Б.Жавхлан: МТ аутсоурсинг ашиглан зардлаа 50% хүртэл бууруулах боломжтой

September 10, 2015

Оффисын дөрвөн ажилтан тутамд нэг принтер, 100м2 тутамд нэг хувилагч ногдож байгаа тухай мэдээллийн технологийн бүтээгдэхүүний тооллого судалгааны дүнд дурджээ. Хувилагч, хэвлэгч төхөөрөмжүүд  байгууллагын өдөр тутмын ажлын нэг хэсэг болсон өнөө үед “эрүүл мэнд”-д санаа тавих нь аргагүй. Иймд“Ай Ти Зон” компани хэрэглэгчдэдээ зориулан “Canon managed service” үйлчилгээг санал болгож байна. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжил хариуцсан захирал Б.Жавхлантай ярилцлаа.

ES:  “Canon managed service” үйлчилгээг товч танилцуулна уу. Энэхүү үйлчилгээ нь байгууллагад ямар ашигтай вэ?

“Printing service” гэхээр хүмүүс зөвхөн цэвэрлэх үйлчилгээтэй холбон ойлгодог. Харин бид хэрэглэгчидтэйгээ байнгын харилцаатай байж, асуудлыг гарахаас нь өмнө урьдчилан шийддэг мэргэжлийн цогц үйлчилгээг санал болгож байгаа юм. “Canon managed service” нь байгууллагад  ашиглагдаж байгаа хэвлэгч, хувилагч төхөөрөмжүүдийн хэвийн найдвартай ажиллагааг тусгай платформоор дамжуулан зайнаас хянаж, хэрэглэгч байгууллагыг тогтмол мэдээллээр хангах, гарч болох эрсдэлийг урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг газар дээр нь очиж үзүүлэх, тухайн хэрэглэгчид тохирсон шийдлийг санал болгох үйлчилгээ. Энэ нь мэдээллийн технологи өндөр хөгжсөн орнууд болох Япон, Сингапур, Хонконгт хамгийн эрэлттэй буй мэдээллийн технологийн  шинэ төрлийн  үйлчилгээний нэг юм.

ES: Хэвлэгч, хувилагчийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэхийн давуу тал нь юу вэ? Тухайн байгууллага дотроосоо хариуцаад явахаас юугаараа илүү вэ?

Олонх компанийн жишээг харахад, мэдээллийн технологийн мэргэжилтэн эсвэл захиргааны аль нэг ажилтан энэ асуудлыг хариуцдаг. Дутагдалтай тал нь гарч байгаа зардлаа хянаж чадахгүй, олноор нь авч хураах, бусад сэлбэг хэрэгслийн эдэлгээ хэр байгааг харж мэдэхгүйгээс болж төхөөрөмж нь яаралтай үед ажиллахгүй байх, тухайн хариуцсан ажилтанд ажлын ачаалал үүсэх гээд эрсдэлүүд байдаг. Үүний оронд мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэгдсэн инженерүүд хариуцан ажиллах нь төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, техникийн эвдрэлээс урьдчилан сэргийлж, эдэлгээг уртасгахаас гадна, тогтмол зардлаа удирдах боломжийг хэрэглэгчдэд бий болгох гээд маш том давуу талуудтай байдаг.  

ES: Хэвлэгч, хувилагч төхөөрөмжид асуудал үүсэхэд хамгийн богино хугацаанд хэдэн минутын дотор техник үйлчилгээг хийх боломжтой вэ?

Бид суурилуулсан төхөөрөмждөө мэдээлэл хүлээж авах програм суулгадаг. Энэ нь хор хэзээ дуусах, бул хэзээ солих ёстой гэхчлэн төхөөрөмжийн “эрүүл мэнд”-тэй холбоотой 100 гаруй үзүүлэлт бүхий мэдээллийг манай инженерүүдэд автоматаар илгээдэг. Ингэж бид төхөөрөмж бүрийг тогтмол хянаж, цаг тухай бүрт нь урьдчилсан үйлчилгээ үзүүлэх юм. Тэгэхээр эвдрэх эрсдэл багатай. Ямар нэгэн тохиолдлоор эвдрэл гарлаа гэхэд нэгээс дөрвөн цагийн дотор очиж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгөх юм. Энэ бол тухайн байгууллагын байршлаас хамаарсан хугацаа.

