Б.Энхтайван: Барилгын ухаалаг систем зардал 2 дахин буруулна

February 23, 2015

Америкт хийсэн судалгаагаар 6000 метр.кв талбайтай барилгад хяналт, удирдлагын системийг суурилуулахад эрчим хүчний хэрэглээг 2 дахин бууруулсан байна. Үүнийг мөнгөн дүнгээр нь тооцож үзвэл жилд 172 мянган долларын цахилгаан хэмнэсэн бөгөөд энэхүү системийг суулгахад гаргасан өртгөө 1,7 жилийн дотор нөхсөн гэсэн тооцоо гарсан байдаг. Тэгэхээр урт хугацаандаа ямар их зардал хэмнэх нь тодорхой... Монголд аль хэдийнэ нэвтэрсэн энэхүү барилгын ухаалаг системийн талаар Ай Ти Зон ХХК-ийн Шийдэл хариуцсан борлуулалтын менежер Б.Энхтайвантай ярилцлаа.

ES: Барилгын нэгдсэн хяналт удирдлагын систем гэж юуг хэлээд байна вэ?

Барилгад маш олон дэд системүүд суурилуулагддаг. Галын дохиолол, нэвтрэх хяналтын систем, хяналтын камерын систем гэх мэт барилгын аюулгүй байдал, хэвийн үйл ажиллагааг бүхэлд нь хянаж, зохицуулдаг системүүдээс гадна оффис болон эмнэлгийн барилгын тав тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор агааржуулалт, халаалт, хөргөлт, гэрэлтүүлгийн системүүдийг суурилуулах шаардлага гардаг. Эдгээр системүүд нь өөр өөрийн удирдлагын болон хяналтын сервертэй.

Жишээ нь: Галын дохиоллын системийг зөвхөн дохиоллын панел нь л удирддаг. Тэр нь хяналтын камертайгаа холбогдоогүй байдаг. Мөн халаалт, хөргөлтийн систем нь өөрийнхөө удирдлагын хэсгээр удирдагдаж, агааржуулалтын системтэйгээ уялдаагүй байдаг. Ингэснээр нэг барилгад маш олон төрлийн системүүд хоорондоо харилцан уялдаагүй байдлаар суурилагдах тохиолдол бий.

Барилгад маш олон дэд системүүд суурилуулагддаг. Үүнээс үүдэж инженерүүдэд ихээхэн хүндрэлтэй байдал үүсч, өөр өөр үйлдвэрлэгчийн олон системүүдийг суралцах шаардлага гардаг. Мөн эвдрэл гарлаа гэхэд засварлахын тулд инженерийн бүхэл бүтэн баг ажиллах хэрэгтэй болно. Олон төрлийн системийг зэрэг, байнга хянах боломжгүй байдаг учраас гэнэтийн осол, аваар гарах эрсдэл нэмэгдэнэ. Энэ нь барилга эзэмшигч болон түрээслэгчдийн зардлыг өсгөдөг.Зардлыг бууруулах арга зам нь барилгын нэгдсэн хяналт, удирдлагын системийг суурилуулах юм.

Энэ систем нь Efficient, Safe, Comfortable гэсэн гурван гол түлхүүр санаагаар илэрхийлэгддэг. Нэг үгээр хэлбэл, барилгын нэгдсэн хяналт, удирдлагын систем бол барилгын аюулгүй, тав тухтай орчинг нэгтгэж өгсөн систем юм. Энгийнээр бол барилгын уламжлалт дэд системүүд дээр барилгын хяналт удирдлагын системийг нэмснээр барилгын ухаалаг систем бий болж байгаа юм.

Бүгдийг нь нэг дороос удирдаж хянах боломжтой болно гэсэн үг.

ES: Барилгын хяналт удирдлагын системийг суулгаснаар ямар давуу талтай вэ?

Нэгдүгээрт: Зардлыг хэмнэнэ. Жишээлбэл оффис түрээслэгчид ажлаа тараад гэрлээ унтраахгүй явах тохиолдол их байдаг. Харуул орж ирж гэрэл унтраахгүй л бол маргааш ажил цуглатал гэрэл асаалттай байна. Хяналт удирдлагын системийг суулгаснаар оффисоос хүн гарч явсан тодорхой хугацааны дараа гэрэлтүүлгийн систем хүн байхгүйг мэдрээд гэрлийг автоматаар унтраах юм. Мөн халаалт, агаар сэлгэлтийн систем нь температур, нүүрс хүчлийн хийгээ мэдрээд агаар сэлгэлтийг зөв зохистой ажиллуулах юм.

