October 15, 2015
BIG DATA AND ANALYTICS" conference МҮХАҮТ-д амжилттай болж байна. Их хэмжээний өгөгдөл, аналитикийн чиглэлээрх конференц Монголд анх удаа болж байгаа бөгөөд Ай Ти Зон компани Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. 100 гаруй төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцож, энэ чиглэлээр ажилладаг төрийн болон бизнесийн байгууллагууд мэдээлэл хуваалцаж байна. Ай Ти Зон компанийн дэд захирал Б.Цээсүрэн “Их хэмжээний өгөгдөл ба орчин үеийн бизнес аналитикийн хандлага” сэдвээр илтгэл тавилаа. Түүнтэй Big Data-ийн тухай цөөн хором ярилцлаа.
Х.Уртаа: Их хэмжээний өгөгдлийн хөгжил, хэрэглээний ач холбогдлыг та юу гэж харж байна вэ?
Б.Цээсүрэн: Их хэмжээний өгөгдөл болон бизнесийн шинжилгээ (Business Intelligence) гэж хоёр ойлголт байгаа. Мэдээллийн технологийн хөгжил орон зайд хязгаарлагдахаа больсон учраас энэ нь Монголд ямар хэрэгтэй вэ гэдэг асуултад хариулах зүй ёсны шаардлага гарч ирж байна. Дэлхийд энэ ойлголт, энэ чиглэл нь маш сонирхолтой байдлаар маш хурдтай хөгжиж байна. 1930-аад онд компьютер үүссэн цагаас мэдээллийг дижитал буюу тоон хэлбэрт оруулан хадгалж боловсруулах боломжтой болсон. Харин бид яг одоо их өгөгдлийн тэсрэлтийн үед ирээд байна. Аж үйлдвэрлэлээс мэдээллийн технологийн эрин үед шилжсэн шиг бид ч бас хоёр үеийн зааг дээр, тийм их сонин үед амьдарч байна.
Х.У: Компьютер үүссэн цагаас хойш цуглуулсан мэдээллээ боловсруулах шаардлага одоо илүү тулгарч байна гэсэн үг үү?
Б.Ц: Яг одоо мэдээлэл асар их хэмжээгээр үүсэж байна. Сүүлийн 2 жилд үүссэн тоон өгөгдөл дэлхий дээр өнөөдрийг хүртэл бий болсон нийт датагийн 90%-ийг эзэлж байна. Цаашдаа ч асар хурдтай үүснэ. Эдгээр мэдээлэл төрөл бүрийн хэлбэрээр үүсч байна. Тухайлбал багагүй хэмжээний өгөгдөл социал системүүдээр жишээ нь facebook-р, Твиттер зэрэгт үүсч байгаа бол мөн их хэмжээний өгөгдөл мэдрэгч төхөөрөмж, автомат машинаар бий болж байна. Өөр нэг үүсвэр нь байгууллагуудын ашиглаж буй системүүд юм. Бизнесийн үйл ажиллагаа улам бүр цахимжиж шинэ хэлбэрлүү орохын хэрээр энэ хандлага улам хүчээ авахаар харагдаж байна. Энэ мэт нь “өгөгдлийн тэсрэлт” үүсэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.