ES: Үйлчилгээ үзүүлэх багаа танилцуулна уу. Мэргэжлийн ур чадвар, туршлагын хувьд?

Манай “Ай Ти Зон” компани “Canon” брэндийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр 13 дахь жилдээ ажиллаж байна. Инженерүүд маань жилд хоёр удаа Каноны Хонконг дахь тус брэндийн сургалтын төвд очиж сургалтанд хамрагдан мэргэшлээ тогтмол дээшлүүлдэг байгаа. Энэ сургалтаар шинэ бүтээгдэхүүний хэрэглээ болон эвдрэл, түүнийг хэрхэн засварлах, техник үйлчилгээ үзүүлэх гэхчлэн мэдээлэл авдаг юм. Түүнчлэн хэрэглэгчээс ирж байгаа тухайн төхөөрөмжийн “эрүүл мэнд”-тэй холбоотой мэдээллийг Канон брэндийн толгой компани болох “Canon INC” компанийн инженерүүд мөн давхар хянаж байгаа учир бүрэн найдвартай гэж болно.

ES: Байгууллагуудын хэрэгцээ, шаардлага харилцан адилгүй байдаг учраас тэдэнд тохирсон ялгаатай сонголтууд байгаа юу?

Тэгэлгүй яахав. Байгууллагын хэрэглээний шаардлагаас хамаарч бид гурван төрлийн багцыг санал болгож байна. Нэгдүгээрт, Стандарт багц буюу үзлэг, оношилгоо, хор бул солих зэрэг үйлчилгээг сар бүр тогтмол үзүүлнэ. Мөн шаардлагатай цэвэрлэгээ, үйлчилгээг хийж, зөвлөгөө өгөх юм.

Хоёрт, Хэрэглээ багц буюу эхний стандарт багц дээр нэмэлт үйлчилгээ авах юм. Тухайн байгууллага заавал хор, бул болон бусад шаардлагатай хэрэгсэл дээр төлөвлөлт хийн өөр дээрээ хадгалах шаардлагагүй. Бүх хамааралтай зүйлсийг манайхаас хүргэж, сэлбэн сольж өгөх ба хэвлэсэн хуудасны тоогоор төлбөрөө төлөх юм.

Харин сүүлийнх нь Бизнес багц буюу хэрэглэгчдийг нэг дор их хэмжээний хөрөнгө зарцлуулахгүйгээр хувилагчаа үйлчилгээтэй хамтад нь лизинг маягаар ашиглах зарчимтай.

ES: Ер нь аливаа байгууллага яагаад заавал хэвлэгч, хувилагчийнхаа “эрүүл мэнд”-д ингэтлээ их санаа тавих ёстой гэж. Өөр санаа зовох асуудал олон байгаа шүү дээ.  

Олон улсын судалгааны Gartner.com-оос хийсэн нэгэн судалгааг онцолмоор байна. Энд дурдсанаар аливаа байгууллага нийт орлогынхоо 3-5 хувийг зөвхөн хэвлэгч, хувилагчид зарцуулдаг гэсэн тооцоо гаргасан байдаг. Энэ нь хэдийгээр бага мэт санагдаж болох ч үүнтэй ижил олон төрлийн үндсэн бус туслах функц дээр хүмүүс ажиллуулан, тэднийгээ сургах зэрэг үндсэн гол бизнесээсээ хөндийрөөд байдаг. Тэгвэл тэр функцийг мэргэжлийн байгууллагад даатган өөрсдийн бизнес рүү анхаарлаа хандуулах нь бусад өрсөлдөгчдөөсөө илүү нэг алхсан давуу тал болох юм. Манай байгууллага зөвхөн хувилагч, хэвлэгч дээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна мөн IT outsourcing, Клауд технологид суурилсан хяналтын камерын үйлчилгээ, GPS байршил тогтоох үйлчилгээ гэх мэт үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр үйлчилгээнүүд нь холбогдох урсгал зардлыг 50 хүртэл хувь хэмнээд зогсохгүй, хамгийн гол нь найдвартай ажиллагаа, мэргэжлийн үйлчилгээг авч гол бизнестээ цаг заваа зарцуулах эрх чөлөөг олгож байгаа юм. Бидний үзүүлж буй мэдээллийн технологийн үйлчилгээнүүдийн эрхэм зорилго бол хэрэглэгчийнхээ бизнесийн амжилтыг хурдасгахад оршдог.