23 давхар барилгын аюулгүй байдлыг хангахын тулд инженерүүд 24 цагаар ээлжээр, өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай болно. Тэгвэл хяналт удирдлагын нэгдсэн системийг суурилуулснаар өндөр цалинтай инженерүүдийг ажиллуулалгүй, зөвхөн операторуудыг 24 цагаар, инженерүүдээ дуудлагаар ажиллуулах боломжтой болно.Ингэснээр том барилгын эзэд 3-4 оффисын барилгын дунд нэг халаалт, хөргөлт, галын инженер ажиллуулах боломжтой. Зардлаа гурав дахин багасгах боломжтойгоос гадна инженерүүдийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.  

Хоёрдугаарт: Тав тухыг бий болгоно. Монголд баригдаж буй ихэнх барилгуудын өрөөний халаалтын системийг удирдах боломжгүй байдаг. Үүнээс үүдэн оффис дотор өвөл болон зундаа хэт халуун, хавар намартаа хүйтэн байх гэх мэт тав, тухгүй байдал үүснэ. Тухайн барилгын халаалт, хөргөлт, чийгшил гэх мэт хэсгийг нэгдсэн байдлаар, хоорондын хамаарлыг бий болгож удирддаг болсноор илүү тав тухтай орчин бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Тав тухтай ажлын орчинд ажиллаж буй хүмүүсийн бүтээмж 25%-аар ихэсдэг гэсэн судалгаа байдаг.

Гуравдугаарт: Аюулгүй байдлыг хангана. Барилгыг галын аюулаас хамгаалахаар галын хамгаалалтын Спринклер систем болон галын дохиоллын системийг суурилуулдаг. Мөн гадны халдлагаас хамгаалах зорилгоор камерын хяналтын систем, нэвтрэх хяналтын системүүдийг суурилуулдаг. Гэхдээ эдгээр нь зөвхөн өөр өөрсдийн хязгаарлагдмал функцүүдээр ажилладаг ба нэгтгэн удирдана гэдэг нь өөрөө аюулгүй байдлыг дээшлүүлэх өндөр боломж юм.

Жишээ нь: Гал гарсан үед тухайн хэсгийн агааржуулалтыг зохицуулж, галыг хязгаарлах автомат функц ажиллаж байхад тухайн давхруудын хаалганы бүх цоожийг нэвтрэх хяналтын систем нь идэвхгүй болгоно. Мөн хяналтын камер нь тухайн хэсгийн бичлэгийг харуулах ба тухайн агшинд зарлан мэдээлэх системээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч байна, бүх лифтийг лифтний удирдлагын систем нь 1-р давхарт аваачин нээх үйлдлийг автоматаар хийх гэх мэт хоорондоо харилцан хамааралтай ухаалаг зохицуулалтыг барилгын хяналт удирдлагын нэгдсэн систем олгодог. Манай улс газар зүйн байршлаараа үер ус, хар салхи зэрэг байгалийн эрсдэлээс хол давуу талтай байдаг. Гэхдээ бидэнд хамгийн том эрсдэл бол галын аюул юм. Тиймээс бид галын дохиоллын систем суурилуулалтдаа өндөр ач холбогдол өгч ажилладаг.

Buillding management system

Эцэст нь, эдгээр гол давуу талууд нь аюулгүй байдлыг бүрэн хангаж, барилгын үнэ цэнийг өсгөх юм. Барилгад ухаалаг систем суурилуулж тав тухтай, аюулгүй орчинг бүрдүүлснээр тэнд үйлчлүүлж буй хүмүүсийн сэтгэл ханамж өндөрсөнө, дагаад тухайн оффис, эмнэлэг, сургуулийн нэр хүнд сайжирна. Одоо баригдаж байгаа барилгууд бүгд л хотын төвд, загвар дизайн сайтай байна. Гол ялгарах зүйл нь энэ бүх зайлшгүй шаардлагатай дэд системүүд нь хоорондоо уялдаатай нэгдсэн хяналт, удирдлагад холбогдсон эсэх, агааржуулалт болон халаалт, хөргөлт нь ухаалгаар зохицуулагдаж таны урсгал зардлыг бууруулж чадаж байгаа нь түрээслэгч, түрээслүүлэгчдийн сонирхох гол хүчин зүйл болох юм.