Том утгаараа, сая дурдсанчлан “өгөгдлийн тэсрэлт”-эд гурван хүчин зүйл чухал нөлөөтэй. Нэгдүгээрт, 1990-ээд онд интернет үүсэж компьютерууд хоорондоо холбогдсон, цахилгаан станц шиг том, том дата төвүүд бий болсон. Хоёр дахь хүчин зүйл нь ухаалаг гар утас юм. Ухаалаг гар утас хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс янз бүрийн аппликэйшин ашиглаж, өөр өөрийн мэдээллийг үүсгэж эхэлсэн. Мөн байгууллагууд бүхий л үйл ажиллагааны мэдээллээ дижитал хэлбэрт оруулах болсон. Дараагийн том тэсрэлт нь эд юмсын интернет (IoT-Internet of Things) юм. Урьд нь интернетэд зөвхөн хүн л холбогддог байсан бол одоо бүх зүйл холбогддог болж байна. Хөргөгч, унаж яваа машин, байгууллагын гэрэл, галын систем гээд л. Галын системд асуудал гарлаа гэж мэдрэх юм бол эзний хүний гар утсанд мессэж ирэх жишээтэй. Объектыг утасгүй интернетийн сүлжээгээр алсаас удирдана, эд зүйл эргээд мөн мэдээллээ илгээнэ. Эсвэл гудамжинд явж байгаа бүх машинууд машинаас машин холболт (vehicle to vehicle communication)-оор 0.1сек тутамд өөрийнхөө явж байгаа хурд, хурдатгал, байршлаа эргэн тойрны 200 метрт дамжуулдаг болно. Замын хажуугаар системүүд тавьснаар нэгдсэн төв дээр бүх машины мэдээлэл очно гэх мэтчилэн олон зүйл мэдээллээр хэмжигдэж, удирдагдах юм.
Х.У: Ай Ти Зон компани үүнтэй төстэй програм хангамж гаргасан гэж сонсож байсан. Энэ талаар сонирхуулахгүй юу?
Б.Ц: Бүтэц, зориулалт нь өөр, байгууллагуудад зориулсан Compass Мate гэж програм байгаа. Байгууллагууд машинуудаа хаана явж байгааг, хэр их шатахуун зарцуулж байгаа зэрэг мэдээллийг авах боломжтой. Арван секунд тутамд мэдээлэл ирэхэд мянгахан машин дээр маш их дата цуглаж байна. Монгол улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд гээд тооцоод үзвэл асар их дата цуглана. Ийм тэсрэлт явагдаж байгаа энэ үед “Big Data and Analytic” конференц болж байгаа нь маш цагаа олсон арга хэмжээ болж байна. Их хэмжээний өгөгдөл, мэдээллийн үед байгууллагууд цаашдаа ер нь яах вэ гэвэл үр ашгаа сайжруулж болно. Бизнесийн шинэ боломжууд ч бий.
Х.У: Байгууллагууд үр ашгаа нэмэгдүүлж болох жишээнүүдээс дурдвал?
Б.Ц: Мэдээллийг зөв цуглуулж, ашиглаж ч чадвал үйл ажиллагаагаа, , хяналтаа сайжруулж болно, эсвэл бүр бизнес явуулах арга хэлбэрээ ч сайжруулж болно. Жишээ нь ресторан байна. Өмнө нь ширээ сандлаа янзалж, хоолоо хийгээд л хүн орж ирэхийг хүлээдэг байсан бол одоо орж ирсэн хүний мэдээллийг Wi-Fi-аар холбогдож ч юм уу авч болно. Эсвэл онлайн камерын системээрээ хүний байр байдлыг, нас, хүйс, орж ирсэн цаг, сонгосон суудал, захиалсан хоолыг нь хүртэл бүртгээд авчихна. Тодорхой хугацаанд ийм мэдээлэл хадгалахад ямар хүмүүс ямар хоол захиалж, хаана сууж байгаа зэргийг мэддэг болно. Мөн Аль ширээнд хүн их сууж байна гэдгийг мэдэж, хүн бага суудаг ширээг яаж олны анхаарлыг татах сонголт болгох тал дээр ажиллах юм. Энэ бол зөвхөн жишээ шүү дээ.
Х.У: Бизнесүүдийн хувьд нийт массаар нь нэг бүтээгдэхүүн үйлчилгээ цацаад, түүнээс нь хэрэглэгч өөрт таалагдвал хэрэглэнэ гэхээсээ илүү хүн нэг бүрт тохирох хэрэгцээг нь их хэмжээний мэдээлэлд анализ хийх замаар санал болгодог болчихлоо. Мэдээж байгууллага бүрт ийм функц хэрэгтэй байх. Байгууллагууд их хэмжээний өгөгдлийг ашиглах боломж, нөөц нь хэр байдаг вэ?
Б.Ц: Бизнесийн загвараа өөрөөр харах хэрэгтэй. Тэгвэл боломжийг бий болгож чадна. Хэрвээ хуучнаараа яваад энэ хэрэгтэй байж магадгүй гэж мэдээлэл цуглуулах юм бол энэ нь эргээд өөрт нь нэмэлт зардал болно. Их хэмжээний өгөгдөл мэдээлэлтэй ажиллаж эхлэхдээ юуны өмнө мэргэжлийн компанид хандаж болно. Хандахдаа харин зорилгоо юун түрүүнд зөв тодорхойлсон байх ёстой. “Бид ийм чиглэлээр ажилламаар байна, хэрэглэгчдэдээ онлайнаар үйлчилгээгээ үзүүлдэг болъё, ингэснээр хүмүүстэйгээ илүү тулж ажиллана, өрсөлдөх чадвараа сайжруулна, ашиг орлого маань ингэж нэмэгдэнэ” гэх мэт тодорхой зорилгууд тавих хэрэгтэй. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд бизнесээ илүү ойлгоё, үүний тулд яг ямар мэдээлэл надад хэрэгтэй вэ гэдгээ мэдэж байх хэрэгтэй.
Дараа нь энэ мэдээллүүдийг би яаж олж авах вэ, ямар системүүд ашиглах вэ /систем ашиглахгүй ч байж болно/ гэдгийг тодорхой болгоно. Дээрээсээ доошилбол илүү ойлгомжтой.
Х.У: Цуглуулсан мэдээллийг хадгалах тал дээр ямар бодолтой байна вэ?
Б.Ц: Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч болно, өөрсдөө ч хадгалаад явж болно. Сүүлийн үеийн чиг хандлага нь мэргэжлийн хүмүүс гардаад хийе, тухайн бизнесийн хүмүүс өөрсдийн бизнестээ л анхааръя гэдэг болсон. Тэгэхгүй болохоор мэдээлийн технологийн албатай болох зэргээр асар их зардалтай болдог. Аутсорсинг хийх нь ихэнх тохиолдолд тохиромжтой байдаг.
Х.У: Мэдээллийн технологийн ууган компанийн хувьд Ай Ти Зон компани ийм үйлчилгээ үзүүлдэг үү?
Б.Ц: Манай ERP систем маань ерөнхийдөө ийм чиглэлийн үйлчилгээ юм. Сүүлийн 10-аад жилд байгууллагууд үйл ажиллагаагаа автоматжуулахын тулд санхүүгийн, хүний нөөцийн, харилцагчидтай харилцах, хангамж нийлүүлэлтийн гэх мэт програм хангамж их авах болсон.. Эхний зорилго нь үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, автоматжуулах байсан бол одоо байгууллагууд маань өөрсдийн гэсэн мэдээлэлтэй болж эхэлсэн. Тухайлбал, хүний нөөцийн системийг 3 жил ашигласан компани ямар хүмүүс орж гарсан, ямар асуудлууд байсан гээд системтэй мэдээлэлтэй болчихсон байгаа.
Дараагийн алхам нь энэ мэдээлэлдээ шинжилгээ хийх явдал юм. Яавал ажлаас гарах хөдөлгөөнийг багасгах вэ гэдэг дээр шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд үүсгэсэн мэдээлэлдээ үндэслэж шийдвэрээ гаргавал илүү үндэслэлтэй шийдвэр болно гэсэн үг. Одоо бол илүү тандалтад суурилсан, тухайн ажлыг хийж байгаа туршлагатай хүнээс ихээхэн хамаардаг. Туршлагыг дараагийн хүндээ үлдээх боломж бараг л үгүй. Харин мэдээлэлд үндэслэнэ гэдэг байгууллагыг илүү хүчирхэгжүүлж байгаа хэлбэр юм. Мэдээж амьдрал дээр янз бүрийн асуудал гарах ч ерөнхий чиг хандлага ийшээ явж байгааг компаниуд маань ойлгох хэрэгтэй.
Х.У: Uber такси, мөн зочид буудлуудын сүлжээ гээд үйл ажиллагаа, үйлчилгээгээ програм хангамжид суурилсан компаниуд илүү өрсөлдөх чадвартай болж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
Б.Ц: Яагаад гэвэл мэдээллийн технологийн боломжийг ашиглаж бизнесийн загварчлалаа маш зөв оновчилж чадаж байгаад л учир нь байгаа юм. Уламжлалт аргаар бол 100 такси аваад, хүн ажиллуулаад, замыг нь хэмжинэ. Гэтэл мэдээллийн технологийн ачаар хэрэгтэй шаардлагатай хүмүүсийг нь холбож өгөх замаар цаг, мөнгө хэмнэж байна.
Програм бичихээсээ илүү бизнесийн шинжилгээг сайн хийдэг, процессыг зөв оновчилж удирддаг байх нь чухал. Тийм ч учраас энэ сэдэв нь өөрөө зөвхөн технологийн бус, бизнесийн салбарынханд хамаатай болж байна.
Х.У: Нийслэл дээр хэрэгжүүлж байгаа төслийнхөө тухай тайлбарлаж өгөөч?
Б.Ц: Big Data-тай холбоотой төсөл гэвэл Нийслэл дээр тендер аваад хэрэгжүүлж байна. Энэ бол маш чухал санаачилга. Хотын бүтэц маш том, асар их мэдээлэл цуглах боломжтой. Гаднын жуулчид болоод иргэд мэдээллээр дутмаг байдаг. Хаана ямар үйлчилгээний байгууллагууд байна, 24 цагийн эмийн сангууд, үсчингүүд, дугуй засвар, өрхийн эмнэлгүүд гэх мэт хотын бүхий л мэдээллийг вэбсайт болон аппликэйшнээр өгдөг болно.
Мөн бүх автобусны мэдээлэл, тэднийг хамгийн зөв маршрутаар яаж явуулах вэ, хэдэн автобус явуулах вэ гэх мэт шийдвэрийг гаргахад хэрэгтэй. Смарт хотын суурь платформ, дэд бүтцийг байгуулах төсөл байгаа. Дэд бүтэц дээрээ суурилаад цаашид хэрэглээ нь яаж ч нэмэгдэж болно. Жишээ нь Энэтхэгт төрийн ажилтнууд ажлын байран дээрээ байна уу үгүй юу гэдгийг нээлттэй мэдээлж байдаг систем бий болсон байгаа.
Х.У: Хэдий хэр хугацаанд хэрэгжих, ямар хэмжээний төсөл вэ?
Б.Ц: Нийт 6 сарын хугацаатай төсөл. Харьцангуй бага төсвөөр эхний дэд бүтцийг бий болгож байгаа. Санаачилга нь өөрөө маш зөв ажил юм.
Х.У: Мэдээллийн технологийн хөгжил улс орны хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл болж байна. Тиймээс зөвхөн бизнес утгаас гадна өөр олон хариуцлага байдаг болов уу. Таны салбарынхаа талаар хэлэх үгээр энэ ярилцлагаа өндөрлөе.
Б.Ц: Энэ мэргэжил маань өөрөө маш хурдтай буюу өдөр хоногоор өөрчлөгдөж байна. Монголд технологийн хувьд нарийн мэргэших боломжгүй ч бизнес дэх хэрэглээг оновчилсноор олон ажил хийх боломжтой. Дэлхийн нийтэд ч ялгаагүй тийм байгаа. Өмнө нь технологийн чиглэлээр нээлт хийх нь салбарын хувьд хамгийн том амжилт байсан. Хөгжингүй орнууд технологио хөгжүүлэхэд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Утасны дэлгэцийн үйлдвэр л гэхэд барилга, тоног төхөөрөмжөөс эхлээд химийн, технологийн мэргэжилтнүүд хэрэгтэй. Одоо бол технологи нь бэлэн харин идей хэрэг болж байна. Бизнесийнхэн, мэдээллийн технологийнхон хамтраад зөв санааг сайн хөгжүүлэхэд зах зээлд маш том тоглогч болоод гараад ирж байна. Тэгэхээр бидэнд боломж их бий.
Ярилцсан: Х. Уртаа (Форбес Монголиа)