ERP ба бизнес процесс дах өгөгдлийг бүтэцлэн хуримтлуулах нь

January 09, 2017

ERP буюу Enterprise Resource Planning гэдэг нь байгууллагын дотоод болон гадаад нөөцийг удирдан чиглүүлж өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулж, бүтэцлэгдсэн өгөгдөл, мэдээллийг компанид бий болгон, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлдэг програм хангамжийн цогц шийдэл юм. ERP систем нэвтрүүлснээр аливаа байгууллага цаашдын чиг хандлага, стратегиа тодорхойлох “НҮД”-тэй, түүнийг хэрэгжүүлэх бүтэц, үйл ажиллагааны дарааллыг тогтоох “ТАРХИ”- тай, тус дарааллын дагуу өдөр тутамдаа ажиллах “ГАР”-тай болдог гэж үздэг.

Эдгээр түвшин бүрт хуримтлагдсан өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийж эхэлснээр компанид өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтын соёл үүсч эхэлдэг.

Эх сурвалж: August-Wilhelm Scheer "Business Process Excellence-ARIS in Practice"

 

Алсыг харах НҮД буюу байгууллагын стратегийн түвшин

Энэ түвшин нь байгууллагын цаашдын оршин тогтнох, унаж босох хувь заяаг шийдэх хамгийн чухал хэсэг юм. ERP систем нэвтрүүлсэн байгууллагууд их хэмжээний мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр шийдвэр гаргаж, стратегиа боловсруулдаг. Энэхүү түвшинд

  • Бизнесийн цаашдын стратегийг боловсруулах
  • Бизнесийн процессын зүй тогтлыг тодорхойлох
  • ERP системийн ашиглалтыг сайжруулах
  • Бизнесийн шинэ боломжийг нэвтрүүлэх зэрэг үйл явц өрнөх бөгөөд цаашид бизнесээ амжилттай үргэлжлүүлэхийн тулд олон салаа замын алийг нь сонгож урагшлах зэрэг шийдвэрүүд гардаг.

 

Шийдэл гаргагч ТАРХИ буюу хяналт, удирдлагын түвшин

Бизнесийн орчин тасралтгүйгээр хувьсан өөрчлөгдөж буй энэ үед бизнес эрхлэгчид оновчтой шийдвэр гаргалтыг маш богино хугацаанд хийх шаардлагатай тулгарсан. ERP системийг нэвтрүүлсэн байгууллагуудын мэдээлэл хуримтлуулах үйл явц нь тодорхой стандарттай болсон байдаг учир BI зэрэг өгөгдөл аналитикийн хэрэгсэл ашиглан стратеги хэрэгжилтийн гол үзүүлэлт, үр дүнгүүдээ өдөр тутамдаа хянан, шийдвэр гаргах боломжтой болдог.

  • Байгууллагын стратегийн хэрэгжилтийг хянах
  • Гарч болох эрсдэлийн үнэлгээг хийх
  • Ажилтнуудын гүйцэтгэлийг үнэлэх
  • Өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх
  • Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанаас хуримтлагдсан мэдээлэлд бизнес шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагааг энэ түвшинд гүйцэтгэдэг.

ERP систем нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанаас хуримтлагдсан мэдээллийг оновчтой ашиглах, удирдах чадвар нь нэмэгдэж, үүний хэрээр бизнесийн амжилт нь өндөр байдаг байна.

 

Ажил гүйцэтгэгч ГАР буюу мэдээлэл цуглуулах түвшин

ERP систем нь цогц платформ бөгөөд бүрэлдэхүүнд нь Харилцагчтай түншлэх систем (CRM), Санхүүгийн систем, Нийлүүлэлт хангамжийн удирдлагын систем (SCM), Хүний нөөцийн систем (HRM) зэрэг бизнесийн гол процессуудыг стратегийн дагуу дараалалтайгаар автоматжуулах системүүд багтсан байдаг. Энэхүү түвшинд:

  • • Бизнесийн өдөр тутмын үйл явцыг хялбарчлан сайжруулж автоматжуулах
  • • Зарим үйлдлийг автоматжуулах
  • • ERP системийн бүхий л сувгийг ашиглан мэдээлэл цуглуулах зэрэг үйл явц өрнөх бөгөөд стратегийн түвшнээс эхлээд хяналт, удирдлагын түвшнээр дамжин боловсорсон бүхий л төлөвлөгөөг энэ түвшинд эцэслэн хэрэгжүүлж үр дүнг нь гаргадаг.

 

Жишээ нь: ERP систем дээр бараа орлогод авахад нь борлуулах үнийг автоматаар шинэчлэгддэг байхаар тохируулах:

ГАР (Зарим үйлдлийг автоматжуулах): Санхүүгийн шинжээчид бараа орлого авсны дараа барааны үнийг гараар шинэчлэдэг. Үүнийг автоматжуулснаар цаг хэмнэхээс гадна дараах эрсдэлүүдээс зайлсхийх боломжтой болно:

  • Барааны үнэ шуурхай шинэчлэгддэггүйгээс болж барааг хуучин үнээр зарах (Ашгийн түвшин буурах)
  • Шинээр ирж байгаа барааны үнийг оруулаагүй байх үед падаан бичихэд хүлээгдэх (Цаг алдах, Борлуулалт хийх боломж алдах)
  • Санхүүгийн шинжээч үнэ буруу оруулах (Байгууллагад бодит хохирол учруулах) зэрэг асуудал шийдэгдэнэ

ТАРХИ (Өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх): Ашиг төвтэй үнийн бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

НҮД (Стратеги): Бизнес процессыг хурдасгах, Ашгийн түвшинг барих хөшүүрэг болно.

А.Ганбаатар

Систем шинжээч, бизнес шинжээч, ERP технологи хөгжүүлэлтийн туршлагатай эксперт. 2010 оноос эхлэн IGREEN ERP байгууллагын нөөцийн цогц систем бүтээх төслийг амжилттай хэрэгжүүлж, 2017 оноос эхлэн Дижитал Воркс компанийн дэд захирлаар ажиллаж буй амжилттай удирдагч.