Б.Цээсүрэн: ICT Expo 2015-д өөрсдийн хөгжүүлсэн цоо шинэ шийдлүүдээ танилцуулна

May 20, 2015

Ай Ти Зон компанийн дэд захирал Б.Цээсүрэн Bloomberg Mongolia Tv-д өгсөн ярилцлагыг хүргэж байна. 5-р сарын 21-25-ны хооронд Мишээл экспод болох“ICT Expo 2015” үзэсгэлэнд 60 гаруй компани өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах юм. Ай Ти Зон компани уг үзэсгэлэнд хэрхэн оролцох талаар Bloomberg-ийн сэтгүүлч тодруулжээ.

Б.Цээсүрэн - Ай Ти Зон компанийн Дэд захирал

Bloomberg: TVӨнгөрсөн жилийн үзэсгэлэнд Ай Ти Зон компани Могул бүтээгдэхүүнээ голчлон танилцуулж байсан. Энэ жилийн хувьд зах зээлд ямар шинэ бүтээгдэхүүн танилцуулах гэж байна вэ?

Бид жил бүр энэ үзэсгэлэнд идэвхтэй оролцож ирсэн. Өнгөрсөн онд бид Могул ухаалаг гар утсаа танилцуулж байсан бол энэ жил хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцуулахаар бэлдэж байна. Эдний зарим нь бидний өөрсдийн дотооддоо бүтээж хөгжүүлсэн бүтээгдэхүүн байгаа бол зарим нь гадны түнш байгууллагатай хамтран танилцуулах бүтээгдэхүүн ч байна. Өөрсдийн хөгжүүлсэн бүтээгдэхүүнээс онцлоход Compass Mate гэж тээврийн хэрэгслийн хяналтын системийн мобaйл хувилбарыг танилцуулна. Энэ бүтээгдэхүүнийг бид зах зээлд нэвтрүүлээд 5 жил болж байна. Одоогоор 30 гаруй байгууллагын 1000 орчим тээврийн хэрэгсэл манай үйлчилгээг авч байна. Энэ бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлж мобайль хувилбарыг танилцуулна. Мөн цахим архивын системийг танилцуулна. Үүнийг бид өмнө нь хэрэгжүүлж байсан систем дээрээ суурилан шинээр нэвтрүүлж байгаа юм. Энэ нь цаасан материалыг сканердаж оруулахад текстийг нь автоматаар таньж, мэдээллийн нэгдсэн өгөгдлийн бааз үүсгэх юм. Дараа нь тухайн цаасан материал дээр байсан өгөгдлөөр хайлт хийхэд хялбар байдлаар ашиглана гэсэн үг. Энэ бол маш их цаг хэмнэхээс гадна үйлчилгээг илүү хурдан үзүүлэх боломж бүрдэх юм. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол өмнө нь эд хөрөнгийн бүртгэлийн тухай мэдээлэл авах гэж хэдэн өдөр хүлээдэг байсан бол энэ системийг Улсын бүртгэлийн газар нэвтрүүлснээр одоо хэдхэн минутын дотор хүссэн мэдээллээ авдаг болсон.

Bloomberg: Энэ нь бичиг баримтын хадгалалт илүү ухаалаг болж байна гэж ойлгож болохоор юм байна. Тэгвэл энэ хоёр үйлчилгээг авснаар тухайн байгууллагад ямар хэмнэлт, давуу талууд гарах вэ?

Ер нь бидний гол зорилго бол үйлчлүүлэгч байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулахад чиглэж байна. Манай Compass Mate системийг ашиглаад бараг 100 сая төгрөгийн хэмнэлт гаргасан бодит жишээ байна. Тэр компани олон машинтай, том компани байсан учраас тээврийн хэрэгслээ хянаж удирдаж чадсанаар ийм үр дүнд хүрсэн байгаа юм. Энэ хэмнэлтээс гадна үйл ажиллагаа нь хяналттай, хэмжиж болох мэдээллийг эндээс авах боломж гарч байна. Цахим архивын системийн хувьд мөн адил. Жишээ нь банкны салбарт гэхэд зээлийн мэдээлэл гэх мэтээр өдөрт хэдэн арав, сард хэдэн зуун хүний хүсэлт авдаг. Тэрийгээ эргүүлээд архиваас үзэх, хянах зэргээр тухайн бизнесийн байгууллагад үл анзаарагдах маш олон дамжлага явагдаж байдаг. Энэ бол нэмэлт зардал шүү дээ. Үүнийг хялбар шийдэх арга бол цахим архивын систем байж болох юм.

Bloomberg: Нөгөө талаас бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжихэд түүний аюулгүй байдлыг яаж хангах вэ гэдэг асуудал үүсэх байх. Энэ талаар технологийн ямар шийдэл байж болох вэ?

Аюулгүй байдаг гэдгийг хоёр талаас нь авч үзэх нь зүйтэй юм. Нэгдүгээрт мэдээлэл устах, алга болох аюул байдаг. Тэгвэл цахимжуулсан мэдээллийг хадгалах, найдвартай ажиллагааг хангах технологийн олон шийдэл байна. Тэгэхээр мэдээлэл устах, алга болох эрсдэлийг бууруулах бүрэн боломж бий. Хэрвээ ямар нэгэн байдлаар, санамсаргүйгээр ч юм уу мэдээлэл алга боллоо гэхэд цаасан материалыг нь давхар хадгалж байх юм.

