November 01. 2013
Цусны донорын асуудал өнөөдөр манай улсад хамгийн тулгамдаж буй асуудлын нэг болжээ. Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвд хамгийн багадаа гэхэд 7-10 хоногийн нөөц, түүнээс дээш 15-20 хоногийн нөөц л байдаг байна. Ийнхүү цусны нөөц хангалтгүй байгаагаас зайлшгүй шаардлагатай өвчтөнүүдийг цус болон цусны сийвэнгээр хангаж чадахгүйд хүрээд байгаа нь тун харамсалтай. Тиймээс Ай Ти Зон ХХК-ийн зүгээс нэгэн ажилтныхаа санаачилгыг дэмжин нийт ажилтнуудынхаа дунд “Амьдрал бэлэглэх аян” буюу цус бэлэглэх арга хэмжээг зохион байгууллаа.
Ай Ти Зон компани нь систем интеграци, програм хангамж, мэдээллийн технологийн сервис, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм.
Тус компанийн нийт 80 орчим ажилтан энэхүү арга хэмжээнд цусаа бэлэглэхээр сэтгэл гарган ирсэн боловч тодорхой шалтгаанаар зарим ажилтнууд эмчийн зөвлөгөө, заалтаар хасагдаж, нийт 55 ажилтан цусаа хандивласан байна.
Дашрамд дурдахад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олон энэхүү үйл ажиллагааг хүндэтгэж, түргэн шуурхай ажилладаг мэргэжлийн багтайгаа хүрэлцэн ирж, өндөр хөгжсөн технологиор шинжилгээ хийн, эрүүл мэнд, аюулгүй байдлын өндөр түвшинд үйлчилгээ үзүүллээ.
Эрхэм та нэг л удаа 300-400мл цусаа хандивласнаар аюулт өвчинд нэрвэгдэн, хүндээр өвдөн шаналж байгаа хүүхэд нялхас, үе тэнгийнхэн, ахмад буурлууд гээд элэг нэгтэй дөрвөн хүний алтан амийг аврах арвин их буянг хураах болно.
Ийнхүү “Амьдрал бэлэглэх өдөр”-т нэгдэж 220 эрдэнэт хүний амийг аварсан Ай Ти Зон компанийн хамт олондоо гүнээ талархаж, бусад аж ахуй нэгж, ард иргэдийгээ ч мөн тус аянд нэгдэхийг уриалж байна.