January 10. 2019
Мэдээлэл технологийн хурдтай хөгжлийг Монголдоо түүчээлэн явах ирээдүйн инженер, мэргэжилтнүүдийг бэлтгэгч ШУТИС-ийн харьяа Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль (БУХС) Ай Ти Зон компанитай хамтран бодит практикт ажиллах боломжтой “IT Solutions” лаборатори нээлээ. Тус лабораторид салбарын ууган компани болох Ай Ти Зон ирээдүйн мэргэжилтнүүдэд зайлшгүй хэрэгцээтэй Дижитал ERP цогц системийг бүх төрлийн модуль болон бусад мэргэжлийн програм хангамжуудын хамт суулгасан компьютераар хөрөнгө оруулалт хийж, БУХС-тай цаашдын хамтын ажиллагааны санамж бичиг солилцлоо.
Уг арга лабораторийн нээлтийн үгээрээ Ай Ти Зон компанийн Гүйцэтгэх захирал У.Наранбаатар “МТ-ийн салбарын мэргэжилтэн бэлтгэгч Их дээд сургуулиудтай хамтын ажиллагаатай болох нь ирээдүйн инженерүүд, МТ-ийн салбарын хөгжлийг сууриас нь дэмжиж буй бидний зайлшгүй үүрэг” хэмээн дурдсан. Энэ нь салбарын компаниуд шилдэг мэргэжилтнүүдээ гаднаас бус дотооддоо бойжуулах эхний алхам билээ. Ай Ти Зон компани ШУТИС-ийн БУХС сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг солилцсоноор нэг талаас оюутнуудад өгөгдөл дээр ажиллах, дата анализ хийх, Дижитал бизнесийн ERP цогц системийн үндсийг суралцах, бодит туршлага олж авах гайхалтай нөхцөлийг бүрдүүлж буй хэрэг аж.