September 01, 2016
Мэдээллийн технологийн эрин зууны ачаар ажил бүрийг автоматжуулах боломж бүрджээ. Үүний ачаар хүний оролцоо багасаж, өмнө нь цаг зав гардаггүй байсан илүү бүтээлч ажлаа хийх боломж бидэнд бий болсон юм. Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг Ай Ти Зон компанийн хөгжүүлсэн “Green HRM” систем үүний нэг жишээ билээ. Хүний нөөцийн ажилтнууд бичиг цаасны ажилд зарцуулах үйл ажиллагааг хялбаршуулан, боловсронгуй болгоход чиглэсэн энэхүү системийг Говь, Шунхлай, Тэсо, М-Си-Эс Групп зэрэг Монголын томоохон компаниуд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлжээ. Бид Говь ХК-ийн хүний нөөцийн менежер Ч.Боловсон -той Green HRM системийг нэвтрүүлснээр ямар давуу тал бий болсон талаар ярилцлаа.
Хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын ажлаас ярилцлагаа эхэлье?
Хүний нөөцийн ажилтнууд үндсэндээ сонгон шалгаруулалт, хөдөлмөрийн харилцаа, сургалт хөгжил, идэвхжүүлэлт гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Компанид хэрэгцээтэй байгаа ажлын байранд зөв, тохирсон хүнийг сонгон шалгаруулж авах, ажилтанд компанийн дүрэм журам болон холбогдох хөдөлмөрийн гэрээг танилцуулна. Тухайн ажилтныг ажлын байранд зөв удирдан чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд сургалтад хамруулах, өдөр тутмын асуудал, хэрэгцээ шаардлага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, зохицуулах нь хүний нөөцийн ажилтнуудын өдөр тутмын ажил юм. Үндсэндээ асар их мэдээлэлд дүн шинжилгээ хийж, ажилтан нэг бүртэй харилцаж байж ажил урагшилдаг. Тийм ч учраас манай компани дээр дурдсан үндсэн үүргүүдийг хувааж, хүний нөөцийн ажилтнуудаа гурван багт хуваан тус тус үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна
Тэгвэл “Green HRM“ хүний нөөцийн удирдлагын системийг нэвтрүүлснээр ямар давуу тал бий болсон бэ?
Юун түрүүнд удирдлагууд шууд харьяалах ажилтнуудынхаа хувийн мэдээллийг дэлгэрэнгүй харах, цаг бүртгэлд хяналт тавих, тэдний илгээсэн чөлөө, ээлжийн амралт, лист, томилолт, гадуур ажиллах хүсэлтүүдэд хариу өгөх, гүйцэтгэлийг үнэлэх зэрэгт цаг алдалгүйгээр өөрийн компьютероос шууд хянаж, үнэлэх боломжтой болсон. Ингэснээр өмнө нь маягт бөглөж, холбогдох удирдлагын гарын үсгээр баталгаажуулан, хүний нөөцийн хэлтэст хүргүүлдэг байсан ажил цаг алдахгүй, программаар гүйцэтгэж ажилтнуудын цагийг хэмнэх, ажлын бүтээмж, цаг ашиглалт сайжрах, эмх цэгцтэй, баттай мэдээллийг өгөлцөж, авалцах, бичиг хэргийн ашиггүй зардал буурсан. Хүний нөөцийн ажилтнууд ч хүмүүстэйгээ илүү ойр ажиллаж, тэдэнд зарцуулах цаг хүртэл нэмэгдлээ.
Ажилтнуудад бий болсон давуу тал?
Мэдээллийн дэлгэрэнгүй, эмх цэгцтэй, найдвартай, өндөр нууцлалтай бааз бий болсон. Богино хугацаанд хүссэн мэдээлэл, судалгаа гаргаж авахаас гадна цаг бүртгэл, гүйцэтгэлийн үнэлгээ, ирцийн хүсэлт, анкеттай холбоотой асуудлаар ажилтан болон удирдлага, бусад газар хэлтсийн харилцаа холбоо сайжирсан. Ажилтан өөрийнхөө цаг бүртгэл, гүйцэтгэлийн үнэлгээгээ бүрэн хянах боломжтой бөгөөд өөрийн тухай шинэчлэгдсэн мэдээллээ тухай бүрд нь өөрчлөн хадгалах боломжтой. Мөн хүний нөөцийн менежерийн ажлыг хөнгөвчилж, мэдээллийн баазаа ашиглан алдаагүй, нэг стандарт бүхий баримт бичиг боловсруулах, хадгалах, архив үүсгэх нөхцөл бүрдсэн. Ингэснээр хүний нөөцийн менежер өөрчлөгдсөн ч гэсэн түүнээс хамаарч үйл ажиллагааны горим алдагдах асуудал гарахгүй гэсэн үг. Хамгийн гол нь Ай Ти Зон компани бидэнд манай компанийн үйл ажиллагаа, дотоод дүрэм журамд нийцүүлж, бидний хүссэн үр дүнг харгалзуулсан програм нэвтрүүлсэн юм.
Цаг хэмнэх тухай их ярилаа, тодорхой жишээ дурдвал?
Таван Богд группийн компаниуд Японы Амёб менежментийг нэвтрүүлсэн юм. Энэхүү менежмент нь компанийн бүтцийг аль болох жижиг нэгжүүдэд хувааж, тус бүрдээ үр дүнгээ ойлгомжтой, ил тод тодорхойлж, ажилтан бүрийн оролцоог хангадаг гэдгээрээ давуу талтай. Гэхдээ Амёб менежментийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан амёб цаг бүртгэлээ гаргахын тулд ажилтан бүрийн ажилласан цагийн төлөвлөгөөг боловсруулахад их цаг зарцуулдаг байсан. Харин Green HRM системийг нэвтрүүлсний үр дүнд програм бидний гурван өдөр хийдэг байсан нүсэр ажлыг ердөө хагас цагт гүйцэтгэдэг болсон.
Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.
Сэтгүүлч: А.Ихсанаа
Монгол Контент