April 27, 2015
Электрон систем зохион бүтээдэг Монголын цөөхөн компанийн нэг Хайрхан Семикондакторс компанийн Гүйцэтгэх захирал М.Баярпүрэвтэй Монгол нэрээр овоглосон электроникийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах, мөн оюуны өндөр чадвартай залуусаа Монголынхоо төлөө ажилладаг байгаасай гэх хүсэл тээж яваа тухай нь сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу.
ES: Юуны өмнө компанийнхаа тухай болон яагаад энэ чиглэлийн компани байгуулах болсон талаараа ярихгүй юу?
Сүүлийн жилүүдэд монголын их, дээд сургуулиуд сургалтаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажилд ач холбогдол өгч эхэлж байна, МУИС ч мөн судалгааны багуудаа боломжоороо дэмжин ажиллаж байна. Бид 2012 онд анх МУИС-ийн залуу багш нар болон зарим шавь Д.Нанзадрагчаа, Р.Амартүвшин, Б.Алтанцоож, Б.Золбоо, Гантулга нартай багаа бүрдүүлж, компаниа байгуулсан. Манай компани оригналь электрон систем зохион бүтээх, програм хангамж хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг ба ирээдүйд өөрсдийн судалгааны үр дүнгээ бүтээгдэхүүн болгож гадаад зах зээлд зарна гэсэн хэтийн зорилготой.
Дотоодын их сургуулиуд электрон систем зохион бүтээх мэдлэг чадвартай боловсон хүчинг чадан ядан бэлтгэн гаргадаг ч энэ чиглэлээрээ бүтээгдэхүүн гаргах, R&D (судалгаа хөгжүүлэлт) хийх ажлын байр Монголд маш цөөн байна. Манай гурван ч шавь одоо Sony LSI-д энэ чиглэлээр ажиллаж байна. Зохион бүтээх хүсэл эрмэлзэлтэй чадварлаг залуусаа бүгдийг нь гадаад руу явуулаад байх нь тогтвортой хөгжил биш боддог учир зориг шулуудан Япон багш, найз нөхдөөсөө мөнгө зээлээд энэ компаниа байгуулсан.
ES: Танай компани одоогоор ямар судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийж байна?
Судалгааны ажил гэвэл утасгүй холбооны BFDM (Biorhogonal Frequency Division Multiplexing) модуляц, MIMO системийн оновчтой кодбүк, автопаркингийн оновчтой зам төлөвлөлт, стерео камер ашиглан объектын 3D координат олох гэх мэт хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна. МУИС-д ажиллаж байгаагийн хувьд судалгааны ажил дээр хүн хүч сайтай байдаг. Угаасаа судалгааны ажил нь их сургуулийн сургалтын салшгүй нэг хэсэг байдаг. Манай багт элсэн орсон оюутнууд бүгд судалгаа хийдэг. Судалгааны үр дүн сайн гарсан сэдвүүдээ цааш хөгжүүлэлт хийж бүтээгдэхүүн болгодог. Бүтээгдэхүүн болгох нь харин мэргэжлийн өндөр ур чадвар, боловсон хүчинг шаарддаг. Санхүү, борлуулалт болон календарьчилсан төлөвлөгөөгөө сайн боловсруулахгүй бол өөрсдийн хөрөнгө мөнгөө шатаагаад дуусгана. Гарааны компаниудад санхүүжилтийн яг энэ хүнд үеийг туулахад нь тусалдаг гадаад, дотоодын сангууд байдаг. Шинжлэх ухаан технологийн сан ийм л зориулалттай сан. Гэхдээ энэ сангийн төсөв дэндүү бага, мань мэтэд олддоггүй. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлаад хөгжүүлэлт хийдэг. Жишээ нь манай BFDM, автопаркингийн оновтой зам төлөвлөлтийн систем нэлээд урагшилсан.
Эдгээрээс гадна манай компани сүүлийн хоёр жил санхүү, хүн хүчнийхээ бүхий л нөөцийг NetEMS системдээ зориулж байна. Энэ бол хөдөлгөөнт холбооны бааз станцыг алсаас буюу NOC (Network Operation Center) төвөөс хянаж, удирдах хардвер болон сервер софтвер систем юм. Бид энэ системээ урт хугацаанд туршиж, тууштай сайжруулалт хийн нэлээд тогтвортой болгосон. Одоогоор NetEMS систем маань Мобиком компанийн 20 сайт дээр ажиллаж байна.
ES: Монголд програм хангамж хөгжүүлдэг олон компани байдаг. Эдгээрээс электрон систем зохион бүтээдэг компаниуд хэр олон байдаг вэ?
Монголд 1980-аад оны дунд үеэс эхлэн компьютер, PBX зэрэг электрон төхөөрөмж угсарч, зохион бүтээж эхэлсэн. Монел гэж алдартай үндэсний брэнд үүсч, 1990-ээд онд задарсан ч тэнд ажиллаж байсан залуус бие даан ажилласаар байсан. Монтел, Мандал зэрэг компаниуд электрон систем зохион бүтээж байсан бөгөөд миний мэдэхийн M-Си-Эс Электроникс ч 1999 онд Н.Энхболдоор ахлуулан Эрдэнэтийн ГОК-ийн РСЭЛ лабораторийн автоматжуулах төсөл дээр өөрсдөө хардвер зохион бүтээж байсан.
