November 28. 2024
Dell Technologies компаниас хэрэглэгч харилцагч нартаа зориулан хотоос гадна энгийн чөлөөтэй орчинд зохион байгуулдаг Bootcamp арга хэмжээ 3 дах удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн Bootcamp нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг 100 гаруй инженер, мэргэжилтнүүдийг хамарч бүтэн өдрийн турш туршлага солилцон, хиймэл оюун ухааны инновацийн талаар хэлэлцсэн юм.
Уг арга хэмжээгээр Dell Technologies компани өөрсдийн өсөн нэмэгдэж буй зах зээл, хиймэл оюун ухааны дэвшил, Nvidia-н түншлэл зэрэг цаашдын төлөвлөгөөгөө танилцуулахаас гадна дэд бүтцийн дэвшилтэт шийдлүүдээ хэрхэн оновчтой, өндөр бүтээмжтэй ашиглах тухай, мөн Cyber Resiliency технологио дэлгэрэнгүй тайлбарлаж, AI Training явуулсан билээ.
Bootcamp-н эхний хэсэгт PowerStore, PowerScale, PowerEdge -н шинэчлэлүүдийг онцолж тайлбарласнаар оролцогчид эдгээр технологийг өөрсдийн байгууллагад хэрхэн оновчтой нэгтгэж мэдээллийн аюулгүй байдлаа хангахын зэрэгцээ ерөнхий гүйцэтгэлээ сайжруулах талаар судалж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн бол үргэлжлүүлэн байгууллагад түгээмэл тулгардаг уян хатан байдал, сул зогсолт, кибер халдлагын дараа хурдан сэргэх зэрэг асуудлыг хөндөж Open Networking болон Cyber Resiliency сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж бодит кейс хуваалцсан юм.
Арга хэмжээний хоёр дугаар хэсэгт Dell Technologies компанийн APJ бүсийг хариуцсан AI болон Edge шийдлийн эксперт Gulshan Herath мэдээллийн технологийн дэд бүтцийг оновчтой болгоход чиглүүлж гүйцэтгэлийг хянах боломжтой Open Manage/ Live Optics (Cloud IQ) талаар хуваалцахаас гадна уламжлалт мэдээллийн технологийн системээс HCI ашиглан илүү нэгдсэн, уян хатан дэд бүтцэд хэрхэн шилжих талаар зөвлөгөө хүргэсэн билээ.
Түүнчлэн Ай Ти Зон компанийн мэдээллийн технологийн зөвлөх Б.Мөнхбат серверийн орчинд гүйцэтгэлийг тохируулах, хянах, техник хангамжийн доголдол, програм хангамжийн зөрчил, сүлжээний асуудал зэрэг нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх практик ур чадварт чиглэсэн Dell server admin functions/ troubleshooting сэдвээр илтгэл тавьснаар оролцогчдод үнэ цэнтэй бодит туршлага бий болгож өгсөн юм.
Dell Technologies компани нь мэдээллийн технологийн хэрэгцээг хангах бүхий л төрлийн шийдлүүдийг санал болгодог ба инновацыг үргэлж чухалчлан ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн шийдлүүдээ сүүлийн үеийн болон ирээдүйн бүхий л трендүүдтэй уялдан ажиллах боломжийг нээж өгдгөөрөө давуу талтай. Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell брэндийн Тэргүүн түншээр (Premier Partner) хамтран ажиллаж Dell Technologies-н бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.