September 26, 2016
Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна, бид мэдлэг суурьт бизнесийн орчинд өрсөлдөж байна. Ямар ч бизнесийн байгууллага, хувь хүмүүс мэдээлэлжсэн нийгмийн идэвхитэй оролцогчид, хэрэглэгчид нь болжээ. Энэхүү мэдээллийн их далайд танай бизнес хэрхэн амжилттай хөгжин дэвшиж явах, өрсөлдөгчөөсөө хэрхэн ялгарах, зах зээлийн манлайлагч байх амжилтын тань хурдасгах хүч нь нь Ай Ти Зон компани байх болно.
20-р зууныг бизнесийнхэн аж үйлдвэрлэл, нөөц баялагт суурилсан эдийн засгийнх гэдэг бол шинжлэх ухааны салбарынхан сансар судлал, шинэ нээлтүүдээрээ нэрлэдэг. Харин 21-р зууныг хүн төрөлхтөн нэгэн дуугаар мэдээллийн эрин зуун болно гэж төсөөлцгөөж байна. Хоёр зууны зааг дээр бүх дэлхийг хэрэн сүлжсэн интернэтийн сүлжээ ид хүчээ авч утсан холбоогоор л харилцдаг байсан хүмүүс сошиал сүлжээ, ай-пи холбоо, мессенжер гэх мэт интернэтэд суурилсан нэжгээд сувгаар өөр хоорондоо холбогдоцгоон мэдээллийн асар том баазыг бий болгож байна.
Компанийн засаглал, удирдлага менежмент, шийдвэр гаргах процессууд төрөл бүрийн анализ бүхий мэдээлэл дээр суурилж, цаг тухайд нь хурдан шуурхай, орон зайнаас үл хамааран солилцох боломжтой технологиуд бий болжээ.
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг урьдаас өөрсдөөс нь асууж тодорхойлдог байсан бол өдгөө байршилд суурилсан технологи, хэрэглэгчдийн хэрэглээний олонлог, давтамжийн тайлан, хандалт, коммент гэх мэт интерактив төрөл бүрийн мэдээлэлд анализ хийн гаргадаг болж, тэдгээртэй цаашид хэрхэн харилцах стратегийг ч мөн дээрхи мэдээллүүд дээр үндэслэн тодорхойлдог болоод байна. Цаашид IoT буюу ажилладаг бүх зүйлс интернэтэд гэсэн ойлголт бий болж тэдгээрээс ирсэн үй түмэн мэдээллүүдийн уялдаа холбоог ашиглан дэлхийн дулааралтай тэмцэх, эдийн засгийн үр өгөөж дээшлүүлж зардлыг бууруулах, хэмнэлттэй ухаалаг хэрэглээг бий болгох бүхэл бүтэн эко орчныг бүрдүүлсээр байна. Эдгээр мэдээллүүдийг бүрэлдүүлэгч, сүлжээний дэд бүтэц орчингоор нь хангагч, эцсийн хэрэглэгчдэд хүргэгч, боловсруулан тайлагнагч нь Мэдээлэл Холбооны Технологийн салбар бөгөөд Монгол улсад шинэ үеийн салбар болон эрчимтэй хөгжиж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг тайланд дэлхийн нийт улсуудын хөгжлийн түвшнийг Нөхцөл шалтгаанд суурилсан, Бүтээмжит, Инновацид суурилсан гэж 3 хуваан авч үздэг. Одоогийн байдлаар Монгол улс Нөхцөл шалтгаанд суурилсан эдийн засгаас Бүтээмжит руу шилжиж буй шилжилтийн үед явж байгаа гэж үнэлэгдсэн ба ирээдүйд Инновацид суурилсан буюу Мэдлэгт суурилсан эдийн засгийн чиглэл рүү эрчимтэй хөгжлийн замаа чиглүүлэн хөгжих бизээ. Энэхүү мэдлэгт суурилсан эдийн засгийн томоохон салбаруудын нэг нь Мэдээллийн технологийн салбар бөгөөд энэ салбарыг өндөр хөгжүүлэн дэлхийн тавцанд тэргүүлж буй АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайван гэх мэт орнуудын тэргүүн туршлагуудыг бид бэлхнээ мэднэ.
