May 28, 2019
“Тоон эдийн засаг” хэмээх ойлголт нь харьцангуй шинэ бөгөөд чухал үзэгдлийг илэрхийлэх боллоо. Ялангуяа өмнөдийн орон (Сингапур, Өмнөд Солонгос, Хятад, Тайван гэх мэт)-уудад “Тоон эдийн засаг”-ийн хөгжил эрчимтэй өрнөж, жилийн өсөлт хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэж байна. Уг үзэгдлийн өдөөгч шалтгаан нь улс төр, нийгэм, эдийн засгаас гадна, 1990-ээд оны интернэтийн үүсэл, 2000 болон 2010 –аад онуудад гарсан мэдээллийн технологийн үсрэнгүй дэвшлүүд юм. Энэхүү шилжилт нь эдийн засгийн шинэ процесс, систем, секторыг бий болгож буйг Uber (дэлхийд хамгийн том таксины оператор), Facebook (дэлхийд хамгийн их алдартай сурталчилгаа мэдээллийн компани), Alibaba (дэлхийн томоохон худалдааны компани) болон Airbnb (дэлхийн хамгийн том түрээсийн үйлчилгээ эрхлэгч компани) зэргээс харж болно.
Тоон эдийн засаг хөгжиж буй орнуудын хувьд эдийн засаг, улс төрийн бодлогоо технологийн инновацтай огтлолцуулснаар өрсөлдөөний давуу ялгарлаа илүүтэй тодруулсан хандлага байна. Ингэхдээ тоон эдийн засгийн хөгжлийн стратеги нь хувийн хэвшлийнхний гараар бүтээгдэж буй бөгөөд төр засгийн үүрэг бол уг өсөлтийг чиглүүлэх, боловсон хүчнээр хангах, иргэний болон академик нийгэмлэг нь тоон эдийн засгийн өсөлтийг судлан шинжлэхэд оршиж байна.
Энэхүү нийтлэлд тоон эдийн засгийн сэдвээр хийгдсэн дэлхийн түвшний судалгааг тоймлон хүргэхээр бэлтгэлээ.
“Тоон эдийн засаг” хэмээх ойлголт 1990-ээд оны сүүлчээр шинжлэх ухаанд ашиглагдаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд судлаачид янз бүрийн өнцгөөс тодорхойлох оролдлогууд хийгдсэнийг хүснэгтээр харуулав.
Дээрх тодорхойлолтуудаас харахад “Тоон эдийн засаг”-г тодорхойлж байгаа хэлбэр нь тухайн үеийн технологийн дэвшил, цар хүрээгээр илэрхийлэгдэж байна. Тарscott 1996-н тодорхойлолтоос харвал, тухайн үеийн технологийн дэвшил нь интернэт байсныг, мөн хамгийн сүүлд гарсан тодорхойлолтыг авч үзвэл ухаалаг утас болон дата мэдээлэл, үүлэн технологид суурилсан байгааг харж болно.
Тоон эдийн засгийн үндэс нь “тоон сектор”; мэдээллийн хүрээний (мэдээллийн холбооны технологи) газрууд орох ба тэдгээр нь тоон бүтээгдэхүүн болон үйлчилгээг үзүүлдэг. Тоон эдийн засаг нь эдийн засгийн нэг хэсэг бөгөөд тэр нь ихэвчлэн тоон бүтээгдэхүүн, тоон үйлчилгээнд бизнес загвар нь үндэслэсэн компаниудаас бүрдэх ба тэдгээр нь эдийн засгийн тоон секторыг буй болгож байна.
Одоогоор хэрэгжээгүй байгаа шинэ бизнес загвар “Аж үйлдвэр 4.0”(зураг 1)- ийг бас дурдъя.
Уг загварын жишээ бол бодит байдал, төсөөллийн огтлолцол дээр үүсэж буй тоон эдийн засаг юм. Үүнийг эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч хэмээн үзэхийн зэрэгцээ бизнесийн бүхий л салбар, хөдөлмөрийн зах зээл, хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлөл үзүүлж эдийн засгийн мэдэгдэхүйц шилжилт хийнэ хэмээн үзэж байна.
