Л.Заяа: Дэлхийд тэргүүн туршлага болсон системийг хөгжүүлж чадлаа

March 02, 2015

Саяхныг хүртэл манай прокурорууд ажлын цагийнхаа 60-80 хувийг 37 төрлийн бүртгэл хөтлөхөд зарцуулдаг байжээ. Тэр ч байтугай бүртгэл хөтөлсөн тухай бүртгэл хүртэл хийдэг байсан нь үндсэн ажлынх нь бүтээмжийг илт бууруулдаг байж. Гэхдээ одоо бол өөр. 2013 оноос хойш Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг нэвтрүүлснээр энэ бүх бичиг цаасны ажлаас холдож, үндсэн ажлаа буюу үнэн худлыг дэнслэх үндсэн үүргээ биелүүлэх боломжтой болсон гэсэн үг. Энэ системийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр Ай Ти Зон компани хөгжүүлсэн юм. Дэлхийн жишигт яг ийм том хэмжээний системийг дунджаар 20 жил хөгжүүлдэг бол монгол инженерүүд хоёрхон жилийн дотор гүйцэтгэсэн нь олон улсын анхаарлыг татаж байна. Нэмж хэлэхэд, мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг гэгдэх Энэтхэг улсын инженерүүд энэ ажлыг анх эхлэх үед “Ийм богино хугацаанд энэ ажлыг хийх боломжгүй” гэж байсныг дурдах хэрэгтэй. Бид болохгүй бүтэхгүйг бичиж, ярихыг хойш тавьж, Монголчуудын бүтээж чадсан нэгэн түүхийг хуваалцаж байгаадаа баяртай байна.

Системийг прокурорууд 2013 оноос эхлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд эхний хувилбарын сайжруулалт хийгдэж, 2-р хувилбарыг нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Ингэснээр систем хэрэглэхэд илүү хялбар, чанартай боллоо гэсэн үг. Ингээд Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг бүтээсэн хамт олонтой ярилцсанаа хүргэе.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” Төслийн удирдагч Л.Заяа

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” Төслийн удирдагч Л.Заяа

 

ЭНЭ СИСТЕМИЙГ БҮТЭЭСЭН ТҮҮХ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИЛДЭГ ЗАГВАР БОЛЖ ЧАДСАН

ES: Танай байгууллага (GIZ) чухам яагаад энэ системийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн бэ?

Дэлхийд эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн улсууд ийм системтэй. Энэ нь тухайн орны онцлог, хууль эрх зүйн байдлаас шалтгаалан өөр хоорондоо ялгаатай байдаг. Манай улс ч ийм системтэй болох шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Та бод доо, прокурор хүн хуулийн дагуу хэргийг шалгах, хянах ёстой байтал бүртгэл хөтөлж хамаг цагаа бардаг байсан тул Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн системийг хөгжүүлэх тендер зарлагдаж, Ай Ти Зон компани шалгаран энэ том төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан.

ES: Тэгэхээр энэ системийг нэвтрүүлснээр гарсан үр дүнг та хэрхэн үнэлж байгаа вэ?

Энэ систем прокурорын үндсэн ажилдаа зарцуулах цагийг нэмэгдүүлэхээс гадна алдаа гаргах эрсдэлийг багасгасан. Прокуроруудын хэргийг хянах, шийдэх хугацаа нь богино болж, тэр хэрээр иргэд ч хэргээ шийдүүлэх гэж удаан хүлээхээргүй боллоо гэсэн үг. Энэ бол иргэдэд ирж байгаа маш том үр дүн гэж ойлгож болно. Мөн тухайн байгууллагын дотоодын хяналтыг хэрэгжүүлэхэд хялбар болж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нэг үндэс болсон. Өөрөөр хэлбэл хэрэг хянах, шийдэх үед гардаг нийтлэг алдаагаа засах боломжийг энэ систем олгож байгаа юм. 

ES: Алдаа гаргах эрсдэлийг багасгаж байгаа гэлээ. Энэ тухайд?

Прокурор хэрхэн ажиллах тухай хуулиуд байгаа. Бас тэр хуульд  нийцүүлэн ажиллах журмууд гээд дагаж мөрдөх ёстой алхмууд олон байдаг. Тэгвэл энэ систем үүнийг заавал хийхийг шаарддаг. Хүн өөрөө ч анзааралгүй, эсвэл мэдэхгүйгээс болж алдаа гарах эрсдэлийг систем багасгаж байгаа юм. Санамсаргүй болон санаатай хийсэн алдааг анхааруулж, хэргийг шийдвэрлэх хугацааг сануулдаг.