Монгол улсын хувьд ерөнхий болон дээд боловсролын түвшин харьцангуй боломжийн, оюуны өндөр чадавхи, авхаалж самбаа сайн гэх мэт олон давуу талууд байдаг бөгөөд оюуны хөдөлмөрөөр буй болдог Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, улмаар дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлдөх бүрэн боломжтой гэж бид үздэг юм.
Тиймдээ ч Ай-Ти-Зон компани 1997 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэхүү мэдлэгт суурилсан бизнесээ амжилттай хөгжүүлсээр 19 жилийнхээ түүхийг бүтээн цаашид улам их урам зоригтой, ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн ажилласаар байна. Монгол инженерүүдийн ур ухаан, туршлагаар бүтээгдсэн Бизнесийн бүхий л байгууллагуудын өдөр тутмын хэрэглээ болох Green ERP, MogulBOX, CompassMate, NetEMS зэрэг системүүд нь үндэсний хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй цаашид гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулах том боломжийг бидэнд нээн харуулаад байгаа юм.
Өдгөө Монгол улс 100 хэрэглэгч тутамд 110 гар утасны хэрэглээтэй, УБ хотын нийт өрхийн 75% нь компьютертэй, тэдгээрийн 65% нь интернэтэд холбогдсон Азийн улсууд дотор мэдээлэл технологийн тэргүүлэх зэрэглэлийн хэрэглээтэй улс болжээ. Холбоо, мэдээлэл, телевизийн гурвалсан үйлчилгээг азидаа анхлан нэвтрүүлсэн цөөхөн орнуудын нэг бөгөөд 21 аймаг, сум суурийн газруудынхаа 90 гаруй хувийг шилэн кабелиар холбон өндөр хурдны интернэт дамжуулсан дэд бүтцийн чамлахааргүй сайн чадавхитай улс болоод байна. Зайн эмчилгээ, оношлогоо, сургалт, засгийн газрын электрон лавлах машин, иргэн, аж ахуйн нэгж, эд хөрөнгийн бүртгэл, татвар, даатгалын цахим системүүдээр бүхий л төрлийн мэдээллүүд цахимжсанаар нийгмийн ил тод байдал сайжран, төрөөс иргэдэд үйлчлэх үйлчилгээ хурдан шуурхай болохоос гадна хамгийн чухал нь мэдээллийн аюулгүй, найдвартай байдал хангагдаж байна. Амьдралын чанар жилээс жилд дээшилсээр байна, нийгмийн бухимдал өдрөөс өдөрт багасаж байгаагийн цаана Мэдээлэл холбооны технологийн хэрэглээ нийгэм, эдийн засгийн амьдралд идэвхитэй нэвтэрч буйтай холбоотой. Гар утаснаасаа бүх төрлийн гүйлгээг хийдэг болсон нь банкинд урт дараалалд зогсон цаг заваа барах асуудлыг шийдвэрлэсэн ба та хаана ч явсан ТВ-ийн нэвтрүүлэг хөтөлбөрийг үзэн электрон шуудангаар ажлаа амжуулах боломжтой болжээ.
Энэ бүхний цаана мэдээлэл холбооны технологийн салбарынхны нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл орж байдаг бөгөөд энэхүү салбарт маань цаашид хийх олон ажил хүлээгдсээр байна.