Авч үзсэн бүх тодорхойлолт нь ямар нэгэн зэрэглэлээр тоон технологи, бидний нэршиж хэвшсэнээр “мэдээллийн технологи” буюу “мэдээлэл холбооны технологи” нь тоон эдийн засгийн суурь болохыг илтгэнэ.
1998 онд эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Мэдээлэл - холбооны технологийн сектор хэмээх тодорхойлолтыг гаргасан нь өнөөг хүртэл түгэн дэлгэрч үйлчилгээний хүрээ болон боловсруулах аж үйлдвэрийн салбаруудын мэдээлэл, өгөгдлийн цахим хэлбэрт илэрхийлэн дамжуулах үйл ажиллагааг илэрхийлэх болсон юм.
“Тоон эдийн засгийн хамгийн өргөн утгатай тодорхойлолт нь тоон технологи ашигладаг эдийн засгийн идэвхтэй бүх хэлбэрийг хамрах төлөвтэй юм.”
Уг асуудлыг бид гүнзгийрүүлэн авч үзэхээс зайлсхийж, энд тоон эдийн засгийн явцуу тодорхойлолтыг мэдээлэл холбооны технологийн эрчимтэй болон экстенсив хэрэглүүрт үндэслэн авч үзье. Мэдээлэл- холбооны технологийн эрчимтэй хэрэглээ гэдэгт эдийн засгийн оршин тогтнож буй үйл ажиллагааны хэлбэрийг төгөлдөржүүлэхийг ойлгох болно. Харин экстенсив хэрэглээ гэдэгт эдийн засгийн үйл ажиллагааны хэлбэрийн төрөл ангийг өргөтгөхийг ойлгож болно.
Товчхондоо, тоон эдийн засаг нь мэдээлэл-холбооны технологийн экстенсив хэрэглээний хэрэгжилт гэх ба уг технологийн төгөлдөршил хэмээн тодорхойлно.
Үүнд “тавцангийн” , “чөлөөт орлогын”, “хамтарсан хэрэглээний” зэрэг эдийн засгийн шинэ хэлбэр давхар агуулагдах юм. Жишээлбэл тавцангийн компаниуд болох Google, Facebook нь тоон сегментэд багтаж байгаа бол бодит таваар борлуулагч тавцангийн компаниуд Amazon, ebay, Alibaba ч дээрх тодорхойлолтод багтаж байна. Мөн хэвшмэл болон тоон эдийн засгийн уулзварт байгаа Uber, Airbnb-тэй төстэй компаниуд ч хамаарагдана.
Энэхүү тодорхойлолтыг товчлон мэдээллийн технологийн хүрээн дэх үйл ажиллагааны үндсэн хэлбэрийг дүрсэлбэл дараах байдлаар загварчлан буух юм.
Дээр дурдсан тоон эдийн засгийн түвшин нь эдийн засагт хэрхэн нөлөөлж, ямар шинэчлэл өгч байгааг аж үйлдвэр, хэрэглээний сегментээр жишээ авч үзье.
Аж үйлдвэрийн салбарт тоон технологи нь бизнес процессыг хувиргаж, өртгийн бүрдлийн бүхий л гинжний үр ашгийг дээшлүүлж, бизнесийн шинэ загвар, зах зээлийг буй болгож байна. Энэхүү тоон технологийн шинэчлэлийн эдийн засгийн үр ашгийн үнэлгээг хүснэгтээр харуулбал:
Дээрх хүснэгтээс харахад тоон технологийг аж үйлдвэрлэлд ашигласнаар үйлдвэрлэлийг чанарын шинэ түвшинд гаргах боломжтой нь гарч байна. Тэгвэл хэрэглээний сегментэд тоон технологи нэвтэрснээр өдөр тутмын олон үйлдлийн автоматжуулалт; хэрэглэгчдэд урьд өмнө нь хүртээмжгүй байсан боломжийг шинээр буй болгосноор амьдралын чанарыг сайжруулахад түлхэц өгч байгаа үнэлгээг хүснэгтэд харуулбал;
Уг хүснэгтээс харахад тоон технологийн эд хөгжил хэрэглээнд шинэчлэл хийж, амьдралын тохь тух хангах боломж өгч байна.
