March 30, 2018
Бидний бүтээж чадах хамгийн том үнэ цэнэ бол оюуны бүтээл юм. Оюуны бүтээл нь яг л “алт” шиг үнэ цэнэ нь буурахгүйгээр олон улс, дэлхий даяар орон зай, цаг хугацаа хамаарахгүйгээр бүгдэд үнэлэгдэж чаддаг. Энэхүү оюуны бүтээлийг бүтээгчдийн нэг бол компьютерын шинжлэх ухааны хүн, инженерүүд билээ. Эдгээр оюуны бүтээлчдийн нэг П.Баасанбат GPS төхөөрөмжөөр дамжуулан алсын зайнаас хөдөлгөөнт объектыг хянах боломжтой CompassMate хяналтын системийг хөгжүүлж байна.
ES: Компьютерын шинжлэх ухаан, технологитой хэрхэн анх холбогдож байсан бэ?
Анх би МУИС-ийн МКС сургуулийн Програм хангамжийн инженерийн ангид элссэн. Гэвч дараа жил нь гадагшаа явж суралцахаар шийдэж, гэрийнхэндээ хичээлдээ явлаа гэж гараад хичээлдээ суулгүй өдөржин номын санд англи хэлээ давтаж эхэлсэн. Бараг хоёр сар гаруй хичээлээ хаяж гадуур номын санд суусны дараагаар гэрийнхэнтэйгээ “1 жилийн дотор гаднын сургуулийн тэтгэлэгтээ элсэж чадахгүй бол эргээд МУИС-ын сургуульдаа буцаж сурна” гэсэн тохироо хийсэн.
Засгийн газрын тэтгэлэг авахын тулд нийт 5 удаа шалгалт өгсөн бөгөөд эхний үедээ зөвхөн унших дасгал дээрээ бүтэн оноогоо авч байсан бол, дараа дараагийн шалгалтандаа бусад чадваруудаа хөгжүүлснээр 120 онооноос 116 оноо авч чадсан. Мэдээж хэрэг маш олон их сургуулиудруу материалаа явуулж Berkeley, UWMadison хэмээх шилдэг 10-т багтдаг Их сургуулиудаас урилга авснаар UWMadison сургуульд Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурахаар болсон. Хувь хүн гэхээсээ илүү багаасаа дадаж сурсан зангаараа Компьютерын шинжлэх ухааны тэр шийдэхэд хэцүү асуудлуудтай ноцолдож, үр дүнд хүрэх нь надад илүү сэтгэл ханамжтай санагдаж билээ.
ES: Америкт компьютерын шинжлэх ухаанаар суралцаж байхдаа ойлгож авсан нэг том зүйл юу байсан бэ?
Сурч байхад төрж байсан нэг гүн мэдрэмж байдаг юм. Америк бол дэлхийн мундаг хөгжилтэй орнуудын нэг, тэдний түүх 300-д жилийн л настай байтал хэрхэн яаж ийм өндөр хэмжээнд хүртлээ хөгжиж чадав? гэсэн асуулт суралцах явцад яах аргагүй төрсөн.
Олон хүчин зүйл бий л дээ, гэвч нэг том гаргалгаа нь Америк орон дэлхийн томоохон улс орнуудын шилдэг хүмүүсийг өндөр цалингаар урьж ажиллуулдаг, тэднээс маш олон оюуны бүтээл, шилдэг туршлагуудыг өөртөө авч үлддэг орон юм.
Надад тохиолдсон нэг жишээ нь: Хоёрдугаар курсэд байхдаа Дэлхийн хамгийн том алгоритмын оюутны аварга шалгаруулах ACM-ICPC оролцож, Америк улсаас шалгарч, Америк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах үе шатанд нь оролцож байсан. Тухайн үедээ компьютерын шинжлэх ухаанаар суралцдаг оюутнуудаас шилдэгтээ орсон надад технологийн гэлтгүй бараг л бүх шилдэг компаниудаас ажлын санал, хамтран ажиллах хүсэлт ирсэн.
