Нэст Академи Ай Ти Зон компанитай хамтран ажиллахаар боллоо

September 09. 2019

Баруун

Өнөөдөр мэдээллийн технологийн салбар асар хурдтай хөгжин, технологийн шинэчлэлтүүд улирал, жилээр бус сар, өдөр тутамд зах зээлд танилцуулагдах болсон. Энэхүү их хурдыг бид мэдэрч, гайхширах хэдий ч, цаана нь эдгээрийг бүтээн хөгжүүлж буй хүний нөөцийн хангамж, ур чадварын эрэлт, хэрэгцээ хэрхэн өсдөг талаар төдийлөн анзаардаггүй.

АНУ-д гэхэд жилд 1.2 сая гаруй програм хөгжүүлэгч, инженерийн ажлын байр зарлагддаг бөгөөд дэлхийн ажиллах хүчний зах зээл дэх  эрэлтийн өсөлт нь 2-3 оронтой тоогоор яригддаг. Харин Монголд жилд 30-35 мянган оюутан залуус их, дээд сургууль төгсдөгийн ердөө 2.5 хувь буюу 1000 хүрэхгүй залуус энэ чиглэлээр бэлтгэгдэн гарч байна.

Энэхүү том орон зайд Монгол оюуныг экспортлох, тус чиглэлээр дэлхийд үнэлэгдэх нэг түмэн Монгол инженер бэлтгэх нь Нэст Академийн уриа юм. Энэхүү зорилтынхоо хүрээнд Нэст Академи нь мэдээллийн технологийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлэгч Ай Ти Зон компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зүүн гар талаас "Ай Ти Зон" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Наранбаатар, "Нэст Академи"-ийн үүсгэн байгуулагчдын нэг М.Шагай

Google, Amazon, Facebook зэрэг дэлхийн томоохон корпорациудад ажилладаг Монгол инженерүүдийн үүсгэн байгуулсан Нэст Академи нь дэлхийн хаана ч ажиллах чадвартай, Монголын мэдээллийн технологийн ирээдүйг авч явах 10,000 инженерийг бэлтгэх зорилготой бөгөөд ЕБС-ийн 7-10 дугаар ангийн сурагчдад хичээлээс гадуурх цагаар компьютерийн програмчлал болон дизайны сургалтыг бодит хэрэглээнд тулгуурлан бүтээлч аргачлалаар эзэмшүүлдэг юм. Одоогоор нийт 80 гаруй сурагч инженерийг бэлтгэн цаашдын хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулсаар байна.

1997 онд байгуулагдсан Ай Ти Зон компани нь 2000 оноос эхлэн програм хангамжийн газраа байгуулсан бөгөөд эдүгээ Үл хөдлөхийн эрхийн бүртгэлийн систем, Прокурорын байгууллагын мэдээллийн систем, Онлайн даатгалын систем, Лояалти онооны систем, Дижитал архивын систем зэрэг улсын хэмжээнд олон мянган хэрэглэгч зэрэг ханддаг системүүдийг амжилттай бүтээсэн туршлагатай компани юм. Түүнчлэн өөрсдийн инженерүүдийнхээ мэдлэг туршлагад суурилан Монголын анхны Green ERP системийг  хүний нөөц, санхүү, нийлүүлэлт хангамж, харилцагчтай түншлэх систем гэсэн үндсэн модультайгаар бүтээсэн нь Монголын байгууллагуудад өргөнөөр ашиглагддаг.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд эдгээр систем, суурь архитектурыг боловсруулсан програмист инженерүүд өөрсдийн туршлага, мэдлэгээ Нэст Академийн суралцагч залууст хуваалцах бөгөөд хэрэгжиж буй төслүүд дээр гар бие оролцон ажиллах боломжоор хангах зэргээр богино хугацаанд кодинг ур чадварыг өндөр түвшинд эзэмшихэд нь дэмжин ажиллах юм. 

Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд Монголдоо гаднын мэдээллийн технологийн төсөл, хөтөлбөрүүдийг татан хэрэгжүүлэх, улмаар Монгол програмист инженерүүдийн жилийн дундаж цалинг олон улсын түвшинтэй ижил болгох зорилтыг давхар тусгасан нь тун онцлог байлаа.

Дашрамд сонирхуулахад дэлхийн зах зээл дэх програмист инженерийн ажлын байрны эрэлт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ажлын байранд горилогчдоос заавал бакалаврын диплом шаарддаггүй, зөвхөн кодинг ур чадвар дээр суурилж ажилд авдаг хандлага бий болж буй бөгөөд цалин нь жилийн 100-150 мянган ам.доллароос эхэлдэг байна.

ITZONE - Нэст Академи Ай Ти Зон компанитай хамтран ажиллахаар боллоо