Дата засаглал гэж юу вэ?

May 17, 2019

Аливаа байгууллага дотоод болон гадаад олон эх сурвалжуудаас асар их хэмжээний дата, мэдээллийг цуглуулах боломжтой болсон. Тэрхүү мэдээллийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд эрсдэлийг удирдах, зардлаа хэмнэх сахилга бат зайлшгүй хэрэгтэй.

Дата засаглал бол байгууллагыг үр дүнтэй, үр ашигтай мэдээллээр хангаж, зорилгод нь хүрэхэд дэмжлэг болох үйл ажиллагаа, бодлого, стандарт, хэмжүүрүүдийн цогц байдлыг хэлдэг.

Энэ нь нийт байгууллагын хэмжээнд ашиглаж буй өгөгдлийн чанар, аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлогоор удирдахад оршино. Нэг үгээр дата засаглал бол хэн ямар аргачлалаар, ямар нөхцөлд, ямар дата ашиглан, ямар арга хэмжээ авахыг тодорхойлж өгөх явдал юм. Дата засаглал нь өнөөгийн хурдтай хөгжиж байгаа өрсөлдөөнт зах зээлд байгууллагын орчинд зайлшгүй байх ёстой юм. Их хэмжээний дататай байгууллагуудын хувьд дата засаглалын стратегиа сайн боловсруулах нь бизнесийн гүйцэтгэл, мэдээллээс авах үр ашгаа нэмэгдүүлэх гол суурь нөхцөл юм.

"Дата засаглал нь дата менежментийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дата менежментийн 9 бүрэлдэхүүн хэсэг болох өгөгдлийн чанар, лавлагаа болон мастер дата менежмент, дата аюулгүй байдал, өгөгдлийн сангийн үйл ажиллагаа, метадата менежмент болон өгөгдлийн агуулахыг хооронд нь нэгтгэж өгдөг."

Харин ямар датаг удирдах шаардлага нь тухайн бизнесийг удирдаж буй хүмүүсээс гарах зөв стратегийн үндэс болдог. Жишээ нь: Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, өвчтөний дата дээр ажилладаг байгууллагын хувьд үйлчлүүлэгчийн дата маш өндөр нууцлалтай байх ёстой. Үүнийг GDPR зэрэг байгууллагуудаас гаргасан стандартын дагуу засгийн газрын зөвшөөрлөөр гүйцэтгэх ёстой. Дата засаглал нь дээрх бодлогын хүрээнд тодорхойлогдож, ашиглагдаж байдаг учраас маш чухал хэсэг юм.

ЮУ ДАТА ЗАСАГЛАЛ БИШ ВЭ?

Дата засаглал нь дата менежмент болон мастер дата менежмент зэрэг ойролцоо ойлголтуудтай ихэвчлэн эндүүрэгдэх тохиолдол бий.

ДАТА ЗАСАГЛАЛ НЬ ДАТА МЕНЕЖМЕНТ БИШ ЮМ.

Дата менежмент гэдэг нь байгууллагын бүх дата мөчлөгт шаардлагатай менежментийг илтгэдэг. Дата засаглал нь дата менежментийн гол бүрэлдэхүүн хэсэг бөгөөд дата менежментийн 9 бүрэлдэхүүн хэсэг болох өгөгдлийн чанар, лавлагаа болон мастер дата менежмент, дата аюулгүй байдал, өгөгдлийн сангийн үйл ажиллагаа, метадата менежмент болон өгөгдлийн агуулахыг хооронд нь нэгтгэж өгдөг.

ДАТА ЗАСАГЛАЛ НЬ МАСТЕР ДАТА МЕНЕЖМЕНТ БИШ ЮМ.

Мастер дата менежмент (МДМ) нь байгууллагын хамгийн чухал нэгжийг тодорхойлсныхоо дараа энэхүү өгөгдлийнхөө чанарыг сайжруулахад анхаардаг. Ингэснээр хэрэглэгч, нийлүүлэгч, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч зэрэг гол нэгжүүдийн талаар хамгийн цогц болон үнэн зөв мэдээлэлтэй болно. Учир нь тэдгээр нэгжүүдийг байгууллагын хэмжээнд хоорондоо хуваалцаж байдаг бөгөөд мастер дата менежмент нь тэдгээр нэгжүүдийн хуваагдмал үзэл санааг дата засаглалаас хол давсан нэг үзэл санаатай нийцүүлэхтэй холбоотой юм.

Харамсалтай нь зөв засаглалгүйгээр МДМ -ийг амжилттай гүйцэтгэх боломжгүй юм. Тухайлбал, дата засаглалын хөтөлбөр нь мастер дата загваруудыг (Хэрэглэгч, бүтээгдэхүүн зэргийн тодорхойлолт нь юу болох) тодорхойлох бөгөөд дата хадгалах журмыг нарийвчлан үзэх, мөн өгөгдөл зохиох, өгөгдөл засварлах болон хандах үүрэг хариуцлагыг тодорхойлдог.

ДАТА ЗАСАГЛАЛЫН АЧ ХОЛБОГДОЛ

Оновчтой нэвтрүүлсэн дата засаглал нь байгууллагуудад олон талын ашиг тустай. Үүнд:

  • Өгөгдлийн талаарх нэгдсэн ойлголттой болно. Нэг ижил мэдээллийг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож тайлбарлах явдал байдаг. Нэр томьёоноос эхлээд нэгдсэн ойлголттой болох нь бизнесийн бүх нэгжид хэрэгтэй.
  • Дата чанарыг сайжруулдаг. Мэдээллийн үнэн зөв, бүрэн байдал, нарийвчлалыг хангах.
  • Дата газрын зураг. Дата нэгтгэл (data integration) хийхэд дата ирж буй системийн бүх нэгжийг мэдэж байх нь чухал юм. Яг л байрлал тодорхойлох GPS шиг хэрэгтэй датаг хаанаас олохоо мэддэг байхад тусална.
  • Бизнесийн нэгж болон харилцагчийг 360 хэмээр харна. Дата засаглал нэвтрүүлснээр нэгдсэн бодлогоор датаг удирдах учраас “нэг цонхоор” харахад тусалдаг.
  • Стандарт. Дата засаглал нэвтрүүлэхийн давуу тал нь засгийн газрын шаардлага, аливаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хялбар болдог. (GDPR, PCI DSS гэх мэт)
  • Дата менежмент сайжирна. Дата засаглал нь хүнээс хамаарах хамаарлыг багасгаж датад суурилах ихэнх ажлыг автоматжуулах давуу талтай. Ингэснээр менежмент хийхэд илүү хялбар болдог.

 

О.Баярмагнай

Бизнес хөгжил хариуцсан менежерМэдээллийн технологи, програм хангамжийн инженерээр мэргэшсэн, Ай Ти Зон компанид 5 дахь жилдээ ажиллаж буй. 2017 оноос эхлэн Дижитал Технологийн газарт BI хариуцсан бизнес хөгжлийн менежерээр ажиллаж байна.