Харин миний хувьд Монгол улс зөвхөн надад зориулж чамгүй их хөрөнгө, хүчин чармайлт гарган тэтгэлгээр сургаж байхад би Америк оронд өөрийн хүчээ өгч, тэнд аль нэг компанид ажиллах нь утгагүй асуудал байсан. Энэ үйл явдал, сургамжаас - Би заавал буцах хэрэгтэй юм байна гэсэн бодол их хүчтэй төрж билээ.
ES: Одоо хаа сайгүй Дижитал эрин, дижитал хувьсгал хэмээн ярьж байна. Энэхүү эринд бидний эхний алхам юу байх бол?
Дэлхийн томоохон хөгжилтэй орнууд бүгд аль хэдийн дижиталчлагдаж, бүх зүйл автоматажсан, технологийн хөгжил маш өндөр болсон. Яг энэ нөхцөлд бид тэдний араас заавал дагаж, автоматжуулалтруу шуурах нь зөв эсэхийг бодох хэрэгтэй.
Тэдгээр технологийн өндөр хөгжилтэй, дижиталчлалд бүрэн орсон орнуудын хөгжил туйлдаа хүрээд ирэхэд юу болох бол гэж төсөөлье. Тэр үед нэгт хүмүүсийн бүтээмж буурч, хоёрт ажилгүйдлийн асуудлууд хөндөгдөж, тэдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг хэрхэх талаар бид бодох хэрэгтэй болно. Монгол орны хувьд цөөн хүн амтай орон бид өөрсдийн хийж чадах зүйлээ илүү үнэ цэнэтэйгээр бүтээж, хүн болгон ажилтай, хүн болгон өөрсдийн гэсэн хийж чаддаг зүйлтэй, оюуны их хөрөнгөтэй, тайван орон байх нь чухал байж магадгүй.
Миний хувьд сургуулиа төгсөхдөө Компьютерын шинжлэх ухааны доод түвшний буюу илүү онол суурьтай мэргэшиж төгссөн. Компьютерын шинжлэх ухааны ажил Дээд түвшний болоод Доод түвшний гэж 2 хуваагддаг. Дээд түвшний ажил нь илүүтэй бизнес талдаа, яаж харагдах вэ? Хэрхэн хялбар үйлдлээр ажиллах вэ гэх мэт гадна талын хэсгийн ажил байдаг. Доод түвшний гэдэг нь илүүтэй Hardware талдаа, цэвэр онол дээр суурилсан, програм бүтээх зорилготой байдаг. Доод түвшний ажлуудыг маш сайн хийвэл, маш сайн програм бүтээгдэхүүн бий болдог.
Онолын суурь судалгааны ажил, доод түвшний компьютерын шинжлэх ухааны туршилт, дадлага олон хийж байсан ч COMPASSMATE бүтээгдэхүүн бол миний хамгийн анхны бүтээл бөгөөд надад ч их үр өгөөжтэй төсөл байсан.
COMPASSMATE-ийг хамгийн энгийнээр тайлбарлахад GPS-р дамжуулан бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн дохиолол, байршил зэргийг нэг зэрэг хүлээн авч, түлшний зарцуулалт, явсан зам, зарцуулсан хугацаа зэргийг өгөгдөл болгон цуглуулж, тайлагнадаг систем юм. Төсөл эхлээд аль хэдийн 4 жил болсон, өмнөх загвар нь дажгүй тогтвортой ажилладаг байсан ч бүртгэлтэй 1000 гаруй тээврийн хэрэгсэл нэгэн зэрэг өгөгдөл шидэхэд зарим өгөгдлийг барьж авч чадалгүй алдаа гаргах тохиолдол байсан. Түүнийг засварлан нэг ч өгөгдөл алдалгүй хүлээн авах тал дээр судалж, ажилласаар байна.
ES: Artificial Intelligence, Business Intelligence, Video analytics гэх мэт маш олон тренд технологиуд гарч байна. Энэ үед COMPASSMATE системийг цаашид хэрхэн хөгжүүлэлт хийхээр харж байна вэ?