Нэг прокурор жилд дунджаар 200-1000 орчим хэрэгт ял төлөвлөдөг. Нэг хэрэгт 5-19 хоног зарцуулах стандарт хугацаатай. Гэхдээ ажлын ачаалал, бусад асуудлаас болж зарим нь орхигдох, шийдэгдэхгүй удах тал бий. Харин системийн шийдэлд прокурорын ажлыг сануулах тохиргоо бий. Өглөө компьютерээ асаахад дэлгэцэд 3 төрлийн өнгө асна.

  • Ногоон: Хугацаа дуусах болоогүй хэргүүд
  • Шар: Хугацаа дуусах дөхсөн хэргүүд
  • Улаан: Хугацаа дууссан хэргүүд

Гэрлээ хараад ямар хэрэг дээр хамгийн түрүүнд ажиллах ёстойгоо шийдэж байгаа юм. 

ES: Одоо энэ системийг хэдэн хүн хэрэглэж байна вэМанай прокурорууд иймэрхүү технологийн шийдлийг хэр хүлээж авч байна?

Одоогоор 800 гаруй хэрэглэгчтэй. Анх системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд орон нутгийн бүх салбартаа очиж сургалт зохион байгуулан, тусгай гарын авлагаар бүрэн хангасан. Үргэлж цаас, балтай ажиллаж байсан зарим хүмүүст эхлээд хүндрэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Харин одоо бол тэдний ажлын нэг хэсэг нь энэ систем болчихоод байна. Хоёр дахь шатны сайжруулалт туршилтын шатандаа явж байна. Бид дахин сургалт явуулж, системийнхээ 2-р хувилбар дээр ажиллах зааварчилгаа өгнө.

Мөн системтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэж, байнга хөгжүүлж байх ажлын байрыг ч бий болгож, бүх шатны прокурорын байгууллагын дэргэд Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албыг байгуулсан. Одоогоор эдгээр мэргэжилтнүүд нь Ай Ти Зон компанийн програмистуудаас суралцсаар байна. Шинэ систем нэвтрүүлэхтээ зэрэгцээд аймаг, нийслэлийн бүх шатны прокурорын байгууллагуудыг шилэн кабелаар холбох ажлыг хийж амжуулсан. Ингэснээр системийн аюулгүй байдал, нууцлалын хувьд найдвартай болсон бөгөөд системд зөвхөн прокурорын байгууллагын дотоод сүлжээнээс нэвтрэх боломжтой.

ES: Олон улсад тэргүүн туршлага болохуйц системийг монгол инженерүүд маань маш богино хугацаанд гүйцэтгэсэн нь бахархууштай сонсогдож байна. Санхүүжүүлэгч байгууллагын хувьд хүссэн үр дүндээ хүрсэн гэж үзэж байгаа юу?

Манай байгууллага дэлхийн 130 гаруй улстай хамтын ажиллагаатай. Түүнээс 20 гаруй улсад хууль, эрх зүйн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. Энэ 20 гаруй улсуудад манай систем тэргүүн туршлага болж чадсан. 2013 онд Герман улсын шинжээчид ирж үзээд тэргүүн туршлага мөн юм гэдгийг албан ёсоор хэлсэн. Бид Монгол талаасаа хамтран ажиллаж байгаагийн хувьд энэ үгийг сонсох үнэхээр сайхан байсан. Өдөр шөнийг ялгалгүй бүх сэтгэл зүрхээ гарган ажилласны үр дүнд Ай Ти Зон компанийн програмист, инженерүүд мэргэжлийн “үнэмлэхгүй” прокурор, харин манай прокурорууд “дажгүй сайн” програмистууд болчихоод  байна. Энэ нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны нэг том ололт юм шүү дээ. Үнэнийг хэлэхэд анх тендерт Ай Ти Зон (Тухайн үед М Си Эс Электроникс ХХК байсан) ялахад би таатай хандаагүй. Харин өнөөдөр бид үнэхээр сэтгэл ханамжтай байна. Бас монгол инженерүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бидний хувьд Германы ард түмний татварын мөнгөнөөсөө илүүчлэн байж ирүүлсэн мөнгийг эх нутагтаа хэрэгтэй юм болгоод үлдээчих юмсан л гэж хичээж ажилладаг даа.

ES: Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.