1997 онд МУИС-ийн Компьютер Электроникийн сургуулийн багш, төгсөгч бүхий 10 залуус нийлэн Монголын мэдээллийн технологийн салбарт хүч үзэхээр зориглон, М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттайгаар М-Си-Эс Электроникс компанийг байгуулав.
Чөлөөт эдийн засагт шилжээд 10 гаруйхан жил болж байсан тухайн үед дэлхийн брэндүүд,
тэр дундаа мэдээллийн технологийн могулууд Монголын зах зээлийг огт сонирхдоггүй байв.
Мэдээллийн технологи хөгжлийн шинэ гарц болохыг хэдийнээ харсан залуус тууштай зүтгэсний
үр дүнд дэлхийн томоохон компаниудыг Монголд авчирч чадсан юм. Dell 2000 онд, Canon, HPE 2002 онд,
Microsoft, Cisco, Oracle 2004 онд тус тус албан ёсоор бүтээгдэхүүн, шийдлүүдээ нийлүүлж эхэллээ.
Мөн 2003 онд програм хангамжийн бизнесээ 4 хүнтэйгээр эхлүүлж, эдүгээ 70 гаруй програмист,
бизнес, систем шинжээчдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.
Компанийн өрсөлдөх чадвар, хүний нөөцийн чадавх, туршлага хуримтлагдсан тухайн үед "Үндэсний технологийн брэнд бүтээх" санаачилга ажилтнууд дундаас төрөв. Санаачилга бодитоор хэрэгжиж, Монголын анхны компьютер ATHENA нэртэйгээр, худалдаанд гарч, 2 жилийн хугацаанд 15,000 ширхэг борлуулагдсан нь их урмыг өгч Mogul, GreenERP зэрэг дараа дараагийн үндэсний брэндүүдийг Монгол инженерүүд хамтдаа бүтээх эхлэл болов.
2013 оны 5 сарын 1-ний өдөр М-Си-Эс Электроникс компанийг олон жил удирдсан багт нь итгэл хүлээлгэн менежментийн хувьчлалаар шилжүүлж, бие даасан компани болгох шийдвэрийг М-Си-Эс Группээс гаргав. Бүрэн бие даасан компани болсон тул компанийн нэр М-Си-Эс Электрониксоос Ай Ти Зон болж өөрчлөгдөв.
Дижитал шилжилтийн давлагаа өрнөж, салбар бүрд үүлэн технологи, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, их өгөгдөл зайлшгүй шаардлагатай болов. Энэ үед кибер аюулгүй байдал, үүлэн технологи, сүлжээ дэд бүтэц, их өгөгдлийн шийдлийг Дэлхийд тэргүүлэгч Oracle, Cisco, Dell EMC, Fortinet, Talend зэрэг компаниудын өндөр технологи болон өөрсдийн мэргэшсэн инженерүүдээрээ дамжуулан хэрэглэгчиддээ хүргэж, Дижитал шилжилтэд амжилттай урагшлахад нь туслах итгэлт түнш нь болон ажиллаж байна.