Монголын мэдээллийн технологийн могул

June 30, 2016

Forbes Mongolia сэтгүүл 2016 оны 6-р сарын дугаартаа Ай Ти Зон компанийн тухай нийтлэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна. Нийтлэлийг тус сэтгүүлийн редактор Х.Уртаа бичжээ. 

Ай Ти Зон компанийн 2016 оны удирдлагын баг

Худалдаа импорт, аж үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гэсэн компанийн хөгжлийн гурван үе шатыг өнгөрсөн 22 жилийн хугацаанд түүчээлэн туулж, өдгөө стратегийн ач холбогдол бүхий  бүтээн байгууллалтад голлон анхаарах болсон MCS групп өөрсдийн ууган компаниудыaн нэг ITZone-доо менежментийн хувьчлал явуулсан нь Монголд томоохон бөгөөд анхдагч тохиолдол болсон юм. Улс орнууд оюуны уурхайдаа түшиглэх болсон энэ цаг үед Н.Баттулга захирал тэргүүтэй 20 гаруй шижигнэсэн залуусын эзэмшиж буй ITZone компани дэлхийд мэдээлэл технологиор цахиур хагалж чадах болов уу?    

Амжилттай яваа аливаа компани ирээдүйтэй салбаруудад хүч түрэн орж, боломжоо ахиулан ашиг олохын зэрэгцээ өрсөлдөөнийг өдөөх замаар тухайн салбарыг хөгжүүлж байдаг нь бизнесийн хууль. Энэ ч зарчмаар салбар бүрт үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж, Спирт бал бурам, Гоёо, Юнител, М-Си-Эс Электроникс, Анун, М-Си-Эс Кока кола, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл, Энержи Ресурс, Шангрила Улаанбаатар гээд олон шилдгүүдийг төрүүлэн гаргасан М-Си-Эс групп хурдацтай хөгжил дэвшлээрээ Монгол улсын эдийн засгийн өсөлттэй шууд холбогддог. Үүнийг тус компанийн өдрөөс өдөрт сүндэрлэн босох биет бүтээн байгуулалтуудаас гадна монголын бизнесийн ертөнцөд оруулсан олон улсын бизнесийн соёл, чанарын стандарт, удирдлагын тогтолцоо, боловсон хүчний хөгжил зэрэг үлэмж их үнэ цэнээр тайлбарлууштай.  

Ганзагын наймаа хүчээ авч, хөрөнгөтэй хүнийг ченжээр төсөөлдөг байсан 1993 онд “оюуны нөөцөөс” баялаг бүтээх зорилго тавьж, зөвлөх үйлчилгээгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан М-Си-Эс Групп цаг үргэлж тэргүүлэгч байсныхаа адилаар 15 жилийн түүхтэй ITZone охин компанийнхаа эрх мэдлийг бүрэн шилжүүлэн өгч, менежментийн хувьчлал хийсэн анхны тохиолдол болсон юм.

Өндөр өсөлттэй дэлхийн томоохон группүүдийн хувьд хөл дээрээ бат зогстлоо олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаад, цар хэмжээ нь томрох тусам улс орны хэмжээний бүтээн байгуулалт дээр голлон төвлөрдөг практик олон байдаг.

Ингэхдээ салбар компаниуддаа менежментийн хувьчлал хийхээс гадна хөрөнгөтэй компанид шууд зарах, лиценз эзэмшүүлэх, хувь аван хамтран эзэмших гээд олон арга бий. Азийн соёл, тэр дундаа жижиг зах зээлд ураг төрлийн холбоогүй хүмүүст эрх мэдлээ шилжүүлнэ гэдэг нэн ховор үзэгдэл юм.

ITZone-ийн хувьд бизнесийн хөгжлийн зарчмаар цааш хэрхэн хөгжихийг шийдэх мөчлөг нь ирсэн бөгөөд М-Си-Эс нэг дор олох ашгаас илүү 17 жилийн турш удирдсан менежментийн багт нь хариуцуулан үлдээх тогтвортой хөгжлийн замыг сонгожээ.   

Гэхдээ IT салбарт тогтвортой хөгжил гэдэг ойлголт боломжтой гэж үү? 100 хувь хүнээс хамаардаг энэ салбар сүүлийн 20-иодхон жилийн дотор тооцоолон бодохоос төлөвлөн зохион байгуулах чадварт хүрч, хатуу дискний эрин үеэс үүлэн технологид шилжиж байна. Өмнөх үеийнхний хуримтлуулсан мэдлэг чадварт тулгуурлаж, дэлхийн өнцөг булан бүрт хэн юу зохион бүтээхийг тааж хэлэхэд бэрх бөгөөд тэрхүү шинэ нээлтүүд хэдхэн сар, хэдхэн хоногт хүмүүсийн амьдралын нэг хэсэг, хэвшил зуршил болох нь эргэж буцах замыг бүрмөсөн үгүй хийх мэт.

