Цахим бизнесийн модель бүтээх нь

February 13, 2017

Digital Business Model

Өөрчлөлт бол цорын ганц тогтмол утга” гэсэн үг байдаг. Хэрэглэгчид өдөр ирэх тусам илүү ухаалаг болж, олон танигдаагүй хэрэгцээг байгууллагуудаас асууж эхлэх нь магадгүй компани өөрчлөгдөх шаардлагатайг харуулдаг. Хэрэглэгчид өөрт нь ямар нэгэн үнэ цэнэ өгөх зүйлд мөнгө төлөх нь мэдээж. Цахим шилжилт өрнөж, бизнесийн салбар хурдтай хувирч буй үед аливаа байгууллага бизнесийн моделио өөрчлөх нь өрсөлдөөнд ялах нэг хөшүүрэг юм.

ЦАХИМ ШИЛЖИЛТ ТҮРЭН ОРЖ ИРСЭН НЬ

“Цахимчлал” буюу Digitalization нь бизнесийн маш олон төрлийн шугам, салбаруудад сүлбэн орж ирж буй маш өргөн цар хүрээний үнэ цэнэ, шинэ бүтээлийг бий болгох хувьсал. Нэг үгээр хэлбэл бүх салбар, бүтээгдэхүүн үйлчилгээ хоорондоо холбогдож, нэгтгэгдэж, шинэ төрлийн “зүйлүүд” бий болж байна.Ганц бизнест бус хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хэрэглэгчдийн хүлээлт, соёлын өөрчлөлт, хувь хүний чадвар, чадамжийг мөн тэр чигт нь өөрчилсөн.

“Цахимчлал” нь бидний ирээдүйг тодорхойлох, нийгмийн чиг хандлагыг өөрчлөх ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН үндсэн суурь болж байна. (World Economic Forum, 2016)

Цахим эринд AI, Sensors, VR, AR, Drone, 3D printing, IoT, Blockchain & Cryptocurrencies, Robotics зэрэг технологиуд ирээдүйн шинэ бизнес моделиудыг бүтээлцэж байна. Технологийн судалгаа, хөгжлийг тодорхойлогч Гартнер компани 51 оронд CEO болон IT хэлтсийн удирдлагуудын дунд явуулсан судалгаанаас харахад 45% нь цахим орчноос орох орлогыг хамгийн чухалд үзэж байна. Түүнчлэн Цахим орчноос хамгийн их орлогоо олдог компаниудад шинжилгээ хийхэд тэдгээр компаниуд салбарынхаа дундаж өсөлтөөс 1.5%-р хурдацтай, маш бага зардлаар илүү бүтээмжтэй ажилладаг байна.

"Тоглоомын дүрэм өөрчлөгдсөн болохоос тоглоом дуусах болоогүй" гэдэг шиг цахим хувьсалд түүчээлсэн цахим байгууллага болно гэдэг нь зөвхөн шинэ техник технологийг ашигласнаар бий болдог зүйл биш. Үүний тулд байгууллагын бизнес модель, менежмент, стратегидаа өөрчлөлт оруулж, байгууллагын соёл, хэрэглэгчиддээ хүртэл түүнийг шингээх шаардлага гарч байна.

Цахим байгууллага болохын тулд өөрчлөх ёстой 3 гол бүрэлдэхүүн:

  • ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ
  • ЦАХИМ УР ЧАДВАР
  • ХЭМЖИГДЭХҮҮН

ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ

Бизнес модель гэдэг нь бизнес болон түүнийг хэрэгжүүлэх процессыг харуулдаг тухайн компанийн гол логик, концепц, зорилго зорилтын харилцаа хамаарал нэгдлийг харуулах хэрэгсэл юм. Энэ нь хэрэглэгчдэд ямар үнэ цэнийг, хэрхэн хүргэж, ямар санхүүгийн үр дагаварт хүрэхийг нь нарийн харж болдог зураглал. (Osterwalder, Pigneur, & Tucci, 2005) Компаниуд цахим бизнесийн модель, хамтын ажиллагаа руу орохын тулд суурь зарчмаасаа солигдож байж цаашид хөгжих боломжтой. Уламжлалт бизнес модельд нэг бол өөрсдөө бүтээх, нөгөө бол бусдаас бэлэн зүйл худалдан авах шаардлагатай байсан. Харин цахим бизнес моделийг хэрэгжүүлэхийн тулд уламжлалтаас нэг өөр зүйл нь өөрсдөө бүтээж, худалдаж авч, хамтарч, хөрөнгө оруулалт хийж, хурдасгаж, шинэчлэх зэргээр хослуулан удирдах шаардлагатай байна.

