May 17. 2019
Дата менежментийн дэвшилтэт технологиудыг танилцуулсан “Data Forum 2019” арга хэмжээ 5 сарын 15-ны өдөр Шангри-Ла зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус форумыг Ай Ти Зон компаниас өөрсдийн хэрэглэгч байгууллагууддаа зориулан “Технологи ашиглан ДАТА-ны бодит үнэ цэнийг нээхэд нь туслах” зорилгоор өгөгдлийн технологийн шийдлээр дэлхийд тэргүүлэгч Dell EMC, Tableau, Talend, Oracle, Axis, FireEye компаниудтай хамтран зохион байгуулсан юм.
Дата өсөлт, датаг дагасан технологийн хөгжил нь шинэ салбар, шинэ секторыг бий болгож Тоон эдийн засаг хэмээх шинэ ойлголт гарч ирсэн бөгөөд энэхүү ойлголтын талаар МУИС-ийн Хэрэглээний Математикийн салбар, Математикийн хүрээлэнгийн Математик загварчлалын Доктор, Профессор С.Будням өөрийн судалгаагаа танилцуулсан юм. Түүний тодорхойлсноор “Тоон эдийн засаг” нь харьцангуй шинэ ойлголт боловч маш хурдацтай өсөж олон шинэ боломж, сорилтуудыг дагуулж байгаа нь туйлын үнэн" гэв.
Дэлхийд дата интеграциар тэргүүлэх Talend компанийн Алтан түнш болох 3Golden Technologies компанийн дэд захирал Albert Cheng болон дата дүрслэл, BI-ийн шийдлээр Гартнер-ийн судалгааг тэргүүлэгч Tableau Software -ийн зөвлөгч Bobby Wu нар өгөгдлийг өдөр тутмын хэрэглээд оруулж, дата дээр суурилсан шийдвэр гаргалтыг хийхээс гадна ДАТА ЗАСАГЛАЛЫГ байгууллагын хэсэг бүрд шингээх чадвараас хамаарч тухайн байгууллагын ирээдүйн өрсөлдөх чадвар шууд тодорхойлогдоно хэмээн тайлбарласан.
Датаг олборлож, түүний дүн шинжилгээ дээр үндэслэн бодит үр өгөөж, үнэ цэнийг хэрхэн олж авсан талаар Digital Works компанийн гүйцэтгэх захирал Б.Нямцэрэн Монгол дахь өөрийн туршлагаасаа хуваалцсан. Мөн аюулгүй байдлын системийн зах зээлийг тэргүүлэгч, видео аналитикийг дан ганц аюулгүй байдлыг хангахад ашиглалгүй бизнесийн процесс, шийдвэр гаргалтдаа ашиглах боломжтой болгосон Axis Communication компанийн зөвлөх Nelson Woo гадаадын жишгээс бид бүхэнд танилцууллаа.
Форумын төгсгөлийн хэсэгт “Монгол компаниудын дата ашиглалт” сэдвээр Голомт банк, БСШУСЯ, Анд глобал, Юнител, Татварын байгууллагуудын МТ-н экспертүүд оролцон дата ашиглалт, үнэ цэнийн талаар санал солилцсон.
Түүнчлэн форумын үеэр “Цаасан баримтыг дижитал өгөгдөл рүү хөрвүүлэх шинэ технологи”, “Царай таних, видео өгөгдөл шинжлэх програм”, “Өөрөө өөрийгөө удирддаг өгөгдлийн сангийн систем”, “Бизнес өгөгдөл шинжилгээний менежерүүдэд зориулсан аналитик програм” зэргийг танилцуулсан үзэсгэлэн явагдав.
Ивээн тэтгэгч: Dell EMC, Tableau, Talend, Oracle, Axis, FireEye
Зохион байгуулагч: ITZone