Орон зай, хил хязгаарт үл баригдах энэ салбарт ажиллаж, Монголын мэдээлэл технологийн хөгжлийг тодорхойлолцож яваа ITZone-ийн Баттулга захирал өөрөө тун ч тогтвортой хүн гэхэд болно. MCS Electronics-оос ажлын гараагаа эхэлж, электроникийн инженер, хүний нөөц, борлуулалт, маркетингийн менежер, албаны дарга гээд бүхий л ажлыг нь хийж үзсэн тэрээр

“Нэг газраа тогтвортой ажилласан нь надад бизнесийн сургуулиас хавь илүү зүйлийг сургасан” гэж ярьдаг.

Хэдий ажлын намтарт буухдаа нэг нүүр дүүрэмгүй товчхон мэт боловч түүний карьерын замналыг хажуу тийшээ хальж асгаралгүй, урьдах дээрээ нэмж барьсаар өдий зэрэгт хүрсэн 17 давхар байшинтай адилтган зүйрлэж болно. Аливааг бодитой, ул суурьтайгаар авч үзэхэд сургадаг инженерийн мэргэжлийн онцлогийг нь үл оролцуулбал түүний энэхүү тууштай зан байдал төрөлхийн гэлтэй. Нийгэм шилжээд удаагүй, хүн бүрт хоногийн хоолоо олох нь чухал байсан 1992 оны үед Баттулга Дархан хотын 5-р сургуулийг төгссөн бөгөөд компьютер гэгч зүйл дэлгэрэн, анхны виндоус үйлдлийн систем тэгэхэд гарч байв. Мэдээллийн технологи хэмээх үг аяар боловч чих дэлсэж байсан тул физиктээ суурилан электроникийн мэргэжлийг эргэлт буцалтгүй сонгожээ. Гэвч конкурсдаа тэнцэж чадсангүй. Сурлагын дэвтэр дүүрэн онц дүнтэй түүнээс хүн бүр гайхан асууж байсан ч ичиж нэрэлхэлгүй дахин нэг жил өнжихөөр шийдэв.

Аваргыг давж аварга болдог гэдэгчлэн хойтон жил нь өрсөлдөөн сулрах биш харин ч чангарчээ. Олимпиадын медальтнуудтай өрсөлдсөний дотор Дарханы тэргүүлэх физикийн багшийн хүүхэдтэй математик, физикийн оноо яг тэнцээдэхэв. Эцсийн шалгаруулалт орос хэлний шалгалтаар шийдэгдэх болж, тааруухан байсан хичээлдээ давтлага авахаар орос хэлний багш аав дээрээ тусламж хүсэн орсон гэдэг. Аавынх нь хэл шинжлэлийн асар том ухаанаас цөөн хэдхэн зүйлсийг захиж цээжлүүлсэн нь байгаа онож, Баттулгад хатуу чангаараа алдартай МУИС-ийн физик, электроникийн ангид оноогоороо тэргүүлэн элсэж орох боломжийг олгоод зогсохгүй хожим ангийн нөхөдтэйгөө хамт багш нарынхаа байгуулсан MCS Electronics-т ажиллах хувь тохиолыг тааруулсан гэхэд хилсдэхгүй болов уу.

“Тэр шалгалтын жил өрсөлдөөн гэдэг зүйлийг надад анх удаа утгаар нь ойлгуулсан” хэмээн ярих Баттулга захирал чухам энэ үеэс хүний амжилт, аз зөвхөн хөдөлмөрлөсний хэрээр ирдэг гэх итгэл үнэмшилтэй болжээ.

Юмсыг үе шаттайгаар ахиулахыг илүүд үздэг тэрээр гүйцэтгэлтэй холбоотой сэдвүүдийг сүүлийн арваад жил судалж, гүйцэтгэлийн үнэлгээний Balanced Score Card аргыг найман жилийн турш компанидаа хэрэгжүүлж байна. “Нэг зүйлээ сайжруулахгүй юм бол үр дүнг нь яаж мэдэх билээ” хэмээн дөнгөж хэлж дуусмагцаа Баттулга захирал Скай Резортын ногоон талбайд онилж зогссон гольфийн бөмбөгөө хүчтэй алсалж цохив. Бие сэтгэлзүйн гайхалтай тэнцвэрийг олж, хамгийн чухал нь өөрөө өөртэйгөө хийх тулаанд ялдаг гольфийн спортод тэрээр хорхойсон дурладаг. Заримдаа 4, 5 цагаар ч ажиггүй тоглох энэ спорт ширээний ард сууснаас хавьгүй илүүгээр бизнесийн түншүүдийг хооронд нь дотносгож, зовлон жаргалаа саадгүй ойлголцох нэг ангийнхан шиг болгодог аж.

