February 27, 2015
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр Ай Ти Зон компани хөгжүүлсэн юм. Дэлхийн жишигт яг ийм том хэмжээний системийг дунджаар 20 жил хөгжүүлдэг бол монгол инженерүүд хоёрхон жилийн дотор гүйцэтгэсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Ингээд тус системийг хөгжүүлсэн Ай Ти Зон компанийн Програм хангамжийн хэлтсийн дарга С.Хишигбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
ES: Олон улсад туршлага болохуйц систем нэвтрүүлсэн танай хамт олонд юуны өмнө баяр хүргэе. 20 жилд хийдэг ажлыг яаж хоёрхон жилд амжуулж хийв ээ?
Манай компанийн хоёр системийн шинжээч, найман програмист нийтдээ арван хүний бүрэлдэхүүнтэй баг прокуроруудтай хамтраад Прокурорын Байгууллагын Үйл Ажиллагааны Мониторинг Удирдлагын системийг хийх ажилд 2011 оны 1-р сараас ороод 2013 онд хүлээлгэж өгсөн. Төсөл богино хугацаанд амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий гэж би боддог
1. Уг төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага нь аль хэдийн үүсчихсэн байсан.
Улсын ерөнхий прокурорын газар урьд нь 2 ч удаа өөр газраар ийм прокурорын байгууллагын мониторинг систем хийлгэх гэж оролдоод бүтээгүй байсан юм билээ.
Мөн Герман улсад прокурорууд нь ийм програм ашигладаг гэдгийг очиж судалсан, өөрсдөө бид нар ийм програмтай болох юмсан гэж хоорондоо их ярьдаг байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл хэрэглэгчид өөрсдөө ийм програмтай болохыг үнэхээр хүсэж байсан.
2. Захиалагч болон гүйцэтгэгчид нэг завинд сууж чадсан.
Аливаа програм хангамжийн төсөл амжилттай болоход хоорондын харилцаа их чухал байдаг.
Хэрэглэгчтэйгээ үл ойлголцох, бие биедээ үл итгэсэн харилцаа нь төслийн амжилтад муугаар нөлөөлдөг. Үүн дээр GIZ-ээс анхаарч төслийн баг, прокурорууд болон програмистуудыг хамт нь 20 хоног вакуум орчинд амрааж ажиллуулсан. Бидэнд харилцааны хувьд ямар ч асуудал үүсэж байгаагүй
3. Төслийн менежмент сайн хийсэн, програмистууд маань сайн ажилласан
Бид ажлаа цаг хугацаанд нь амжилттай өгөхийн тулд төслийн бүх үе шатанд юу юу хийхээ сайтар төлөвлөсөн. Төслийн нэг үе шат дуусахад дараагийн ажил нь юу хийх нь тодорхой, их ажил хүлээж байдаг байсан. Жишээ нь: Дэлгэцийн зохиомж гэсэн хэсэг дуусахад дараа нь хэн, хэн аль хэсгийг кодыг ямар хугацаанд хийх нь тодорхой хуваарилсан байдаг байсан.
4. Сургалтаа сайн хийсэн, гарын авлагаа сайн бэлдсэн.
Програмын төслийн монголчуудын нэг алддаг юм нь сайн програм хийчихээд гарын авлагад ач холбогдол өгдөггүй, сургалтаа сайн хийдэггүй тал бий. Бид сургалтаа хийхийн тулд 1 програмист, 2 прокурор бүхий 3 хүнтэй 5 баг гаргаж 21 аймгаар нэг нэгэнгүй явж бүтэн сарын турш сургалтаа хийж байсан. Гарын авлага дээрээ мөн ач холбогдол өгч GIZ-ээс прокурор бүрийн тоогоор гарын авлагыг 800 гаруй хувь өнгөтөөр хэвлүүлж байсан
5. Удирдлагын зүгээс сайн дэмжсэн, програмыг өдөр тутмын үйл ажиллагаатай нь уяж өгсөн.
Хэчнээн сайн програм хийгээд хэрэглэгч түүнийг бүрэн ашигладаг болоход удирдлагын зүгээс заавал дэмжлэг хэрэгтэй байдаг. Үүн дээр УЕПГ-аас бүрэн дэмжиж ажилласан бөгөөд уг програмыг өдөр бүр заавал ашигла гэсэн Улсын ерөнхий прокурор Дорлигжавын тушаал хүртэл гаргуулж байсан ( инээв).
Мөн бид системээ бүрэн ашиглуулахын тулд эрүүгийн хэргийн дугаарыг зөвхөн системээс авдаг болгох, улирлын тайлан мэдээг цаасаар авдгийг болиулж зөвхөн системээс авдаг болгосон. Ингэснээр прокурорууд маань програмыг ашиглахаас өөр ямар ч аргагүй байдалд орсон. Одоо улсын хэмжээнд прокурорын бүх байгууллагын тайлан мэдээ, гүйцэтгэлийн үнэлгээ манай програмыг ашиглаж гардаг.
Манай компанийн бусдаас ялгарах давуу тал нь бид хийсэн ажлынхаа үр дүнг үргэлж шалгаж, эргэх холбоотой ажилладаг. Бид хэзээ ч хийсэн програмын ажлаа эзэнгүй орхидоггүй. Бидний өмнө хийсэн програм хангамжийн төслүүд одоо хүртэл амьд хэвээр, биднээс байнгын засвар үйлчилгээг авсаар байгаа юм. Жишээ нь: Сангийн яамны Худалдан авалтын модуль хэмээх програм 10 гаруй жилийн өмнө хийлгэсэн програм дээр бид одоо хүртэл нэмж сайжруулалт, үйлчилгээ хийсээр байна.
ES: Системийн сайжруулсан хувилбарыг саяхан хийж дуусгасан гэж сонссон. Өмнөхөөсөө ямар давуу талтай болсон бэ?
Одоогийн нэмэлт хувилбар дээр хяналтын модуль буюу хэн, хэзээ, хаанаас орсон, ямар ямар үйлдэл хийснийг хянах бололцоотой болсон. Мөн прокуроруудын хүсэлтээр шинэ функц, боломжууд нэмэгдэж байгаа. Жишээ нь: Гомдол, хэргийг илүү олон нөхцөлөөр хайх, мөн Мэдээлэл Судалгаа Дүн Шинжилгээний Албанд зориулж хэргийн мэдээллүүд график үзүүлэлтүүдээр харуулдаг болсон гэх мэт олон боломжууд нэмэгдэж байгаа юм.
ES: Системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн нууцлалын тухайд...
Системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн нууцлал хамгаалах гэдэг их өргөн ойлголт л доо. Төхөөрөмжийн, сүлжээний, програмын гэх мэт олон хэсгүүдээс нууцлал хамаарна.
Прокурорын байгууллагын хувьд хүний хувь заяатай холбоотой мэдээллүүд хадгалагддаг учраас маш өндөр нууцлалтай байхыг шаарддаг. Бид өндөр нууцлал хамгаалалт бүхий систем бүрдүүлж чадсан.
ES: Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.