Тоон эдийн засгийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжүүд байхгүй боловч ажиглагдсан өгөгдлүүдэд үндэслэн зарим дүгнэлтүүдийг хийх боломжтой юм.
ТООН ЭДИЙН ЗАСАГ НЬ ТЭГШ БУС ТАРХАЛТТАЙ.
Тоон эдийн засаг нь дэлхийн умард болон өмнөд хэсгийн улс гүрнүүдэд жигд бус нөлөөтэй байгаа болно. Тухайлбал 2010 онд McKinsey-ны үнэлгээгээр хөгжилтэй орнуудын ДНБ-д “интернэт- эдийн засаг” 3,4% эзэлж байхад, “ирээдүйтэй орнуудад” 1.9% байсан. Эхний хэсэг нь нийт тоон эдийн засгийн 78%-ийг бүрдүүлж байхад хоёр дахь нь 22%-ийг эзэлж байна. Африкийн орнуудын ДНБ-д “интернэт-эдийн засаг” эзлэх хувь 1,1 байна. Нөгөөтээгүүр дэлхийн цахим худалдааны ¾-ийг Англи, АНУ, Япон, Хятад зэрэг улсууд бүрдүүлж байна. Дээрх ялгааг тодруулан улс орнуудаар авч үзсэнийг хүснэгтээр харуулбал:
ТООН ЭДИЙН ЗАСАГ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН НИЙТ ӨСӨЛТӨӨС ХУРДАЦТАЙ БАЙГАА БА ЯЛАНГУЯА ӨМНӨДИЙН ОРНУУДАД ЭРЧИМТЭЙ ЯВАГДАЖ БАЙНА.
Хөгжиж буй орнуудад тоон эдийн засгийн өсөлтийн хурдац эрчимжиж, жилд дунджаар 15-25%-д хүрч байна. Цахим худалдааны хамгийн их өсөлт өмнөдийн орнуудад оногдох ба ялангуяа шилжилтийн эдийн засагтай орнуудад хил орчмын харилцаа холбоог эрчимжүүлж байна. Өмнөдийн орнуудад өсөлтийн чиглэл нь дэлхийн дундаж үзүүлэлтээс өндөр бөгөөд цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Accenture-ийн шинжээчдийн прогнозоор “2020 он хүртэл дэлхийн тоон эдийн засаг жилийн өсөлт 5% байх” нь дэлхийн ДНБ-д 25% хүртэл ихэсгэх боломж олгох юм байна. Хөгжиж буй орнуудын өсөлтийн чадамж нь хоёр оронтой тоогоор гарч байна. Тухайлбал интернэтийн хөгжил 2025 онд Африкийн орнуудын эдийн засагт ДНБ-ний 10%-ийг эзлэх болно хэмээн үзэж байна.
Мэдээлэл холбооны сегментийг эдийн засгийн пирамидын суурь болгон хоёр дахин нэмэгдүүлбэл ирээдүйд ДНБ 6,3 тэр бум ам доллар хүртэл ихсэж, нэгэн арван жилд 77 сая ажлын байр буй болгох үнэлгээ гарч байна.
ТООН ЭДИЙН ЗАСАГ НЬ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙН ӨСӨЛТӨД МЭДЭГДЭХҮЙЦ ТҮЛХЭЦ ӨГНӨ.
Өнөөгийн байдлаар тоон эдийн засаг хөгжиж буй орнуудад мэдээлэл холбооны сегментэд ажиллаж буй хүчин нийт ажлын байрны 1% эзэлж байгаа бол умардын хөгжингүй эдийн засагт 4%, дэлхийн дундаж үзүүлэлт 2,5% байна. Энэ нь бүх ажиллах хүчний 3% орчмыг тоон эдийн засаг эзэлж байгаа болно.