Одоог хүртэл энэхүү бүтээгдэхүүн дээр ажиллаж байхдаа нэг чухал зүйлийг ойлгож авсан. Инженерүүд бид оюуны бүтээлээ хамгийн сайнаараа бүтээгээд борлуулагч нарт л хүлээлгэж өгдөг. Гэтэл хэрэглэгчид болон, үйлчилгээний ажилтнууд маань маш олон санал, сэтгэгдэл, өөр нэмэлт зүйлүүдийг хүсдэг. Үүнийг нь бид харгалзан үзэж, бүтээгдэхүүнээ улам илүү сайжруулан, хэрэглэгчдийн хүсэж буй үнэ цэнийг хүргэх ёстой юм билээ.
Тиймээс одоо хэрэглэгчдэд илүү үнэ цэнэ өгч чадахуйц шинэ шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай COMPASSMATE системийн хамгийн гол давуу тал нь тээврийн хэрэгслүүдийн түлшний зарцуулалт, тайлангийн үзүүлэлтийн тайлан юм. Гэтэл одоогийн бидний ашиглаж байгаа төхөөрөмжийн хөгжил нь өөрөө сул байгаа тул 10 секунд тутамд нэг удаа өгөгдлөө цэгцэлж татдаг. Яг зөв өгөгдлийг цуглуулж, түүн дээр 1%-ийн ч алдаагүй тайлан гаргадаг болж хөгжүүлэх нь өөрөө их төвөгтэй асуудал.
Асуудлыг шийдвэрлэхийн тулд MACHINE LEARNING буюу систем өгөгдлийн сангаас систем өөрөө зөвийг нь танин ялгаж, алдаагүй тайлан гаргадаг болгож өөрчлөхөөр сүүлийн 3 сар ажиллаж байна.
COMPASSMATE системийн өгөгдлийн сангаас MACHINE LEARNING зөв өгөгдлөө танихын жаахан хүүхдэд зааж сургадаг зарчмаар хөгжүүлдэг. Жишээ нь: Энержи Ресурс сайтын Ухаа худаг дээр тээвэрлэлт хийдэг том оврын машиныг жишээ болгон үзвэл зарим нь 100 км-т 120 литр бензин хэрэглэдэг машинууд байна гэж заадаг. Магадгүй тухайн жолооч нь хэр ёс зүйтэйгээр ажлаа хийж, тээврийн хэрэгслээ эдэлж байгааг нь MACHINE LEARNING-ээр тогтоох боломжтой. Нэг ижил хэмжээгээр хэрэглэдэг тээврийн хэрэгслийг олон жолооч зэрэг ашиглалаа гэхэд хэн ашиглах үед түлшний зарцуулалт их, хэн хэрэглэх үед хэвийн хэмжээндээ зарцуулж байгааг ажиглан тогтоож болох юм.
ES: Монголд яг одоо бий болоосой гэж хүсэж байгаа, цаашид бүтээхийг зорьж буй зүйл юу вэ?
Хүн өөрийнхөө гаргасан шийдвэрийг зөвтгөх мянга мянган шалтгаан байдаг. Түүнийгээ хэрэгжүүлэх боломж ч хаа сайгүй байна. Сайхан амьдаръя гэвэл сайн орлоготой, сайн орлоготой байхын тулд аль болох цөөн хүн хийж чаддаг, үнэ цэнтэй ажилтай байх хэрэгтэй. Мэдээллийн технологийн салбарт ажилладгийн хувьд би үргэлж л хийж бүтээх, шинэ технологийн шийдлүүдийг эрэлхийлж, хайж байдаг. Мэдээллийн технологийн компани, тэр дундаа Ай Ти Зон компанийн хувьд ямар ч шинэ зүйлийг бүтээж чадахуйц итгэл үнэмшилтэй залуучуудаар дүүрэн байдаг, байнгын шинэ технологи, бүтээл үйлдвэрлэх чөлөөт урлан шиг газар.
Инженер гэлтгүй аливаа зүйлд мэргэшнэ гэдэг их үнэ цэнэтэй зүйл юм. Одоогийн нийгмийн нэг сайхан зүйл нь интернэтээр бүх зүйлийг сурч, мэдэх бүрэн боломжтой байна. Үзэл бодол, ойлголт гэдэг зүйл бидний уншиж, үзэж харсан зүйлийн хүрээнд л эргэлддэг. Тиймээс аль болох өөрийгөө хүндэлж, дотоод өөрийн зарчимдаа үнэнч байх нь зөв болов уу.
ES: Баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье