November 23, 2015
Энэ гараг дээр юу хамгийн их байна вэ гэвэл элдэв мэдээлэл, дата гэж хариулахад буруудахгүй болов уу. Хүн бүхэн ажлын болон амины компьютер, гар утас, таблет, ухаалаг төхөөрөмжүүд ашиглаж, дээр нь интернэт орчинд асар их мэдээлэл солилцож, тэдгээр мэдээллүүд жил сараар бус минут секундээр өсөн нэмэгдэж байна. Энэ бүх мэдээллийн 90 хувь нь сүүлийн хоёрхон жилийн дотор нэмэгдсэн гэх бөгөөд цаашид улам хурдтайгаар нэмэгдэх хандлагатай байгааг дэлхийн технологийн томчууд мэдэгдээд байна. Тэгвэл энэ их мэдээллийг зөв ашиглаж чадвал асар их боломжийг өөртөө нээх бөгөөд үүнд туслах технологиуд, бизнесийн салбарт бий болоод байгаа тухай Ай Ти Зон компанийн Дэд захирал Б.Цээсүрэнтэй ярилцлаа.
ES: Энэ удаад бизнесийн байгууллагууд шийдвэр гаргахдаа мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ гэсэн агуулгын хүрээнд ярилцъя.
Манай бизнес эрхлэгчдэд их хэмжээний мэдээллийг цуглуулах, анализ хийж бизнестээ ашиглах гэдэг нь төдий л танил бус ойлголт байж магад. -Энэ цаг үе бол мэдээллийг хурдан бөгөөд үр ашигтайгаар ашиглаж, хэрэглэгчдэд ойр байх тал дээр хэн илүү хурдтай ажиллаж байна, тэр бусдаас ялгарах боломжтой үе. Энэ утгаараа дэлхийн IT-ийн салбар мэдээллийг ашиглах, боловсруулах тал дээр маш хурдтай хөгжиж, Big Data, Big Data Аnalytics гэсэн нэр томьёонууд гарч ирээд байна. Байгууллагын мэдээллүүд дотоод болон гадаад орчинд үүсдэг. Жишээ нь байгууллагад ашиглагдаж байгаа санхүүгийн, хүний нөөцийн, хэрэглэгчтэй харилцах, хангамж нийлүүлэлтийн зэрэг системүүдээр үүсгэгдэж буй мэдээллүүд мөн ажилтнуудын өдөр тутам үүсгэж байгаа файлууд дотоод эх үүсвэрээс үүсч буй мэдээлэлд хамаарна. Харин гадаад орчинд үүсэн мэдээлэлд хэрэглэгч, харилцагч, сүлжээнд холбогдсон дурын хэрэглэгчийн интернэт, сошиал сүлжээ ашиглан үүсгэж буй маш их хэмжээний мэдээллүүд багтах юм. Эдгээр нь цаг минут, өдөр, сар, жилээр хуримтлагдахаар асар том мэдээллийн бааз бүрдүүлдэг. Ийм олон эх үүсвэрээс бий болж байгаа мэдээллийг зөв ашиглаж чадвал бизнесийнхээ бүтээмж, ашгийг нэмэгдүүлж болохоос гадна бизнесийн оновчтой загварчлал гаргах, тэр бүү хэл уламжлалт хэлбэрээ өөрчилж, цоо шинэ үр дүнтэй арга хэлбэр рүү орох боломжтой болох юм.
ES: Эндээс үзэхэд дотоодод үүссэн мэдээллийн хувьд програм хангамжтай холбоотой учраас системтэй, нэгдсэн бүтэцтэйгээр хадгалагдаж байгаа байх. Харин ажилтнуудын ашиглаж байгаа и-мэйл, компьютер дээрх файлуудыг яаж цэгцтэй болгож, хэрэгцээт мэдээллээ гаргаж авах вэ гэдэг их сонирхолтой санагдлаа.