Тухайлбал Филиппинд 2 сая орчим ажиллагсад тус салбарт (нийт ажиллагсдын 5%) хөдөлмөрлөж байгаагийн 50% нь дуудлага хийх төвүүдэд ажилладаг байна. Энэтхэг улсад 2014 оны байдлаар тоон эдийн засагт шууд 3 сая хүн ажилладгаас гадна 7-10 сая хүн шууд бусаар буюу мэдээллийн технологийн аутсорсинг хийх байдлаар ажиллаж байна.
2009-2011 онуудад тоожуулалт нь шилжилтийн эдийн засагтай орнуудад 17 сая ажлын байр буй болгосон үнэлгээ байдаг. McKinsey өгөгдлөөр “Хиймэл оюун ухаан, автоматжуулалтаас үүдэлтэйгээр дэлхийн хэмжээнд алга болсон нэг ажлын байрны оронд 3.1 ажлын байр буй болно” гэх таамаглал буй бөгөөд хөгжиж буй орнуудад 3.2 байхад зөвхөн хөгжилтэй орнуудад 1.2 шинэ ажлын байр буй болох төсөөлөл байна. Түүнчлэн тоон эдийн засгийн хөдөлмөрийн бүтээмж нийт эдийн засгаас өндөр байна. Тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын үндсэн эдийн засагт нэг хүнд 90 мянган ам доллар байхад мэдээлэл холбооны сегментэд уг үзүүлэлт 160 мянган ам доллар хүрч байна.
Эдийн засаг болон улс төрийн бодит байдал технологийн инновацтай огтлолцон тоон эдийн засгийн эрчимтэй хөгжил рүү орж байгаа бөгөөд ялангуяа уг процесс хөгжиж буй орнуудад эрс өсөлттэй байна. Тоон эдийн засгийн үндэс нь мэдээллийн технологи бөгөөд тоон эдийн засгийн хязгаар нь одоогоор хязгаарлагдахгүй, ирээдүйд шинээр үүсэх олон тооны шинэ бизнес загвар, салбарыг хамрах болно.
Тоон эдийн засаг нь буй орнуудад ихээхэн чадамж өгөх ба ингэснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэхээс гадна дэлхийн зах зээлд нэвтрэх боломж нь өргөжиж, зардал буурах болно. Мөн хөгжиж буй орнуудад тоон стартапын (гарааны компаниуд) хувьд өвөрмөц шинэ зах зээл, салбар буй болгох ба тэдгээр нь үр ашиггүй хэрэглээг бууруулж, уламжлалт хээл хахуульд бэхлэгдсэн зах зээл ба хөдөлмөрийн институтийг тойрон гарах боломж олгоно.
Тоон эдийн засгийн нөлөөллийн чадамж олон улсын хөгжилд хэрхэн хэрэгжих асуудал тусгайлан гүнзгий судалгаа шаардах бөгөөд уг асуудал улс орон бүрийн хувьд анхаарал татсан гол сэдэв нь боллоо. Ялангуяа нийгмийн салбарт үүсэн буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд макро (төрийн) болон микро (аж ахуйн нэгж) түвшинд ажилтнуудын тоон технологийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй болно.
Иймд их, дээд сургуулиудад тоон технологийн (интернэт) салбарт бакалавр, магистр, докторантын сургалтад оюутнуудыг өргөн хамруулах шаардлага гарч байна. Жишээлбэл АНУ-д дээд сургуулиуд жил бүр 500 мянган оюутнууд шинжлэх ухаан, технологи, инженер, математик, мэдээлэл зүйн мэргэжлээр төгсөж байхад Хятад улс 4.7 сая оюутнуудыг дурдсан мэргэжлүүдээр сургаж байна. Түүнээс гадна пүүс компаниуд ажилтнуудын туршлага, чадавхыг зайлшгүй төгөлдөржүүлэх шаардлага нь орчин үеийн эрчимтэй өөрчлөгдөж буй зах зээлд өрсөлдөх чадвартай байхтай холбогдож байгаа болно.