ӨГӨГДӨЛ БОЛОН ТЕХНОЛОГИ ДЭЭР СУУРИЛСАН ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛЬ БҮТЭЭХ НЬ

Зах зээл болон машин, системээс ирж буй өгөгдөл бүр маш үнэ цэнэтэй байдаг. Тэдгээр өгөгдөл дээр тулгуурлан Real Time буюу бодит, ирээдүйн ухаалаг шийдвэр гаргалтуудыг хийж болно. Deloitte болон OpenMatters-ийн судалгаанаас харахад хөрөнгө оруулагчид өнөөгийн технологийг эзэмшдэг бизнесийн модельтой компаниудыг илүү үнэ цэнэтэй болгож, биет бус хөрөнгө (оюуны өмч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олонд борлуулах боломжийг олгодог болсон байна.

Уламжлалт бизнес моделийн гол бүрэлдэхүүн: Орлого= Үнэ* Хэмжээ гэсэн үзүүлэлтийг анхаардаг байсан. Өгөгдөл болон технологи дээр суурилсан бизнес моделийн гол бүрэлдэхүүн: Сүлжээнд холбогдсон (ихэвчлэн Интернет зүйлсээр дамждаг), олон нийтээс санхүүжилт авдаг, үйлчилгээ, цахим худалдаа гэх мэт хосолмол үйлчилгээнд тулгуурласан байдаг.

Нэг жилийн дотор 1 тэрбум долларын орлоготой болтлоо огцом өссөн компаниудын бизнес моделийг харвал тэд ихэвчлэн платформ дээр суурилсан E-commerce тулгуурласан бизнес эрхэлж байна.

Уламжлалтаас ялгарах давуу тал:

Урт хугацааны үнэ цэнэ, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх тал дээр анхаардаг. Байгууллагын манлайлагч, удирдагчид стратегийн цар хүрээг илүү өргөнөөр харж, ямар сүлжээ, суваг, ямар төрлийн холбоо хамаарал бидний бизнесийн үнэ цэнийг бүтээж чадахыг тодорхойлж түүнийхээ хүрээнд ажилладаг.

ЦАХИМ ТАЛЕНТ БУЮУ ШИНЭ УР ЧАДВАРУУД

Цахим ур чадвартай гэж тодорхойлогдож буй ажилтнууд болон энгийн ажилтнуудын хоорондын зөрүү жил ирэх тусам улам их болж байна. Цахим ур чадварыг бүтээхийн тулд гадны болон дотоод эх сурвалжаас байнга эрэлхийлж байх нь зүйтэй.

  • Дотоодын хамгийн боломжит ажилтнуудыг цахим ур чадвар эзэмшүүлж, өөрсдийн дотоод хүсэл зоригийг нь компанийн цахим бизнес модель, түүний зорилготой уялдуулах.
  • Нөгөө талаас өөрийн байгууллагаа ажилтнуудын цахим ур чадвараа бүрэн гаргах зөв талбар гэсэн сэтгэлгээг түгээх.
  • Удирдлага бус ажилтнуудын дотоод зарчим, үнэт зүйлтэй нь ярилцаж, тэдний цахим ур чадвартай, шинэ эринийг бүтээгчид гэж итгүүлэх.
  • Тэдний суралцах, турших, хариуцлага хүлээх, бүтээх гэсэн сэдлийг дэмжих.
  • Ажиллах орчин нь цахим ур чадвартай ажилтнуудад яг тохирсон байх.
  • Бодлогоороо мэдлэгээ хуваалцах, хамтран ажиллах хэрэгслүүдийг дэмждэг байх.

ЦАХИМ БИЗНЕС МОДЕЛИЙН АМЖИЛТЫГ ХЭМЖИХ НЬ

Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй гэдэг. Хамгийн энгийнээр цахим бизнесийн моделиор бүтэж буй танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчид хүсдэг гэдгийг батлах баталгаа нь хэмжигдэхүүн юм. General Atlantic, DFJ, Monashees Horowitz гэх мэт салбартаа тэргүүлэгч байгууллагууд дараах цахим бизнесийн моделио дараах байдлаар хэмждэг байна. Компанийн нэг хэрэглэгчээс орж ирэх үнэ цэнэ, тэдэнд гаргасан зардлаас их байх үед Цахим бизнесийн модель тань зөв ажиллаж байна гэж ойлгож болох юм. Тэгэхээр хэрэглэгч тус бүрийнхээ зардал, үнэ цэнийг байнга хэмжиж байх нь байгууллагыг чигээ алдалгүй урагшлах чиглүүлэгч болдог. Unit economics буюу Нэг хэрэглэгчийн үнэ цэнийг хэмжих:

  • Нэг үйлчлүүлэгчийг олох зардал (CAC)=(Маркетинг зардал + Борлуулалтын зардал)/Шинэ хэрэглэгчийн тоо
  • Нэг хэрэглэгчийн нийт үнэ цэнэ (LTV)= Тухайн хэрэглэгчийн нэг сард оруулах дундаж орлого * Нийт манай хэрэглэгч байх хугацаа
  • Нэг хэрэглэгчийн зардал, үнэ цэнийн харьцаа= LTV/CAC

Эх сурвалж: World Economic Forum, 2016