Алхам алхмаар урагшилж, тухай бүр оновчтой үйлдэл хийхийг шаарддаг гольфийн спорт зарим талаар компани удирдахтай адилхан мэт. Асар богинохон хугацаанд үлэмж тэсрэлт авчирсан дэлхийн технологийн компаниудыг ажиглан итгэл найдвар тээсэн хүмүүс Монголын дараагийн шинэ боломж мэдээллийн технологи байх магадлалтай гэж үздэг. Иймдээ ч олон хөдөлгөөн, оролдлогууд өрнөж буй. Бүтээсэн аппликэйшнээрээ playstore-т шууд гарч глобал тавцанд тоглох боломжтой боловч бизнесийн хүчин зүйлсээсээ хамааран мэдээллийн технологийн компаниуд Монгол улсын эдийн засгийн хөгжилтэй уялдаж явдаг.

Наад захын жишээ гэхэд компанийн өдөр тутмын зайлшгүй процессуудад IT шийдэл гаргаж, мэдээллийн сан бүрдүүлэн, харилцаа холбоог ихээр хөнгөвчилдөг ERP системийг дэлхий нийтээрээ хэрэглэх болсон. Гэтэл дундаас дээш түвшний компанийн Oracle-ийн ийм бүтээгдэхүүн 5 сая доллар байдаг бол Монголд 50 сая төгрөг байдаг. Үзүүлэх үйлчилгээ, үндсэн технологийн хувьд ялгаатай боловч чанарын хувьд тэгтэл их хол зөрүүгүй юм. Гол нь гараждаа Lexus, Land Cruiser худалдаж авдаг хэрнээ компанидаа IT системгүй, бичиг цаасандаа дарагдсан захирлууд олон байдаг нь бодит дүр зураг аж. Монголд үйлчилгээг үнэ цэнтэй болгож, оюуны өмчийг үнэлүүлдэг болох тухайд Баттулга захирал өөртөө итгэлтэй байна. “Энэ талаар ажлууд хийгдэж байгаа, цаашид ч үргэлжилсээр томоохон өөрчлөлт гарах болно” гэж эргэлзэлгүй хэлэв.

Мэдлэгт суурилсан эдийн засагтай болж, далайд бус дэлхийн мэдлэг мэдээлэлд гарцтай улс болон хөгжье гэвэл монгол компани, мэргэжилтнүүдийнхээ оюуны хөдөлмөрийг үнэлдэг болох зайлшгүй шаардлагатай юм.

Хүний нөөцийн боловсронгуй тогтолцоотой, Монголдоо цалин хангамж сайтайд тооцогдох ITZone компаниас л гэхэд жилдээ хэд хэдэн инженерийг нь гадны компаниуд урьж ажиллуулдаг байна. Саяхны жишээ гэвэл 2010 онд сургуулиа төгсөөд таван жил ITZone-д тасралтгүй ажилласан нэгэн залууг Oracle компани Дубай дахь өөрийн салбартаа ажиллуулахаар авчээ.

“Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхүйц цалин хангамж, өсөх боломжийг бид одоогоор олгож чадахгүй тул явуулахаас аргагүй, эргэж ирээд манай компанид биш ч гэлээ Монголдоо ажиллахад маш том хөрөнгө болно. Манай залуус ихэвчлэн Америк, Японоос урилга авч ажилладаг. Бид боловсон хүчнээ экспортолж байна гэдэг үүднээс хардаг даа” хэмээн Баттулга захирал өгүүлэв. 

Дубай явсан тус залуу ITZone компанид Oracle-ийн бүтээгдэхүүнээр дагнасан мэргэжилтэн байжээ. ITZone-ийн соёлоор бол компанид ажилладаг 230 хүн 230 үүрэг рольтой буюу хүн тус бүр тусгайлан нэг зүйлээр мэргэшсэн байдаг. Энэ тохиолдолд ажилтан болгон эрх мэдэл, өөрийн гэсэн орон зайтай болдог ба дарга цэрэг хэн ч бай тэр хүнээс асууж зөвлөж, хүндэтгэлтэй харьцдаг байна.

