November 06. 2013
Эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик нь Улаанбаатар хотод өөрийн оффис, үзэсгэлэнгийн танхимаа нээсэн энэ өдрүүдэд Ай-Ти-Зон компани Мэдээллийн Технологийн чиглэлээр хамтран ажиллахаар болж, санамж бичигт Шнайдер Электрикээс Азийн бүсийн Тэргүүн Зелко Козанович, Ай-Ти-Зон компаниас Гүйцэтгэх захирал Н.Баттулга нар гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагаанд Шнайдер Электрикийн Монгол дахь Төлөөлөгчийн газрыг төлөөлөн Тэргүүн Филипп Обри, IT Бизнес хариуцсан менежер С.Ариунзаяа нар оролцсон бол Ай-Ти-Зон компанийг төлөөлөн Дэд захирал У.Наранбаатар болон Б.Жаргалсайхан, Төслийн хэлтсийн дарга Б.Цээсүрэн, Систем, Интеграцчлалын Газрын дарга Ч.Лхагвасүрэн нар тус тус оролцлоо.
Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Филипп Обри хэлэхдээ “Бидний Монгол улс дахь үйл ажиллагаандаа баримтлах суурь хандлага, эрхэмлэх зүйл бол хамтын амжилт, өсөлтийн төлөө Монгол байгууллагуудтай түншлэлээ хөгжүүлэх, монгол мэргэжилтнүүдийн авъяас чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэхүү түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан явдал маань Монголын компаниудтай ажиллах бидний хүсэл эрмэлзлийг онцолж буй хэрэг юм.”
Хамтын ажиллагааны хүрээнд Ай-Ти-Зон компани нь Шнайдер Электрикийн Монгол дахь “Албан ёсны итгэмжлэгдсэн дистрибьютор”-ээр ажиллаж, зах зээлд Өрх, Албан Байгууллагын сүлжээний тог баригч, Дата төвийн шийдлүүд болон Тэжээл ба Хөргөлтийн найдвартай эх үүсвэрийн систем зэрэг бүтээгдэхүүн болон шийдлийг хүргэх юм. Мөн өөрсдийн хуримтлуулсан дэлхийн хэмжээний мэдлэг, туршлага, технологио хуваалцах замаар Монголын зах зээлийн онцлогт нийцэх шийдлийг хөгжүүлэх боломжийг орон нутгийн түнш байгууллагадаа олгоно.
Шнайдер Электрик компани нь 1836 онд үүсгэн байгуулагдсан, Франц-д төвтэй, зуу гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, эрчим хүчний зохицуулалтын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч бөгөөд эрчим хүч, дэд бүтэц, үйлдвэрлэлийн процесс, барилга, угсралтын автоматжуулалт, дата төв/сүлжээ зэрэг салбарыг хамарсан олон тооны зах зээлийн сегментэд цогц шийдлийг санал болгодог.
Ай Ти Зон компани нь систем интеграц, програм хангамж, мэдээллийн технологийн сервис, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. Тэд мэдээллийн технологийн хөгжилд тулгуурласан, дэвшилтэт шийдэл бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг бүх түвшний байгууллагуудад нийлүүлэн, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд дэлхийн техник технологиор тэргүүлэгч компаниудтай хамтарч ажиллан, Монголынхоо бизнесийн зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа нь энэхүү үйл ажиллагаагаар ч мөн харагдаж байна.