May 07, 2019
Дижитал эрин үеийн цөм нь дата гэдэг нь тодорхой. Энэ ч утгаараа Дата эрин зуун ч гэж бас нэрлэдэг. Дата эрин зуунд бизнесийн гол инновац, өрсөлдөх талбар, бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгсэл нь дата болон датаг ашиглах чадвар болж байна.
Дундаж бизнесийн байгууллага өнөөдөр 20-30 систем ашигладаг бол томоохон дижитал бизнесүүд жишээ нь Дижитал банк, Дижитал худалдаа зэрэг нь 60-80 систем ашиглаж байгаа. Энэ систем бүр өдөр бүр цаг, минут тутамд асар их хэмжээний мэдээлэл бий болгож таны харилцагч, хамтрагчийн болон бизнесийн түүхийг тасралтгүй бичсээр байна. Хэрвээ та харилцагч төвтэй бизнесийн үндсэн бодлогоо улам эрчтэй хэрэгжүүлэх, эсвэл үйл ажиллагааны төгөлдөршлөө гүнзгийрүүлэх бодлого бариад ажиллаж байгаа бол Дата нь энэ бизнесийн стратегийн зорилгод тань ямар үүрэгтэй хаана байна вэ гэдгээ харах нь зөв юм.
Туршлага дээр суурилахаас илүүтэй Датан дээр суурилсан бодлого гаргаад явах нь өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй цаг мөчид хамгийн оновчтой ирээдүйгээ харсан шийдэл байх болно.
Тэгвэл танай байгууллага үүн дээр хаана явна вэ? Та датагаа мэдэж байна уу? Та датагаа хангалттай ашиглаж чаддаг уу? Танай хүмүүс хэрэгтэй үедээ хэрэгтэй датагаа хяналттайгаар, мэдээллийн аюулгүй орчинд авч ашиглаж чаддаг уу? Эдгээр асуултад хариулан өөрийн түвшнээ харах үүднээс тухайн байгууллагын дата ашиглах чадвараар нь олон улсад 5 түвшинд авч үздэг байна.
Эхний үе нь харанхуй үе. Ийм үедээ байгаа байгууллага нь шийдвэр гаргах, гүйцэтгэл үнэлэх албан ёсны хэвшил үгүй, үе үе шинжилгээг болхи байдлаар хийдэг. Мэдээлэл нь эмх цэгцгүй, хяналтгүй, мэдээллийн нэгдсэн дэд бүтэцгүй байгууллага юм.
Хоёрдугаар үеийг боломжийг эрэлхийлсэн үе гэх бөгөөд энэ үедээ байгаа байгууллагын бизнесийн газрууд нь Датаг тактикийн шийдвэртээ ашиглах өөр өөрсдийн шинжилгээг хийдэг. Бизнесийн газрын удирдлага манлайлан ажилладаг. Ашигладаг системүүдийн уялдаа холбоо сул, өгөгдлийн чанар муу, давхцал их. Харанхуй үетэй адилаар мэдээллийн нэгдсэн дэд бүтэцгүй байгууллага юм.
Гуравдугаар үе нь стандартын түвшинд хүрсэн үе шат юм. Энэ үе шатанд хүрсэн байгууллагад Дата ашиглалт дээр бизнесийн гүйцэтгэх удирдлага манлайлан ажилладаг. Мэдээллийн нэгдсэн дэд бүтэц, дата агуулах (warehouse) бий болчихсон. Мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болсноор ашиглаж буй системүүдийн датаг нэгтгэн, мэдээллийн уялдаа холбоог гаргах боломж бүрдэхээс гадна датагаа хэрэгтэй үед нь хурдтайгаар ашиглахыг, хүссэн хүндээ хяналттайгаар, мэдээллийн аюулгүй орчинд өгөх боломж бүрддэг байна. Ер нь аливаа бизнесийн нарийн дүн шинжилгээ хийн, инновац бүтээх, эсвэл тодорхой үйл ажиллагаагаа оновчтой болгох зэрэгт датаг ашиглах гэж байгаа бол нэг эх сурвалжаас авсан биш, олон эх сурвалжаас авсан хамаарал бүхий тоон мэдээллийг ашиглах нь хамаагүй илүү үр дүнд хүрэх нь тодорхой.
Дата технологийг ашиглаж чадсан эсэхээр таны амжилт тодорхойлогдоно
Дөрөвдүгээр түвшинд хүрсэн байгууллагад Дата ашиглалт нь тухайн байгууллагын соёл, хэвшил болсон байдаг. Компанийн дээд удирдлагын (CEO, CFO) түвшинд манлайлалтай. Датан дээр суурилсан гүйцэтгэлийн үнэлгээний тогтсон журам ашиглалттай. Бизнес шинжилгээ, дата ашиглалтын тогтсон арга барил, нэгдсэн дата дэд бүтэц бүхий мэдээллийн сайн уялдаа холбоотой, чанартай дататай байгууллага юм.