Хамтач уур амьсгалыг бүрдүүлэх удирдлагын энэ арга барил магадгүй ажилтнуудыг харьцангуй тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл болдог болов уу. ITZone 2013 онд MCS-ийн гэр бүлээс өрх тусгаарлаж, бие даасан компани болоход хуучин удирдаж байсан менежментийн баг нь нийт ажилтнуудын дэмжлэгийг бүрэн хүлээж, хаа хаанаа урам зоригтойгоор үргэлжлүүлэн ажиллах итгэлтэй болжээ.

Шинээр хувьцаа эзэмшигчдэд харьяалагдах дээр өгүүлсэн 20 хүний хувьд цөм ITZone-д олон жил ажилласан буюу компанийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан түлхүүр ажилтнууд гэдэг шалгуураар сонгогдсон.

Түүнийхээ хэрээр хариуцлага хүлээж, гурван жилийн турш анх гэрээлсэн цалингаараа ажиллах зэрэг хэд хэдэн эрсдэлийг хүлээж байгаа юм. Компанийн хуучин эздэд оруулсан хөрөнгийг нь буцаан төлөх нөхцөл бүхий дөрвөн жилийн хугацаатай тус гэрээ өдгөө гурав дахь жилдээ орсон бөгөөд ITZone-ийн зүгээс эдийн засгийн хямрал, долларын ханшны зөрүү зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлуудыг амжилттай даван гарч, төлөлтөө хэвийн үргэлжлүүлэн борлуулалтын орлогоо хадгалсаар байна.

2017 онд зээлийн төлөлтөө дуусаж, ажлын үр шимээ хүртэж эхлэхтэй зэрэгцэн ITZone-ийнхон Монгол дахь байр сууриа сайтар бэхжүүлж гүйцээд дэлхийн зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн хийнэ гэсэн Монгол хүн бүрийн хүсэн хүлээж буй томоохон зорилгыг өмнөө тавьжээ.

Таны амжилтыг хурдасгана” уриатай ITZone багийнхан 1997 онд анх байгуулагдсан цагаасаа компьютерийн техник хангамжийн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн автоматжуулалт, интернэт, систем интеграцчлал, програм хангамж  гэх мэтчилэн үйл ажиллагаагаа шат дараалалтай ахиулсаар хамгийн сүүлд хэрэгжүүлсэн Прокурорын байгууллагын мэдээллийн нэгдсэн систем, Хөдөлмөрийн биржийн нэгдсэн систем, Үл хөдлөх хөрөнгийн цахимжуулалт, мэдээллийн нэгдсэн систем зэрэг улсын болон хувийн байгууллагуудад олон том төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Тэд мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг даган 2008 оноос програм хангамж бүтээх болсон ба өөрсдийн нэрийн гол бүтээгдэхүүн болох Green ERP системийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжүүлэн, хүний нөөц, харилцагчтай түншлэх, нийлүүлэлт хангамж, үйлдвэрлэл, санхүүгийн систем гэсэн үндсэн таван модулиас эхний гурвыг нь амжилттай гүйцэтгэж дуусжээ.

Байгууллагын амжилтыг хурдасгаж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго бүхий тус системд өнөөг хүртэл хоёр тэрбум төгрөг зарцуулсан хэдий ч 2015 оноос нэвтрүүлж эхэлсээр 500 сая төгрөгийн гэрээ хийсэн том амжилтыг үзүүлээд байгаа юм.  

Монгол инженерийн ур ухаан шингэсэн эхний бүтээгдэхүүнээ тэд Microsoft, Oracle зэрэг томоохон компаниудын оролдоод байдаггүй GPS ашиглан объектын хяналт, мониторингийн Compassmate платформоор орон зайгаа эхлүүлж бусад хөгжиж буй гадаад зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Өргөн хэрэглээнд нэвтрэх нь бараг тодорхой болсон их хэмжээний дата мэдээлэл бүхий үүлэн технологийн систем тэдний сонирхлыг татаж байгаа ч өмнөх ажлаа хэнээс ч илүү гүйцэтгэж сурах нь өнөөдөр чухал аж. Ямарваа зүйл шат дараатай явж, тухай бүрт нь чанарыг эрхэмлэх замаар хөгжлийн тодорхой замналыг туулж гэмээ нь хэчнээн олон давхар баригдсан ч айх аюулгүй, тогтвортой барилга болж чадах билээ.

Туршлагатай бөгөөд залуу хамт олноор удирдуулсан ITZone-ийн дараа дараагийн зогсоол хаана байх бол гэдэг нь сонирхолтой ч лав өөд өөдөө өсөн дэвжих нь тодорхой мэт.

ХҮЧИТИЙН УРТАА

Forbes Mongolia 6 ДУГААР САР