Мэдээллийг ашиглахын тулд эхлээд системтэйгээр, зөв аргачлалаар ажиллах ёстой. Гол зарчим бол бизнесийн шаардлагаа тодорхойлох явдал юм. Ямар үр дүнд хүрэх, бизнесийн аль хэсгээ сайжруулах, оновчтой болгох вэ зэрэг шаардлага дээрээ тулгуурлан ямар мэдээлэл хэрэгтэй байгаагаа тодорхойлно. Анхнаасаа бизнесийн шаардлагаа зөв тодорхойлсон бол өөрсдөө бүртгээд, мэдээллээ ангилаад хадгалаад байж болдог. Энэ бий болсон мэдээллээр өнгөрсөн зүйлийг дүгнэхэд эсвэл ирээдүйд болох зүйлийг урьдчилж харахад ашиглаж болохоос гадна шийдвэр гаргахдаа ашиглах уу гэдэг дараагийн алхам эндээс эхлэх юм. Үүнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглаж болно. Энэ чиглэлээр дагнан ажилладаг олон компани байдаг ба Монголын МТ-ийн компаниуд ч мөн энэ салбарт ажиллаад эхэлсэн байна.
ES: Эхлээд ямар асуудал байгааг тодорхойлсны дараа хариулт хайх нь зөв юм байна гэж ойлголоо.
Тийм. Эхлээд бизнесийн шаардлагаа тодорхойлох хэрэгтэй. Зүгээр л манайд асар их мэдээлэл байна гээд цэгцлээд явах нь үр дүн муутай. Яахав, мэдээлэл хайхад хялбар байж болох ч зорилгоо зөв тавьбал илүү үр дүнтэйгээр ашиглах боломжтой юм.
ES: Мэдээллийг цуглуулсны дараах ажиллагааны хувьд?
Мэдээллийг ашиглаад үр дүнтэйгээр ажиллахад хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэйг дээр хэллээ. Бизнесийн шаардлагаа зөв тодорхойлох, өөрт байхгүй мэдээллийг бий болгох, мэдээлэл цуглуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Байгууллагууд мэдээлэл цуглуулах системтэй байлаа ч алдаг оног хэрэглэдэг, хүчээр ашиглаж байгаа мэт хандах нь чанаргүй өгөгдөл үүсгэх шалтгаан болно. Ийм чанаргүй өгөгдөл нь сул, муу дүгнэлт гаргах нь ойлгомжтой. Өгөгдлөө зөв, бодитой, хэрэгтэй мэдээлэл мөн үү, үүнийгээ системтэйгээр хадгалагдаж байна уу гэдгээ маш сайн нягтлах ёстой.
ES: Ай Ти Зон компанийн хувьд энэ чиглэлээр аль хэдийн ажиллаад эхэлсэн. Бусад компаниудтай та бүхэн хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?
Сүүлийн 5 жилд манай компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа автоматжуулах, илүү системтэй болох зорилгоор дотоод удирдлагын програм хангамж, системүүдийг их нэвтрүүлсэн.
Харин одоо нэгэнт системтэй болоод автоматжуулаад эхэлсэн учраас дараагийн алхмаа тодорхойлж эхэллээ. Мэдээлэл нь системтэйгээр бүрэлдэж, хадгалагдаж эхэлсэн учраас түүн дээр тулгуурлан дүн шинжилгээ хийх, бизнесийнхээ үйл ажиллагааг илүү сайжруулах тал дээр ажиллах боломж бий болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай компани эхний ээлжинд тухайн байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах систем нэвтрүүлсэн. Үүний хамгийн том жишээ нь Green ERP бөгөөд энэ төсөл маш амжилттай хэрэгжиж олон байгууллагууд хэрэглээд явж байна. Манай хүний нөөцийн болон нийлүүлэлт хангамжийн системүүдийг ашиглаж байгаа байгууллагууд үйл ажиллагаа нь автоматжихаас гадна бүх мэдээлэл нь цэгцрээд эхэлсэн. Эдгээр мэдээллээ ашиглаж төрөл бүрийн дүн шинжилгээ хийж, бодлогоо илүү зөв гаргах боломжтой болж байгаа юм. Нөгөө талаар системтэй болсны дараа мэдээлэлтэй боллоо, энэ мэдээллээ ашиглах, янз бүрийн тайлан гаргах, дүн шинжилгээ хийлгэх шаардлагууд мөн гараад эхэлсэн. Яг энэ зорилгоор ашиглах Business Intelligence /BI/ tool гэж байдаг. Энэ нь тухайн мэдээллийг задлан шинжилдэг төрөл бүрийн програм хангамж болон аргачлалууд юм. Бид Oracle, Tableau зэрэг BI-ийн технологи нийлүүлэгчидтэй албан ёсоор хамтран ажиллаж байна.