Мэдээллийн ил тод байдлын хууль, Өгөгдөл нууцлалын аюулгүй байдлын хууль, Бэлэн бус төлбөр тооцооны тухай хууль гэх мэт шинэ тутам эрчимтэй нэмэгдэж буй хэрэглээний эрх зүйн байдлын хууль, зохицуулалтууд шаардлагатай байгаа бөгөөд хамгийн гол нь мэдээллийн аюулгүй байдал, хувь хүний мэдээллийн нууцлалын асуудлыг нэн тэргүүний асуудал болгон ажиллах хэрэгтэй байна. Мэдээллийн технологи таны өдөр тутмын амьдралд хэрэглэгдсээр ирсэн цаашид ч улам бүр амьдралын салшгүй нэгэн хэсэг болон хөгжсөөр байх болно бизээ!
Ай Ти Зон компани таны болон танай байгууллагын амжилтыг хурдасгахын тулд өөрсдөө өндөр бүтээмжтэй, өндөр мэргэшлийн, итгэл найдвартай байх хэрэгтэй юм. Компанийн бизнесийн амжилтын үндэс нь чадварлаг, өндөр мэргэшлийн, сэтгэл ханамжтай ажилтнууд бөгөөд нийт ажилтнууд руугаа чиглэсэн PeopleZone, miniMBA, Certified Sales Expert сургалт зэрэг хүнийн нөөцийн олон талт ажлуудыг хэрэгжүүлдэг. Мөн түүнчлэн 2013 онд Монгол улсад хувийн хэвшлийн компаниудаас хуучин ажиллаж байсан менежментийн багт нь хувьчилсан анхны компани нь Ай Ти Зон болсон бөгөөд энэхүү хувьчлалын дараа менежментийн баг болон удаан жил ажилласан ажилчид нь компанийнхаа хувьцаа эзэмшигч, эзэд нь болцгоосон нь бизнесийн салбарт ховорхон байдаг бүтэц зохион байгуулалтын ажил болсон юм.
Ингэснээрээ ч компанийн ажилчдын сэтгэл ханамж өндөр, ажилдаа хандах хандлага, инновацилаг байдал ямагт шинэлэг, бүтээмжлэг байдаг болж хэрэглэгчдийн бидэнд өгсөн итгэлийг даан хичээн ажилладаг юм.
Бид бизнесийн байгууллагуудын зохион байгуулалт, үйл ажиллагааг автоматжуулах чиглэлээр хамгийн сүүлийн үеийн процесс, технологид суурилсан Green ERP цогц системийг зохион бүтээн, туршин нэвтрүүлсээр байна. Үүнд: Green HRM, Green CRM, Green SCM гэх мэт цогцоор нь болон тус тусад нь ашиглаад явж болохоор системүүд нь тухайн байгууллагад шийдэгдээгүй олон олон асуудлуудыг шийдэн үйл ажиллагааг нь хөнгөвчлөн, үргүй зардлыг бууруулан эцсийн дүндээ бүтээмж, цаг хугацааг хэмнэсээр байна. Байгууллагуудын интернэт гарцаас авахуулаад дотоод сүлжээ, утсан холбоо, аюулгүй байдал, электрон шуудан, бизнес автоматжуулалтын цогц програм хангамж, компьютер тоног төхөөрөмжүүдийг нь угсарч суурилуулах, борлуулалтын дараах үйлчилгээтэй нь хүргэснээр Мэдээллийн технологийн бүхий л асуудлуудыг нэг дор шийдэн, Proactive Managed Service-ээр ханган тухайн байгууллагын үндсэн бизнестээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны дараалал, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, төрөл бүрийн шийдвэр гаргах процессыг хурдасган бүтээмжийг нь дээшлүүлж байна. Улмаар компанийн өрсөлдөх чадвар нэмэгдэж цаашид өргөжин дэвших боломжууд нээгдэн амжилтад хүрэх бөгөөд энэхүү амжилтыг нь улам бүр хурдасгах боломжийг Ай Ти Зончууд бид эрэлхийлэн ажилласаар байна.
Урианхан овогт Норолхоожавын Баттулга.
2016 оны 09 сарын 25
Монгол улс.