Хөгжлийн гарц, тэсрэлтийн цэг

June 06, 2017

Монгол улс ардчилсан чөлөөт зах зээл, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжээд даруй 27 жилийг ардаа орхижээ. Бараг л 30 жилийн энэ цаг хугацаа богино мэт боловч асар хурдацтай хөгжиж буй орчин цагт хөгжлийн шинэ шатанд гарах хангалттай хугацаа юм. Энэ хугацаанд бидний амьдралд асар олон өөрчлөлт хувьсал буй болсон бөгөөд ялангуяа улс төр, хүний эрх, чөлөөт ардчилал, нийгмийн харилцааны хувьд зарчмын том шинэчлэл өөрчлөлт, дэвшилтэд хүрээд байна. Харамсалтай нь эдийн засаг, ард иргэдийн амьжиргаа, чанартай бодит хөгжлийн тал дээр хангалттай хэмжээний дэвшил гараагүй л байна. Хүн амын дундаж давхарга, улсын дундаж цалингийн хэмжээ дэлхийн дунджаас доогуур хэвээр, цөөн тооны хөрөнгөтэй хэсгийг эс тооцвол нийт эдийн засгийн бүтэц, хүн амын хөгжлийн индекс олон үзүүлэлтээр хойгуур байр эзэлж байгааг Дэлхийн эдийн засгийн форум, Ай М Ди Институтийн өрсөлдөх чадварын индекс болон бусад судалгааны байгууллагуудын дүгнэлтүүдээс харж болно.

 

Өнөөдөр дэлхийн улсуудын хөгжлийг эдийн засаг, боловсрол, улс төрийн тогтвортой байдал, инновацийн түвшингүүдээр илэрхийлж байна. Монгол улс үнэндээ хэрэглээний эдийн засагтай, буурай хөгжилтэй улсуудын нэг хэвээр байна. Зарим нэгэн улс төрчдийн нүдэнд магадгүй хөгжөөд байгаа мэт харагдаж байж мэдэх ч үнэндээ тийм биш гэдэгтэй олон залуус санал нэгдэх бизээ.  Улсын хөгжлийг дээр хэлсэнчлэн тухайн улсын иргэдийн боловсролын түвшин, нэмүү өртөг буюу оюуны үнэ цэнэ бүхий бусадтай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бүтээж дэлхийн зах зээл дээр өрсөлдөх, үндэсний хүнсний болон хэрэглээний үйлдвэрлэлийг дотооддоо үйлдвэрлэн хангадаг байх, нийгмийн дундаж давхаргын орлого дэлхийн дундажтай ижил эсвэл түүнээс дээгүүр байх зэргээр хэмждэг.

Дээр нь мэдээж тухайн улсын улс төрийн тогтвортой байдал, гадаад харилцаа, хүний эрх, хүнлэг ардчилсан нийгмийн үндсэн дагаж мөрдөх зарчмуудыг хэрхэн тогтоож байгаагаар тодорхойлдог.

Бидэнд богино хугацаанд хангалттай хурдан хөгжих бололцоо бүрэн байгаа боловч үүнийгээ засаг төр барьж буй эрх баригчид, бизнесүүд хангалттай сайн ашиглаж чадахгүй байна. Бид 3 саяуулаа цөөхөн байгаа нь заримдаа сул тал болдог ч давуу талыг бий болгох хангалттай шалтгаан бас байдаг. Жишээ нь: Бид аливаа өөрчлөлт шинэчлэлтэд маш хурдан дасан зохицох чадвартай ард түмэн. Үүнийг олон талаар ашиглаж болно. Өнгөрсөн хугацаанд өөр бусад улс орнуудад тэр болгон хэрэгжүүлээгүй маш олон улс төрийн болон эдийн засгийн арга хэмжээнүүдийг манайхан өөрсөд дээрээ аль хэдийнээ туршчихсан байдаг. Аливаа шинэ техник, технологийг хамгийн хурдан авч нэвтрүүлэн хэрэглэж чаддаг, интеграцид хамгийн идэвхитэй оролцдог гэсэн үг.  Ази, Европын яг голд  байдаг тул аль ч зах зээл руу хурдтай нэвтрэх боломжтойгоороо онцлог давуу талтай. Далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг гэж өөдрөг бусаар ярьдаг ч яг үнэндээ дэлхий дээрх хоёр агуу их гүрэн, зах зээлүүдтэй хамгийн өргөн хилээр хиллэж хамтран ажиллах боломжтой байдаг. 