Хоёрдугаарт, мэдээлэл алдагдах буюу мэдээллийн аюулгүй байдлын асуудал байна. Манай компани энэ чиглэлээр олон бүтээгдэхүүн, систем, шийдлийг үзүүлж байна. Ер нь ямар ч байгууллагууд бизнесээ сайжруулъя гэвэл мэдээллийн технологи нэвтрүүлэхээс өөр аргагүй цаг үе ирсэн байна. Энэ тохиолдолд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад маш их анхаарах ёстой бөгөөд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй чухал ойлголт.

Bloomberg: Сүүлийн үед компаниуд IT мэргэжилтэнтэй байхаас илүү мэргэжлийн байгууллагын үйлчилгээг авах хандлагатай болсон. Танай компани олон байгууллагын мэдээллийн технологийг хариуцан ажилладаг гэж сонссон. Энэ хэмнэлттэй байгаа учраас компаниуд энэ төрлийн үйлчилгээг илүүд үзэж байгаа байх.

Байгууллага бүхэн IT багтай байлаа гэхэд тухайн систем бүр дээр хүнээ мэргэшүүлэх шаардлагатай болно. Бүх системийг мэддэг, аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг хангах сайн инженер тийм ч олон биш. Хүн авч сургаж ажиллуулна гэдэг цаг хугацаа, зардал ихтэй учраас IT- үйлчилгээг үзүүлдэг мэргэжлийн компанитай хамтран ажиллах нь олон давуу талтай. Энэ бол зардал хэмнэхээс гадна хамгийн гол нь үйлчилгээ нь илүү мэргэжлийн түвшинд байх юм. Дэлхийн хандлага яг ийм байна.

Тэгвэл Монголын компаниуд, хувь хүмүүс энэ мэт төлбөртэй үйлчилгээ авахад хэр бэлэн байгаа гэж та үзэж байна вэ?

Үүнийг 2 талаас нь харах хэрэгтэй. Манай байгууллагууд ямар нэгэн систем авахад эхний хөрөнгө оруулалт дээр их анхаардаг. Ингээд шинэ систем нэвтрүүлчихээд түүнийхээ арчилгаа, засвар үйлчилгээг орхигдуулж, хөрөнгө оруулалт нь ч харьцангуй багасгадаг. Гэтэл энэ хоёр хөрөнгө оруулалтыг давхар тооцох хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Bloomberg: Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсын 3 хүн тутмын нэг нь байнга online байдаг, нэг сая хэрэглэгчтэй энэ том зах зээл дээр тоглоход манай компаниуд хэр хангалттай ажиллаж байна. Энд сул орон зай хэр байдаг бол?

Монголын мэдээллийн технологийн салбарт сул орон зай байна. Гол нь эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотой. Сүүлийн 5 жилд манай улсад байгууллагын зах зээл эрчимтэй хөгжиж байна. Байгууллагууд ч мэдээллийн технологийн салбартаа хөрөнгө оруулалт хийдэг болсон. Сүүлийн 1-2 жил бага зэргийн бууралт ажиглагдаж байгаа ч энэ хүндрэлийг давахын тулд IT-г ашиглаж хүндрэлээс гарч байгаа газрууд ч олон байна. Нөгөө талаас нь харвал энэ салбарт өрсөлдөөн ихтэй. Гэхдээ нэг хүндрэлтэй зүйл гэвэл маш олон жижиг компани өрсөлдөж байгаа нь салбарынхаа хөгжилд сөргөөр нөлөөлөх хандлага байна.

Bloomberg: Ай Ти Зон компанийн хувьд анх байгуулагдаад компьютер тоног төхөөрөмжийн худалдааг голчилдог байсан бол сүүлийн үед илүү програм хангамж, систем шийдлийн үйлчилгээ давамгайлах болсон. Гэтэл гадны томоохон корпорацууд болох Google, Microsoft зэрэг компаниуд Монголыг жижиг зах зээл гэж голохгүйгээр бүтээгдэхүүнээ санал болгодог боллоо. Энэ нь манай дотоодын зах зээлд хэр нөлөөлж байгаа бол?

Энэ бол бидний хувьд том сорилт болж байна. Манай компани програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулаад арваад жил боллоо. Энэ хугацаанд арвин туршлага хуримтлуулсан гэж болно. Дотоодын систем интерагцийн компаниудад зах зээлийн орон зай байгаа. Яагаад гэвэл бизнесийн байгууллагын програм нь тухайн байгууллагын онцлогт тохирсон байдлаар систем, шийдэл гаргахад нийлүүлэгч талын оролцоо чухал байдаг. Энэ нийлүүлэгч нь Монголын компани байх нь үйл ажиллагаа, онцлогтоо тохирсон шийдлийг гаргахад маш том давуу тал болно. Дэлхийн том компанийн үйлчилгээг шууд авахад Монголын хөрсөнд сууж өгөхөд учир дутагдалтай. Гэхдээ яваандаа Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн байдлаар хөгжиж дэлхийн том компаниудын Cloud болон үндсэн том үйлчилгээг шууд авдаг болох байх. Харин тэр үед дотоодын компаниуд ч давхар хөгжиж, өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, шийдэл нэвтрүүлэх шаардлагатай болох юм. Нөгөө талаар монголын компаниуд эдийн засгийн байдлаа дагаж хөгжихөд мэдээллийн технологийн хэрэглээ ч нэмэгдэнэ. Тэр хэрээр манай зах зээл тэлсээр байх болно. 

Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор.Төр, банк санхүү болон бусад салбар дахь дижитал технологи, core дэд бүтэц шинэчлэлтийн томоохон төслүүдийг ахлан удирддаг. Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал, туршлагатай удирдагч.