November 17. 2022
Мэдээллийн аюулгүй байдлын шийдэл нийлүүлэгч Fortinet компаниас олон улсад зохион байгуулдаг Fortinet Solutions Day арга хэмжээ Монголд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг Fortinet компанийн Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон компани хамтран зохион байгуулсан бөгөөд Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг 100 гаруй инженер, мэргэжилтнүүд оролцсон юм.
Уг арга хэмжээнд Fortinet компанийн Монголын бүсийг хариуцсан удирдлага, технологийн экспертүүд хүрэлцэн ирж, 2023 онд мэдээллийн аюулгүй байдлын салбарт зонхилох технологийн тренд, хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын шийдлийн талаар танилцууллаа. Арга хэмжээний үеэр танилцуулагдсан кибер аюулгүй байдлын чиг хандлага, шинэлэг шийдлүүдээс дурдвал:
Secure Anywhere буюу хаанаас ч аюулгүй хандаж ажиллах боломжийг олгох SDWAN, SASE, ZTNA технологиуд болон аюулгүй байдлыг өндөр түвшинд real-time хянах боломжтой FortiSIEM зэрэг шийдлүүд байснаас гадна мэргэжлийн судалгааны байгууллагын тайлан, олон улс дахь кибер аюулгүй байдлын амжилттай туршлага зэргийг онцлон танилцуулсан.
Арга хэмжээний үеэр Fortinet компанийн Хонг Конг, Макао, Монголын бүсийг хариуцсан захирал Cherry Fung “Бидний харж буйгаар мэдээллийн аюулгүй байдлын 3 гол трендийг нэрлэвэл нэгдүгээрт, Threat Landscape өөрчлөгдөж, ахисан түвшний халдлага улам бүр нэмэгдэж байна. Хоёрдугаарт, сүлжээ болон аюулгүй байдал нэгдсэнээр Security-driven networking гэсэн ойлголт гарч ирсэн, харин гуравдугаарт MESH архитектур буюу олон вендорын, олон шийдэл ашиглахад гардаг түвэгшлийг арилгаж, аюул заналд илүү хурдтай хариу үйлдэл үзүүлдэг байхад бид төвлөрч байна.” гэж хэлсэн юм.
Gartner-ийн 2022 оны судалгаанд дурдсанаар “Байгууллагуудын 75% нь аюулгүй байдлын хувьд аль болох цөөн вендортой ажиллахыг илүүд үзэж байна” гэжээ. Fortinet компанийн шийдлүүд нь FortiOS гэсэн нэгдсэн нэг үйлдлийн систем дээр ажилладаг тул суурилуулах, удирдахад хялбар байдаг. Түүнчлэн MESH архитектурт суурилан бүтээгдсэн Fortinet Security Fabric нь сүлжээ, аюулгүй байдлын өргөн хэмжээний экосистемийг бий болгосноор байгууллагуудад аюулгүй байдлаа бүрэн хамгаалах боломжийг олгодог.
Fortinet компани нь Gartner-ийн шидэт квадратын Firewall буюу галт хана шийдлийн төрөлд 12 дахь удаагаа манлайлагчаар нэрлэгдэж байгаа ба WAN Edge дэд бүтцийн төрөлд 3 дахь жилдээ манлайлагчаар эрэмбэлэгдэж байгаагаас сүүлийн 2 жилд хамгийн дээд мөрөнд байрлаж байна.
Ай Ти Зон компани нь 2014 оноос хойш Мэдээллийн аюулгүй байдлын шийдлээр тэргүүлэгч Fortinet компанийн албан ёсны түншээр ажиллаж байна. Уг түншлэлийн хүрээнд Ай Ти Зон компани нь өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Fortinet-ийн сүлжээний хамгаалалтын технологи, шийдэл зэргийг баталгаат зөвлөгөө, үйлчилгээний хамт албан ёсны эрхтэйгээр хүргэн ажиллаж байна.