Уудам газар нутаг, баялаг түүх, үлэмж их уламжлал, нүүдэлчин соёл нь цөөхөн Монголчуудыг хайрцагнаас гадуур сэтгэгч, ахуйтайгаа биш байгаль дэлхийтэйгээ олон сэжмээр холбогдон өргөн цар хүрээнд бодож сэтгэх чадварыг олгосон гэлтэй байдаг. Мэдээж Их эзэн Чингис хааны маань бидэнд өвлөж үлдээсэн эх сайхан нутаг, энгүй баян байгалийн баялаг бол биднийг цаг нь ирэхэд дахин босож ирэхдээ ашиглаарай гэсэн мэт оршдог. 

21-р зуунд залуус бид өөрсдийн сэрэхүй, мэдрэмж, сэтгэл зүрх, хүч чадлаа гаргах цаг нь нэгэнт иржээ.Бидэнд энэхүү зурвас момент, эгзэгтэй цаг мөчийг ашиглах алтан боломж байна гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Эс ашиглаж чадах бөгөөс дахин нэгэн жаранд бусдын гарыг харж, бусдын хийснийг шүтэн биширч, байгаа авьяас билэгтнүүдээ харь улсад алдсаар л байх болно.

Ардчилсан хувьсгалаас хойш төрсөн олон залуус дэлхийн өнцөг булан бүрт өндөр боловсрол, соёл,  хүмүүжил эзэмшин эх орондоо ажиллаж амьдрахыг хүсэж байна. Тэд нэгэнтээ өөрсдийн авьяас билэг, хүч чадлаа Монгол улсынхаа төлөө зарцуулахад бэлэн болцгоожээ.  Монгол хүн Монгол үндэстэнг түүхийн хуудаснаас биш тухайн цаг мөчид шагшин ярилцдаг байх бүрэн боломжтой байгааг харуулах цаг тулаад байна.

Яг өдгөө цаг дор эдийн засгийн нэгэн шинэ давалгаа буюу хиперинтеллиженси эдийн засгийн хөгжил шинээр явагдаж буй бөгөөд бид энэхүү давалгааны эхэнд бусадтай зэрэгцэн өрсөлдөөнд орох боломж харагдаж байна. Энэхүү эдийн засгийн үндсэн суурь нь мэдээлэл, технологи, хүн гэсэн үндсэн 3 хэсэгт хуваагдаж буй бөгөөд

Монголчууд бидний хувьд барьж аваад хийхэд бүрэн чадах, улмаар дэлхийн зах зээл дээр нэгэн зэрэг өрсөлдөөд явахад нэн тааламжтай цаг үе ирээд байгаа юм.

Эдгээр нь өмнөх хөгжлийн үеийн технократ сууриас илүү их боломжийг бусдад олгож буйгаараа давуу талтай бөгөөд энэхүү боломжийг бүхий л улс, эдийн засгууд ашиглах боломжтой. Бид түүхий эдийн ханган нийлүүлэгч гэхээсээ илүү мэдлэгт суурилсан ноу хау, оюуны их боломжоо ашиглан энэхүү оюунд суурилсан шинэ эдийн засгийн хөгжлийн интеграцид орох боломж харагдаж байна. Мөн түүнчлэн дээр дурьдсан бидний микро давуу талууд буюу agile менежментийн арга барил нь бидэнд энэхүү боломжийг соргогоор ашиглан өрсөлдөх боломжтойг давхар илэрхийлж байдаг юм.

Үүний тулд бид юуг хийх вэ? Ямар боломж байна вэ?

