэн хоолны томоохон сүлжээний нэг болох "YUM! Brands"-ийн "KFC” сүлжээ зоогийн газруудыг Монгол Улсад оруулж ирсэн. Одоогоор Улаанбаатар хотод “KFC”-ийн гурван ч салбар ажиллаж байна. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компанийн захирал О.Сайнбуян өнгөрсөн оны "Хамгийн шилдэг менежмент"-ийн шагналыг хүртлээ. Тус компанийн зүгээс томоохон ордуудад үйл ажиллагаа явуулдаг Төрийн өмчит компаниудын менежментийн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани “Эрдэнэс Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой”, “Багануур”, “Шивээ Овоо” болон “Эрдэнэт” үйлдвэрийн менежментийг хариуцаж байгаа юм. Тус компани эрдэс бүтээгдэхүүнээс орж ирэх ашгийг нэмэгдүүлэх хүрээнд дэд бүтцийн төслүүдийг хэрэгжих боломжийг хангахаас гадна “Монгол нүүрс”, “Монгол зэс” зэрэг дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг хөгжүүлж байна.
Харин "Оны шилдэг компани" номинацад “Гоёо” компани, “Хурд” групп болон “АПУ” хувьцаат компаниуд нэр дэвшсэнээс “АПУ” компани “Bloomberg Awards”-ийн эзэн боллоо. “АПУ” компанийн хувьд өнгөрсөн онд Монгол Улсад анх удаа бүрэн автомат ложистикийн төвийг барьж байгуулсан. Тус компани шинээр байгуулсан шар айрагны үйлдвэртээ үйлдвэрлэсэн “Kaltenberg” бүтээгдэхүүнээ БНСУ болон ХБНГУ руу экспортод гаргаж байна. Мөн сүүний шинэ үйлдвэртээ цагт найман мянган ширхэг "Маамуу" брэндийн сүү болон жимсний шүүсийг үйлдвэрлэж эхэлжээ. Ингэснээр тус компани жилд 27 сая литр сүү, 15 сая литр шүүс болон гурван сая литр тараг, йогурт, зөөхий үйлдвэрлэх хүчин чадалтай болж байгаа юм. 2013 онд “АПУ” компани Монгол Улсын төсөвт дангаараа нэг тэрбум орчим төгрөгийн татварыг төлсөн байна.
“Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг 2013 оны 11 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилга хүртлээ. Тус санаачилгад 2050 он гэхэд Монгол Улсын хөгжил ямар түвшинд очсон байх, үүнд Төрийн оролцоо ямар байх талаар онцолсон юм. Дотоодын эдийн засаг тогтмол хурдаар өссөөр байвал 2050 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 380 тэрбум ам.доллар, харин нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 55 мянган ам.долларт хүрсэн байна гэж үзэж байна. "Том төрөөс ухаалаг төр рүү" санаачилгын хүрээнд лиценз зөвшөөрлийн тухай хууль, шилэн дансны хууль гээд 10 шинэ хуулийн төслийг танилцуулж байсан юм.