“Мон Робот-2013” тэмцээнийг ивээн тэтгэлээ

August 07. 2013

Сурагчдын авьяас чадвар техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг БСШУЯ-ны сайдын нэрэмжит “Мон Робот-2013” олон улсын техник, технологийн тэмцээнийг залуусын оюуныг дэмжигч “АЙ ТИ ЗОН” (хуучнаар М-Си-Эс Электроникс) компани гурав дахь жилдээ Ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

Өнгөрсөн 7-р сарын 23-аас 25-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Хараацай театрт зохион байгуулагдсан тус тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцсоноос гадна орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулиудын төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцсон нь урьд жилүүдийнхтэй харьцуулахад цар хүрээ болон зохион байгуулалтын хувьд ихээхэн дэвшилттэй байгааг илтгэсэн байна.

Энэ жил “Ногоон хот” сэдвийн хүрээнд тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Тэргүүн байранд 14-р багийн Монгол тэмүүлэл сургуулийн Э.Тамир, 24-р сургуулийн Б.Мэндсайхан, 1-р сургуулийн Б.Түмэн, Солонгос улсын Ансан Дунсан ахлах сургуулийн И Юүнь Жин нар, 2-р байранд 13-р багийн Ансан Дунсан ахлах сургуулийн Со Мин Жин, Дархан аймгийн 15-р сургуулийн Б. Дарханбаяр, Шинэ Монгол сургуулийн А.Цэлмэг, Монгол тэмүүлэл сургуулийн Ц. Алтаншагай нар орсон бол3-р байранд 1-р багийн Ну Минь Ён, Шинэ Эрин сургуулийн П. Сараа, 13-р сургуулийн Б.Вандангомбо, Говьсүмбэр аймгийн 1-р сургуулийн Б.Хонгорзул гэсэн сурагчид тус тус байр эзэлж, үндэсний шилдэг Могул брэнд бүтээгдэхүүний эзэд боллоо.

Ийнхүү гурван өдрийн турш зохион байгуулагдсан олон улсын техник, технологийн тэмцээний шилдэг сурагчиддаа БНСУ-д болох Солонгосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, эх орныхоо нэрийг өндөрт дуурсгасан, ирээдүйн шилдэг инженерүүд болохыг хүсэн ерөөе.

ITZONE - “Мон Робот-2013” тэмцээнийг ивээн тэтгэлээ