Санал болгож буй доорх саналууд маань төр засгаас аль болох хараат бус байдлаар хийж болох ажлууд бөгөөд хэрвээ засаг төрөөс бодлоготойгоор хамтраад, дэмжээд явбал үүнээс хамаагүй олон арга зам, хөгжлийн гарцууд байх нь ойлгомжтой! Гэвч дэлхийн хөгжил урагшилдгаараа л урагшлах тул нөхцөл байдлыг хүлээх шаардлагагүйгээр залуус өөрсдөө санаачлан цаг алдалгүй ажлаа эхлүүлэх нь зүйтэй болов уу. Үүнд:

  • 1-рт: Нэгэнт дотоодын зах зээлдээ хөлөө олсон компаниудын хувьд нэн тэргүүний гадаад зах зээлд гарах дараагийн шатны стратегийг боловсруулан бүхий л боломжит оролдлогуудыг өөрсдийн нөөц бололцоо дээрээ тулгуурлан хийж эхлэх. Ялангуяа Банк санхүү, уул уурхай, мэдээллийн технологи, барилга, архитектур, ерөнхий маркетинг, менежментийн чиглэлээр амжилт олох магадлал тун өндөр харагдаж байна. Хэрэвзээ гадаад зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж эхэлбэл танай компани хөгжлийн бас нэгэн түвшинд хүрч, дотоодын өрсөлдөх чадвар ч даган нэмэгдэх болно
  • 2-рт: Инноваци, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх чиглэлд аль болох түлхүү цаг болон хөрөнгө оруулалтаа чиглүүлэн ажиллах. Өнөөгийн зах зээл, эдийн засаг нь хөрөнгө мөнгө, нөөцөөр биш хэний ч эхлээгүй зүйлийг түрүүлэн хийсэн үнэ цэнээр тодорхойлогдож байна
  • 3-рт: Хүндээ хөрөнгө оруулалт хийх. Авьяастнуудыг илрүүлэн, аль болох тэдэнд боломжийг олгох. Дээрх баялгийг хүн л бүтээдэг тул тэдгээрийн мэдлэг ур чадварыг сайтар зохион байгуулж, тасралтгүй хөгжүүлж байх нь чухал юм. Боломжит хэмжээний ажиллах нөхцөл, цалин хангамж, сургалт судалгааны талаар бүхий л талаар дэмжиж байх
  • 4-рт: Шинэ тутам гарч ирж буй (Start up business) –үүдтэй нягт уялдаатай ажиллаж, тэдгээрийг хөхиүлэн дэмжих, шаардлагатай тохиолдолд хамтран ажиллаж инноваци, шинэ бизнес загваруудыг цаг хугацаатай уралдан зах зээлд нэвтрүүлж байх
  • 5-рт: Нэгэнт амжилттай баялаг бүтээсэн бол эргүүлээд түүнийгээ боловсролд харамгүй зарцуулж, ирээдүйгээ өнөөдрөөс сайтар бэлтгэж залуу халаа, ирээдүйн боловсон хүчнүүдийг тасралтгүй хангах бололцоогоор хангах

Дээр дурьдаагүй олон арга зам байх нь мэдээж бөгөөд энэхүү санаагаараа Монгол улс маань цаашид дэлхийн тавцанд ямар чиг баримжаатайгаар хөгжих, хаана хүрэх ерөнхий байр суурийг гаргахад бага ч гэсэн нэмэр болно гэж найдаж байна. Бүхэлд нь базаад хэлбэл өдгөө бид хөгжлийн нэгэн их тэсрэлтийн цаг үе дор амьдарч буй бөгөөд энэхүү алтан боломжийг алдалгүй хичээн зүтгэн ажиллаваас ард хоцроод буй дэлхийн хөгжлийн цулбуураас атгах боломж нэгэнт буйг зориглон бичиглэсэн болой.

Урианхан овогт Норолхоожавын Баттулга.

2017 оны 06 сарын 5

Сингапур улс.

 

Н.Баттулга

Ай Ти Зон компанид Засварын инженерээр анх ажилд орсон ба тус компанид 24 дэх жилдээ ажиллаж, өдгөө ТУЗ-ийн даргын алба хашиж буй туршлагатай удирдагч.