Би оюутан байхдаа түүнд нь оролцож л явлаа. Гэхдээ зах зээлийн аясаар ихэнх компаниуд гадны бэлэн бүтээгдэхүүн борлуулах, систем интеграц хийх болсон. Энэ нь ч аргагүй биз. Сайн бүтээгдэхүүн зохион бүтээхэд асар өндөр R&D зардал гардаг. Ингэж бүтээсэн системээ олон тоогоор зарж байж л ашиг гарна. Гэтэл Монголын жижигхэн зах зээлд олон тоогоор зарагдах бүтээгдэхүүн тун цөөн. Ядаж эдгээрийнхээ боломжтой хэсгийг харилцан ойлголцоод дотооддоо үйлдвэрлэхийг хичээгээд байвал гадагш урсах асар их валютыг хэмнэж болно. Тэгвэл худалдан авагч ч, үйлдвэрлэгч ч хожих ёстой. Мэдээж аль аль талдаа санхүүгийн хатуу хариуцлага үүрэхгүй бол завхрал үүсч мэдэх юм. Ингэж чадахгүй байгаагаас дотоодын олон дизайн хаусууд үүдээ барьж байх шиг. Мэдээж тогтвортой хөгжье гэж бодож байгаа бол зохион бүтээлтийн компаниуд гадаад зах зээл руу л чиглэх ёстой.
ES: Монгол инженерийн бүтээл гадаад зэх зээлд борлогдох боломж бий юу?
Сүүлийн үед залуус гадаад зах зээл руу гарах гэж их зүтгэж байна. Жишээ нь миний мэдэхийн ШУТИС-ийн МХТС-ийн багш нарын байгуулсан “Аметрос Технологи” гээд компани өөрсдийн таблет компьютерийг үйлдвэрлэх гээд зүтгэж байна. Манай төгсөгчдийн байгуулсан “Гийнгоо лабс” ХХК-ийнхан нано квадкоптерийн хардвер, софтвер платформ хөгжүүлж Sparkfun дээр зарахаар гэрээ хийгээд явж байна. Японы KSJ ХХК-д ажилдаг А.Алтанбилэг Xilinx-ийн ZynQ7000 систем-чип ашиглан үйлдвэрлэлийн компьютер хөгжүүлж Японы зах зээлд гаргасан гээд сайхан жишээ цөөнгүй байна.
ES: Та компанийнхаа ойрын зорилгоос хуваалцахгүй юу?
Бид NetEMS системээ гадаад зах зээлд борлуулахсан гэсэн мөрөөдөл бий. Мөн энэ системээ жаахан хувиргаж серверийн өрөө, хяналтын клауд шийдэл гаргахаар ажиллаж байгаа. Бусад хөгжүүлэлтийн ажил дээр ч ажиллаж байна. Энэ талаар одоохондоо хэлэхэд арай эрт байна.
Түүнээс гадна манай МУИС-ийн багийн хагас дамжуулагч чип дизайны төсөл ЖАЙКА-ын Инженерийн дээд боловсролыг дэмжих төсөлд хамрагдахаар болсон. Япон талаас Токиогийн Их сургуулийн VDEC (чип дизайны сургалтын төв)-тэй хамтарч байгаа. Энэ төсөл 8 хүртэлх жил орчим хэрэгжинэ. Чип зохион бүтээх хүсэлтэй залуус бидэнтэй чөлөөтэй нэгдээрэй гэж уриалмаар байна.
ES: Их сургуульд багшлаад, хажуугаар нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад бэрхшээл тулгардаг уу?
Бүтээгдэхүүний R&D хийх ажил бол угаасаа бидний мэргэжил. Бид энэ мэдлэгийг оюутнууддаа зааж, эзэмшүүлдэг болохоор ямар ч бэрхшээл үүсдэггүй. Харин компанийг авч явахад зайлшгүй шаардлагатай санхүү, бизнес менежмент зэрэг тал дээр бол асуудлууд үүсдэг.
Монгол улсад төдийгүй дэлхий нийтээр сүүлийн үед MIT, Стэнфордийн Их Сургууль зэрэг антерпренёр их сургуулийн загвар, инновацийн тухай хүчтэй ярьж байна. Эдгээр сургуулиуд судалгааны үр дүнгээ зарж (технологи дамжуулалт) бизнесийн харилцаанд ордог. MIT гэхэд 1984 оноос хойшхи статистикаар 300 гаруй гарааны (start-up) компани үүсгэсэн байдаг. Японы их сургуулиуд жаахан хоцорч яваа ч сүүлийн үед хуулийн этгээд болж, аж үйлдвэртэй бизнес түвшинд хамтарсан R&D хийж, дэргэдээ венчур бизнес инкубаторуудтай болж байгаа. МУИС ч бас энэ чиг хандлагыг дагаж антерпренёр их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаагийн нэг жишээ нь манай компани.
ES: Та Японд сургууль төгссөн болохоор энэ талын харилцаа холбоо сайтай байх нь?
Би Монбушёгийн тэтгэлэгээр Нагоягийн Их сургуульд сурч доктор хамгаалсан. Тэнд хөдөлгөөнт радио холбооны чиглэлээр судалгаа хийдэг байсан. Манай багш Тоёотагийн төв R&D лабораторид намайг ажилд оруулахаар ярьсан байсан л даа. Тэр үед Ч.Лодойравсал маань МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал болчихсон, намайг хүрээд ирээч хамтдаа электроникийн салбараа хөгжүүлье гэж дуудсан. Би ч сурсан мэдсэн жаахан зүйл байдаг юм бол түүнийгээ бусдад түгээж монгол залуусын бүтээлийг дэлхийд зарах юмсан гэсэн чин хүсэл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн нутаг буцахаар шийдсэн.
ES: Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил, үйлсэд тань өндөр амжилт хүсье.