Security Transformation Forum 2022 амжилттай зохион байгуулагдлаа

June 16. 2022

Бидний дижитал орчин дахь хязгааргүй хэрэглээ нь хувь хүнд мөн цаашлаад байгууллагад мэдээллийн аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийг дагуулсаар байна. Тиймээс бид эрсдэлд хэзээд бэлтгэлтэй байж, болзошгүй аюулаас өөрийгөө болон байгууллагаа хамгаалах нь анхаарах ёстой нэн чухал сэдэв болоод байна. Үүнтэй холбогдуулан Ай Ти Зон компани нь “Security Transformation Forum”-ыг хэрэглэгч, харилцагч нартаа зориулан 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээгээрээ бид байгууллагын одоо ба ирээдүйн хэрэгцээ шаардлагыг хангах шинэ үеийн мэдээллийн аюулгүй байдлын технологи, шийдэл, мэдээ мэдээллийг цогц байдлаар хүргэхийг зорьдог.  Энэ жилийн хувьд бид сүүлийн үед хамгийн их халдлагад өртөж байгаа, өндөр эрсдэлтэй талбарууд болох клауд, аппликэйшн болон дата хамгаалалтын чиг хандлага, технологиудыг онцлон танилцуулсан юм.

Энэ удаагийн “Security Transformation Forum”-д Монголын томоохон байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал, менежер, инженер, мэргэжилтнүүдийн 150 гаруй хүний төлөөлөл оролцлоо. Мөн арга хэмжээнд мэдээллийн  аюулгүй байдлын технологийн манлайлагчид болох Fortinet, Radware, Thales, Dell Technologies, CyberArk, LogRhythm, SolarWinds, OneSpan компанийн экспертүүд биечлэн оролцож, кибер аюулгүй байдлын дараа үеийн шийдлүүд, шилдэг туршлага, арга аргачлалын талаар мэдээлэл хүргэснээрээ онцлогтой.

Энэ жилийн хувьд бид “Security Transformation Forum”-ын дэргэд Fortinet компанитай хамтран “Capture The Flag” тэмцээнийг анх удаа зохион байгуулсан юм. Fortinet “Capture The Flag” тэмцээн нь аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн  мэдлэг болон ур чадварыг шалгах сонирхолтой даалгаврууд бүхий, олон улсад зохион байгуулагддаг стандарт тэмцээн билээ. 

Уг тэмцээнд Монголдоо мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлэгч 11 компанийн экспертүүдийн нийт 13 баг оролцож, эн тэнцүүхэн өрсөлдсөн ба тэмцээний “Тэргүүн байр”-нд Хаан Банкны Luna 2.0 баг, 2-р байранд Төрийн Банкны Modun баг, 3-р байранд Голомт банкны Guardians баг тус тус шалгарав. 

Тэргүүн байр: Хаан банкны Luna 2.0 баг

Дэд байр: Төрийн банкны Modun баг

Гуравдугаар байр: Голомт банкны Guardians баг

Мэдээллийн аюулгүй байдал нь өөрөө хүрэх цэг биш, хэзээд бэлтгэлтэй, анхааралтай байхыг шаарддаг тасралтгүй аялал юм. Кибер аюулгүй байдлын цогц шийдлийг нийлүүлэгч Ай Ти Зон компани нь “Security Transformation Forum”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ба ирэх жил ч мөн адил зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Мөн бид өөрсдийн “Enterprise Solutions” сэтгүүлийнхээ ээлжит дугаарыг кибер аюулгүй байдлын онцлох тренд, хамгаалалтын технологийн цогц мэдээлэлтэйгээр эрхлэн гаргаад байна. “Enterprise Solutions” сэтгүүлийг байгууллагадаа хүргүүлэн авахыг хүсвэл crm@itzone.mn хаягаар хүсэлт илгээгээрэй.

ITZONE - Security Transformation Forum 2022 амжилттай зохион байгуулагдлаа