Тавдугаар түвшинд хүрсэн байгууллага нь Датаг бизнесийн өрсөлдөх гол хэрэгсэл болгож чадсан байгууллага юм. Өөрөөр хэлбэл бизнесийн стратегийн хүрээнд яригддаг, датаг ашиглахтай холбогдуулан тусгайлсан дээд түвшний албан тушаалтан, тусгайлсан датагаар бизнес хийдэг, дата аналитикийн баг бүхий байгууллага болно. Энэ бүгдээс дүгнээд үзэхэд дата ашиглалтыг сайжруулахын тулд стандарт буюу ядаж 3-р түвшинд очих нь зайлшгүй чухал. Энэ түвшинд очиход хамгийн гол алхам болох мэдээллийн нэгдсэн дэд бүтцийг байгуулах шаардлагатай. Мэдээллийн нэгдсэн дэд бүтэцтэй болсноор дээр дурдсанчлан ашиглаж буй системүүдийн датаг нэгтгэн, мэдээллийн уялдаа холбоо бүхий дата дэд бүтцийг үүсгэх боломж сая бүрдэх болно. Ингэснээр датагаа хэрэгтэй үед нь хурдтайгаар ашиглахыг хүссэн хүндээ хяналттайгаар, мэдээллийн аюулгүй орчинд өгөх боломж бас давхар бүрдэнэ.
Байгууллагын нэгдсэн дата дэд бүтцийн загварыг та бүхэнд Зураг 2-т үзүүллээ. Эндээс харахад энэхүү дэд бүтэц нь 4 үндсэн хэсгээс бүрдэх юм.
Нэгдэх хэсэг нь дата эх сурвалжууд буюу тухайн байгууллагын ашиглаж буй бүхий л системүүд байх юм. Энэ эх сурвалжуудад танай байгууллагад ашиглаж буй ERP системээс эхлээд хүн болгон дээр байгаа файл, компьютерт байгаа бичиг баримт хүртэл орох юм. Мөн сүүлийн үед IoT буюу Юмсын интернэт хөгжиж буйтай холбоотой үүсэж буй датаг Streaming буюу тасралтгүй урсаж буй дата гэх ба бас нэгэн чухал эх сурвалж хэмээн тусад нь авч үздэг. Ялангуяа үйлдвэр, томоохон дэд бүтэцтэй газруудын олон тооны мэдрэгч төхөөрөмжүүд нь тасралтгүй датаг бий болгож энэ нь бизнесийн энгийн ашигладаг системээс үүсэж буй датанаас арай өөр хэлбэрээр нэгтгэн боловсруулах шаардлага гардгийг зурагт тусгайлан дүрсэлсэн байгааг та бүхэн анзаарч харж байгаа байх.
Хоёрдох хэсэг нь эхний дата эх сурвалжуудаас датаг нэгтэн хүлээн авч зохион байгуулах үе шат орно. Энэ үе шат нь нэгдсэн Дата дэд бүтэц үүсэх хамгийн чухал зангилаа юм. Энэ үе шатанд мэдээллийн уялдаа холбоог гаргах боломж бүхий үндсэн Data Warehouse буюу дата агуулахыг бий болгодог. Туршлагаас харахад, датаг ашиглахад гарч буй хамгийн том хүндрэл нь датаг боловсруулах (датаг нэгтгэх, уялдаа холбоог нь зааж өгөх, датаг цэвэрлэх, давхардлыг арилгах гэх мэт) үе шатанд зөв дэд бүтэц технологи байхгүйгээс үүсдэг асуудал орж байна. Ийм үед бүгдийг нь хар аргаар хүчээр хийх гэж оролдох нь цаг хугацаа, хүн хүч асар их шаарддаг бөгөөд эргээд энэ нь датанд суурилсан стратеги гаргах, инновац ярих боломжийг устгадаг аюултай юм. Иймд зөв технологийг ашиглан энэхүү нэгдсэн дата дэд бүтэц байгуулах нь асар өндөр ач холбогдолтой болно.
Улмаар гуравдугаар үе шатанд тухайн нэгдсэн дата бүтэц дээр датаг ашиглан анализ хийх, боловсруулах ажлаа хийх боломж бүрдэнэ. Энэ үе шатанд төрөл бүрийн бизнес аналитикийн систем болон хиймэл оюун ухааны шийдлийг ашиглах болно. Энэ үе шатанд сонголт хийхдээ Self-Service буюу бизнесийн хүмүүс өөрсдөө датан дээрээ тоглох боломжтой шийдлийг сонгох нь чухал. Сүүлийн үеийн дата аналитикийн гол чиг хандлага нь датаг хэрэгтэй үед нь яг зөв хүнд нь өгөх гэсэн гол ойлголт дээр суурилан хөгжиж байгаа юм. Мэдээллийн технологийн мэргэжилтэн биш, тухайн бизнесээ хамгийн сайн мэддэг хэн нэгэн, датагаа сайн ойлгодог хүн датан дээрээ шууд ажиллах, ингэхдээ ямар нэг мэдээллийн технологийн эсвэл програмчлалын нарийн мэргэшил шаардлагагүй болсон нь инновац гарах, датанд суурилсан бодлого, соёлтой болох үндэс болохоор байгаа болно.
Сүүлийн буюу 4-р үе шат нь боловсруулж, анализ хийсэн үр дүнгээ түгээх, хуваалцах, эргүүлээд бусад систем рүү холбох боломжийг нээх үе шат болно. Нэгдсэн дата дэд бүтцийг хэрэгжүүлдэг олон технологиуд байгаагаас манай энэхүү сэтгүүлээс та бүхэн дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэгч Talend, Tableau зэргийг дэлгэрэнгүй харж танилцахыг хүсэж байна.
Танд дата эрин зуунд амжилттай аялах ерөөл хүсье.