2024 оны сүүлийн улирал эхэллээ. Жилийн энэ үе бол байгууллага бүр ирэх жилийн төсөв, төлөвлөгөөгөө гаргадаг чухал, шийдвэрлэх цаг үе байдаг. Энэ жилийн хувьд олон улс дахь эдийн засгийн тогтворгүй байдал, сонгуулийн дараах тодорхойгүй байдал зэргээс шалтгаалан ирэх оныг оновчтой төлөвлөх, төсөвлөх нь амаргүй даваа болоод байна.
Тиймээс байгууллагын хөгжлийн суурь болсон мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтаа төсөвлөхөд тань зориулан Форрестер судалгааны байгууллагаас гаргасан зөвлөмж, мэдээллийн технологийн удирдлагуудын ирэх оны төсвийн төлөвлөгөөг танилцуулж байна.
Форрестер-с 2024 онд мэдээллийн технологийн шийдвэр гаргагчдын дунд явуулсан 2025 оны төсөв, хөрөнгө оруулалтын талаарх судалгаанаас харвал дээр дурдсан гадаад орчны нөхцөл байдлаас үл хамааран тэдний 91% нь ирэх оны мэдээллийн технологийн төсвөө нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна гэжээ. Түүнчлэн 2023 онд 4% өссөн мэдээллийн технологийн худалдан авалт 2024 онд дахин 5.3% өсөх хандлагатай байгаа юм.
Ирэх оны мэдээллийн технологийн төсвийн ерөнхий хандлагыг харвал:
- Үнэ цэнтэй, чухал ур чадвар бүхий ажилтнуудаа хүчирхэгжүүлэхэд хөрөнгө оруулна. ISG-с гаргасан голч дүгнэлтээр олон улсын мэдээллийн технологийн нийт зарцуулалтын 34.6%-ийг боловсон хүчний зардал эзэлдэг байна. Байгууллагууд хиймэл оюун ухааны хэрэглээгээ нэмэгдүүлж, шинэ үеийн ажиллах хэв маягт шилжихийг зорьж байгаатай холбоотой ажилтнуудад шаардагдах ур чадварууд өөрчлөгдөж байна. Форрестер-ийн судалгаанаас харахад технологийн шийдвэр гаргагчдын 71% нь ойрын 12 сард боловсон хүчин ба боловсон хүчинд зориулсан технологийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх төлөвтэй байна. (Зураг 3)
- Програм хангамжийн төсөв дахиад л нэмэгдэнэ. ISG-с гаргасан голч дүгнэлтээс харвал олон улсын мэдээллийн технологийн нийт зарцуулалтын 20.6%-ийг програм хангамж эзэлдэг байна. Харин судалгаанд хамрагдсан мэдээллийн технологийн шийдвэр гаргагчдын 73% нь ирэх онд програм хангамжийн төсвөө нэмэгдүүлнэ гэжээ.
Форрестерын “Олон улсын технологийн зах зээлийн таамаглал 2023-2027”-д дурдсанаар програм хангамж нь 2023-2027 онд хамгийн хурдтай өсөлттэй байх технологийн категориор тодорхойлогдсон ба жилийн нийлмэл өсөлт нь 10.5%-тай байх таамаглал гарчээ.
- Дэд бүтэц нь өөрчлөлтийн цар хүрээ ба хурдыг тодорхойлно. ISG-с гаргасан голч дүгнэлтээр олон улсын мэдээллийн технологийн нийт зарцуулалтын 13.3%-ийг тооцоолох болон сүлжээний төхөөрөмжийн зардал эзэлдэг байна. 2024 оны 2-р улиралд явуулсан “Tech Pulse Survey”-д дурдсанаар технологийн шийдвэр гаргагчдын 31% нь технологийн дэд бүтэц хангалтгүй байгаа нь байгууллагын хөгжлийн хурдыг сааруулж байна гэжээ. Тиймээс ч мэдээллийн технологийн дэд бүтцийн архитектур өөрчлөгдсөөр байгаа энэ үед бизнесийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж ажиллах суурь дэд бүтэцтэй байх нь маш чухал.
- Аутсорсинг ашиглан ур чадварын зөрүүг нөхөх боломжтой. Аутсорсинг нь ISG-с гаргасан олон улсын мэдээллийн технологийн нийт зарцуулалтын голч дүгнэлтээр 26.7%-ийг эзэлдэг байна. Үр дүнтэй аутсорсинг нь байгууллагуудад одоогоор хомс байгаа чадвар, чадамжийг олж авах боломжийг олгодог. Forrester-ийн урьдчилсан таамаглалаар мэдээллийн технологийн үйлчилгээ 2025 онд 4.7%-аар өсөж, 2027 он хүртэл 4.8%-аар өсөх төлөвтэй байна.
Харин танай байгууллагын хувьд 2025 оны мэдээллийн технологийн хөрөнгө оруулалтын төсвөө хэрхэн харж байна вэ?