ES: Байгууллагууд үр ашгаа нэмэгдүүлж болох жишээнүүдээс дурдвал?
Мэдээллийг зөв цуглуулж, ашиглаж чадвал үйл ажиллагаа, хяналтаа сайжруулж болно. Эсвэл бүр бизнес явуулах арга хэлбэрээ ч өөрчилж болно. Нэг ресторанаар жишээ авъя. Ширээ сандлаа янзалж, хоолоо сайн хийгээд хүн орж ирэхийг хүлээх өрөөсгөл ойлголт болсон. Үүний оронд одоо үйлчлүүлэгчийн байр байдал, нас, хүйс, орж ирсэн цаг, сонгосон суудал, захиалсан хоолыг нь хүртэл Wi-Fi, онлайн камерын системээ ашиглаад бүртгээд авчихаж болохоор болсон. Тодорхой хугацаанд ийм мэдээллийг цуглуулсны дараа ямар хүмүүс ямар хоол захиалж, хаана сууж байгааг мэддэг болно. Мөн аль ширээнд хүн их сууж байна гэдгийг мэдэж, хүн бага суудаг ширээг яаж олны анхаарлыг татах сонголт болгох тал дээр ажиллах юм. Энэ бол зөвхөн жишээ шүү.
ES: Энэ чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл байгаа юу?
Big Data-тай холбоотой төсөл гэвэл Нийслэл дээр хэрэгжүүлж байгаа смарт хотын суурь платформ, дэд бүтцийг байгуулах ажил байна. Хотын бүтэц нь байгууллагатай харьцуулбал асар том, маш их хэмжээний мэдээлэл цуглуулах боломжтой. Үүнийг ашиглан иргэд, гадаадын жуулчдад мэдээлэл өгөх, хаана ямар үйлчилгээний байгууллагууд байна, хэзээ ямар тоглолт, үзвэр болох, 24 цагийн эмийн сан, үсчин, банк, дугуй засвар, эмнэлгийн утас, хаяг гээд ямар л бол ямар мэдээллийг вэбсайт болон аппликэйшнээр өгөх юм. Мөн бүх чиглэлийн автобусны мэдээлэл, тэднийг хамгийн оновчтой маршрутаар яаж явуулах, нэг чиглэлд хэдэн автобус явуулах гэх мэт шийдвэрийг эндээс гаргаж болно. Дэд бүтцээ байгуулсан байхад түүн дээрээ суурилаад цаашид хэрэглээ нь яаж ч нэмэгдэж болно.
ES: Мэдээллийн технологийн хөгжил улс орны хөгжлийг тодорхойлох нэг хүчин зүйл болж байна. Тиймээс зөвхөн бизнес утгаас гадна өөр олон хариуцлага байдаг нь эндээс харагдлаа. Таны салбарынхаа талаар хэлэх үгээр энэ ярилцлагаа өндөрлөе.
Энэ салбар өөрөө маш хурдтай хөгжиж өөрчлөгдөж байгаа салбар. Монголд технологийн хувьд нарийн мэргэших боломжгүй ч бизнес дэх хэрэглээг оновчилсноор олон ажил хийх боломжтой. Дэлхий нийтэд ч ялгаагүй тийм байгаа. Өмнө нь технологийн чиглэлээр нээлт хийх нь салбарын хувьд хамгийн том амжилт байсан ба хөгжингүй орнууд технологио хөгжүүлэхэд маш их хөрөнгө оруулалт хийж, утасны дэлгэцийн үйлдвэр л гэхэд барилга, тоног төхөөрөмжөөс эхлээд химийн, технологийн өндөр мэргэжилтнүүдийг ажиллуулж байлаа. Одоо бол технологи нь бэлэн харин Idea хэрэг болж байна. Бизнесийнхэн, мэдээллийн технологийн салбарынхан хамтран зөв санааг сайн хөгжүүлээд явбал зах зээлд маш том тоглогч болоод гараад ирж байна. Тэгэхээр бидэнд боломж их бий.
ES: Танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.