ES: Манай улсад барилгын хяналт удирдлагын нэгдсэн системийг бүрэн суурилуулсан барилга баригдсан уу. Энэ системийг суурилуулах боловсон хүчин манайд бий юу?

Хамгийн сүүлд ашиглалтад орсон “Интермед” эмнэлэг барилгын ухаалаг системийг цогцоор нь бүрэн суурилуулсан. Ер нь бол энэ системийг ашиглахад их хялбар. Гэхдээ цоо шинэ систем нэвтрүүлж байгаа гэдэг утгаараа тодорхой хугацааны сургалтад хамрагдах ёстой. Манай компани системээ суулгаж өгөөд, сургалт хийж, зүгширтэл нь хамтран ажилладаг.

ES: Дэлхий нийтэд оффис, эмнэлэг, сургуулийн барилгын аюулгүй байдал, тав тухтай орчинг хэрхэн хангадаг вэ?

CABA буюу Continental Automated Buildings Association -аас хийсэн судалгаагаар Америк, Канадын барилгын зах зээл дээр оффисын барилгын 50-70 хувь нь энэ системийг ашигласан байдаг. Учир нь дэлхий дахинд эрчим хүчний хэмнэлт маш хурцаар тавигдаж байгаа. Манайхаас өөр оронд цахилгааны өртөг маш өндөр. 2050 он гэхэд дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өснө гэсэн тооцоо бий. Өртгөө нөхдөг энэхүү системийг дэлхий нийтэд маш их ашиглаж байна.

ES: Барилгын хяналт удирдлагын нэгдсэн систем манай улсад дөнгөж орж ирж байна. Хэдий хугацааны дараа хүмүүс энэ системийг ойлгож, өргөн ашигладаг болох бол?

Манайх 2012 оноос хойш Монголын зах зээлд энэхүү системийг нэвтрүүлж эхэлсэн. “Интермед” эмнэлэг дээр бүрэн суурилуулсан. Ер нь компаниуд энэ системийг маш их сонирхдог. Хамгийн гол нь цаашдаа ач холбогдлыг нь мэдэрснээр өргөн ашиглаж эхэлнэ гэж бодож байна. Барилга барихдаа анхнаасаа энэ системийг төлөвлөж, бусад дэд системүүдтэйгээ уялдуулан суурилуулах хэрэгтэй. Баригдаад 10-аад жил болж байгаа барилгад хяналт, удирдлагын нэгдсэн системийг суурилуулахад анх баригдаж байгаагаас илүү өндөр өртгөөр суурилагдана. Анхнаасаа төлөвлөөд суурилуулбал бусад дэд системүүдтэйгээ уялдуулах учраас зардал хамаагүй бага байна.

Intermed Building Automation System by ITZone

ES: Үнийн хувьд ямар байх вэ? 20 давхар барилгад хяналт, удирдлагын нэгдсэн систем суурилуулахад ямар өртөгтэй байдаг бол?

-Барилгын талбайнаас хамаарна. Мөн тухайн барилгад суурилуулах дэд системийн тооноос хамаарч үнэ нь харилцан адилгүй байна. Зарим хүмүүс цахилгаанаа удирдахгүй байх хүсэлтэй байж болно. Захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шийдлийг яаж ч гаргаж болох тул энэ бүгдээс хамаарч үнэ өртөг гарна.

ES: Хувийн хауст энэ системийг суулгах боломжтой юу?

Ер нь болно. Гэхдээ үүнийг арай өөрөөр нэрлэдэг. Ухаалаг гэрийн систем гэдэг. Энэ бол удирдах, хянах зорилготой систем. Сургууль, зочид буудал, эмнэлэг, оффисын барилгуудад мөн тохиромжтой. Орон сууцны конторууд ч ашиглаж болно. Бусад дэд системүүдийг хэрхэн удирдаж, зөв зохицуулж, хэрэглээний өртгөө бууруулах вэ гэдгийг л шийдэх юм. Жишээ нь бид гэрийн ухаалаг системийг Хийморь хотхонд бүрэн суурилуулсан.

ES: Танай компанийн хувьд энэ системийг нийлүүлэхээс гадна барилгатай холбоотой ямар дэд системүүд хийдэг вэ?

Манайх 2000 оноос хойш барилгын холбоо дохиоллын чиглэлээр олон ажлуудыг хийж байна. Бидний гүйцэтгэсэн томоохон төсөл бол Интермед эмнэлэгт Европ стандартын дагуу галын дохиолол, хяналтын камер, зарлан мэдээлэх, нэвтрэх хяналтын систем, хурлын өрөөний систем гэх мэт ухаалаг барилгад байх ёстой бүх системийг хийсэн. Мөн бид хяналтын камерын системийг Монголын алт компанийн төв оффис, мөн тус компанийн Нарийн сухайтын уурхай, Хөх цавын цементын үйлдвэр гэх мэт газар хийсэн. Мөн Хаан болон Улаанбаатар банкны хөдөө орон нутаг, Улаанбаатар хот дахь бүх салбаруудад хяналтын камерын системийг нэвтрүүлсэн. Зайсанд баригдсан Будда виста, Белла виста хорооллуудад галын дохиоллын систем, домофон систем, хяналтын камерын системийг цогцоор нь шийдэж өгсөн. Мөн Вива сити хорооллын 33 блок барилгын галын дохиоллын болон хяналтын камерын системийг хамтад нь шийдэж өглөө. Нэвтрэх хяналтын системийг гэхэд НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын төв байр, Цаст констракшний барьсан ICC Tower -ийн хийсэн гэх мэт маш олон ажлыг нэрлэж болохоор байна.

ES: Хамгийн давуу тал нь гэрэл, дулаанаа удирдаж, хэмнэлт хийх боломжтой гэж байна. Хэдий хэмжээний хэмнэлт гаргах боломжтойг судалсан судалгаа бий юу?

Америк болон Европын стандартад барилгыг эрчим хүчний хэрэглээгээр нь A, B, C, D гэж ангилдаг. Энэ нь барилгын автоматжуулалт аль аль хэсэгт нь орсон бэ гэдгээс хамаарч байгаа юм. Анхнаасаа барилгын автоматжуулалт суурилуулаагүй бол эрчим хүчний хэрэглээ маш өндөр буюу D зэрэглэлд орно.

Энэ нь зөвхөн агааржуулалт, галын аюулгүй байдал гэх мэт тодорхой хэсгийг удирдсан байдаг. Эрчим хүчний ямар ч хэмнэлтгүй барилга юм. А зэрэглэл буюу хяналтын системийг бүрэн суурилуулсан барилга, С түвшний  барилгаас эрчим хүчийг хоёр дахин бага хэрэглэдэг. Америкт хийсэн судалгаагаар 6000 метр.кв талбайтай барилгад хяналтын систем анх байхгүй байхад эрчим хүчний хэрэглээ маш их байсан.

Манай улсад ерөнхийдөө С стандартын барилгууд баригдаж байна. 

Удирдлагын системийг суулгасны дараа эрчим хүчийг хоёр дахин хэмнэсэн. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол жилд 172 мянган долларын цахилгаан хэмнэсэн гэсэн үг. Энэ системийг суулгахад гаргасан өртгөө 1,7 жилийн дотор нөхсөн гэсэн тооцоо гарсан байдаг.

Монголд бол цахилгааны үнээс хамаарч энэ хугацаа арай их байна. Барилгын дэд системүүд зардлаа нөхдөггүй, зөвхөн тав тухыг бүрдүүлдэг. Эдгээрийг удирдаад зардлыг нөхүүлэх боломжийг барилгын нэгдсэн хяналт, удирдлагын систем буюу Building Management System олгоно.

ES: Ярилцсанд баярлалаа.

Танд болон танай компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

Б.Энхтайван

Ай Ти Зон компанийн Систем интеграцчиллын газрын дарга. Аюулгүй байдал, хяналтын камерын систем, нэвтрэх хяналтын системийн чиглэлээр мэргэшсэн. Жижиглэн худалдаа, үйлчилгээний салбар төвүүдийг нэгдсэн удирдлагын системд холбох төслүүдийг ахлан удирддаг.