January 28, 2019
Digital Transformation буюу Цахим хувьсал аль хэдийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлжээ. Хэрэв та одоог хүртэл цахим хувьсал гэхээр технологийн компанид эсвэл компьютерын бизнес эрхэлдэг байгууллагад л хамаатай гэж бодож байвал энэ нь том эндүүрэл юм. Учир нь Digital Transformation гэсэн сэдэв нь бизнесийн бүхий л салбарыг хамарсан чухал сэдэв болоод байна.
Үүнийг товчоор тайлбарлавал өмнө нь Мэдээллийн технологи ямарваа нэгэн бизнесийн байгууллагын туслах функц байсан бол одоогийн Digital Transformation эринд таны бизнес мэдээллийн технологид суурилсан бизнес болж хувьсахыг хэлээд байгаа юм.
Энэ эринд хэн түрүүлж амжилттай цахим хувьсал хийж чадсан нь огцом өсөлт хийн салбартаа манлайлж, хойрго хандсан нь ард хоцорч, нэхэн хувьсахгүй нь ор мөргүй салбараасаа арчигдаж байна. Жишээ нь: Uber маш өрсөлдөөнтэй таксины бизнесийг цоо шинээр үүсгэн байгуулаагүй, ердөө л өмнө байсан таксины үйлчилгээнд цахим хувьсал хийж чадсан. Тэд хэрэглэгч болон жолооч нарыг холбосон хэрэглэхэд хялбар гар утасны application хөгжүүлж, түүнийгээ найдвартай ажиллагаатай болгосноор л асар богино хугацаанд тэрбумаар үнэлэгдэх бизнесийг бий болгосон.
ЖИШЭЭГЭЭР АВЧ ҮЗЬЕ
Ижил хүчин чадалтай, хүний болон техникийн ижил нөөцтэй цементийн зуурмаг нийлүүлдэг “А” болон “Б” гэсэн 2 компани байлаа гэж бодъё. “А” компани цахим хувьслын талаар мэдээлэлгүй, үйл ажиллагаандаа ямар нэгэн өөрчлөлт хийлгүй бизнесээ үргэлжлүүлэн явуулсаар байв.
Харин “Б” компанийн удирдлагууд Цахим хувьслын талаар сонсож, түүний үзүүлэх үр нөлөөг судалснаар, бүтээмж, үр дүнгээ нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэн мэргэжлийн технологийн компанид ханджээ. Тэд зөвлөхдөө “Б” компанид цементийн нөөц болон хэрэглээг хянах боломжтой хэрэглэгч ч ашиглах боломжтой системийг санал болгосон. Ингэснээр “Б” компанийн хэрэглэгчид цементийн нөөцийн хэрэглээгээ цаг тутамд хянаж, худалдан авалт болон мөнгөн урсгалаа төлөвлөх боломжтой болох юм.
/Зуурмаг түгээлтийн машин болон худалдан авагчийн цемент шахагч машинд мэдрэгч суурилуулснаар цементийн хэмжээг тодорхойлох боломжтой болсон бөгөөд үүний тусламжтайгаар цемент худалдан авагчид (хэрэглэгч) зориулан интернет ашиглан хаанаас ч харж болох, хэрэглэхэд хялбар цементийн хэрэглээ болон нөөцийг хянах систем хийж өгсөн./
“Б” компанийн хувьд өөрийн худалдан авагчдын хэрэглээний болон захиалгын датаг цуглуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээгээ төлөвлөх боломжтой болох юм. Ингэснээр ашиггүй зардлаа хэмнэх боломжтой болж, өрсөлдөгч компаниасаа бага зардлаар, ижилхэн хүний болон техникийн нөөцөөр зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэн манлайлах болж байгаа юм.
Цахим хувьсал бизнесийн ямар ч салбарт үйлчилнэ, гагцхүү таны бизнест ямар үнэ цэнийг авчрах вэ гэдэг талаас нь харж, технологийн мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө авснаар илүү хурдан бөгөөд оновчтой хөрөнгө оруулалтыг хийж чадна.
Цахим хувьсгалд таны мэдээллийн технологийн дэд бүтэц бэлэн үү.