Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, лавлагааг цахимаар хийдэг боллоо

August 19. 2013

Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжиж буй “EPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем”–ийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүлээлгэн өгөх хүндэтгэлийн үйл ажиллагаа Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын ард түмний санхүүжилтээр 2011 онд хэрэгжиж эхэлсэн уг төслийн гүйцэтгэгчээр Ай Ти Зон буюу хуучнаар М-Си-Эс Электроникс компани ажилласан байна.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт 11.5 мянган метр урт шилэн кабелаар холбож, 12 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий дата центрийг байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. 

Ингэснээр Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн нэгжид ажиллаж буй улсын бүртгэгчдийн ажил эрс хөнгөвчлөгдөж, иргэдээс цахим хэлбэрээр өргөдөл, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, нөгөө талаас иргэд шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим шуудан, гар утсаар хүлээн авч, зөвхөн гэрчилгээгээ бүртгэлийн газраас авах байдлаар түргэн шуурхай үйлчлүүлэх боломжтой болох юм.

Түүнчлэн энэхүү систем нь улс орон даяар бүрэн нэвтэрснээр үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн явцад хүнээс хамаарсан алдаа гарах эрсдэл үгүй болж, улсын хэмжээнд нэгдсэн тайлан гаргах, төвөөс бүртгэлийн явцыг хууль журмын дагуу явагдаж буй эсэхийг хянах зэрэг боломжууд бүрдэх юм. Цаашлаад банк, санхүү, нотариат гээд төрийн болон төрийн бус 11 байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд хандах боломж нээгдэн, төрийн үйлчилгээг орон зайнаас үл хамааран түргэн шуурхай хүргэх боломжтой болно.

Монголын Мянганы Сорилтын Корпораци нь Монгол Улсад 2007 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий 6 төслийг өнгөрсөн 5 жилийн хугацаанд АНУ-ын ард түмний буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам.доллараар хэрэгжүүлжээ. Тус 6 төслийн нэг нь Хөрөнгийн эрхийн төсөл юм. 

ITZone буюу хуучнаар М-Си-Эс Электроникс компани нь систем интеграци, програм хангамж, мэдээллийн технологийн сервис, бизнесийн тоног төхөөрөмжийн дистрибьютер гэсэн үндсэн 4 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани юм. 1997 онд байгуулагдсан тус компани нь энэ оны 5 сард менежментийн хувьчлалаар М-Си-Эс Группээс өрх тусгаарлан гарч, ITZone нэрээр үйл ажиллагаа явуулах болжээ.

ITZONE - Үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, лавлагааг цахимаар хийдэг боллоо