October 17. 2017
Дэлхий даяар технологи, цахим хувьсгал руу хөрвөж буй энэ цаг үед өндөр мэдлэгтэй суурь боловсон хүчин хөгжлийн тулгуур болж байгаа билээ. Судлаачдын үзэж буйгаар Z-Generation буюу 2000-с хойших үеийнхэн мэдээллийн технологийг төрсөн цагаасаа хэрэглэж, илүү үр бүтээмжит, дэвшилтэт шийдлүүдийг тодорхойлж чаддаг онцгой сэтгэхүйтэй байдаг аж.
Эдгээр цаг үеийнхэнд багаас нь инноваци, шинэ технологи бүтээх суурь боловсролыг олгох зорилгоор Олонлог бүрэн дунд сургууль мэдээллийн технологийн чиглэл рүү сургалтын бодлогоо өргөжүүлж, Монголын анхны мэдээллийн технологийн бүрэн дунд сургуулиа ОЛОНЛОГ ЭГЗЭ нэртэйгээр нээгээд тун удаагүй билээ.
Мэдээллийн технологийн салбарын боловсон хүчнийг өсвөр наснаас нь мэргэшүүлэн бэлдэх холч хараа бүхий энэхүү боловсролын салбарын шинэ алхмыг Ай Ти Зон компани өндрөөр үнэлж, тус сургуулийн Програм хангамжийн цахим лабораторийг “Эрдмийн Түлхүүр” нэртэйгээр хамтран байгуулж, “Түлхүүр гардуулах ёслол”-ыг 2017 оны 10 сарын 13ны өдөр Шангри-Ла зочид буудалд болсон 20 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтыг үеэрээ гүйцэтгэсэн юм.
Ай Ти Зон компани нь мэдээллийн технологийн салбарын ууган компани болохын хувьд салбараа хөгжүүлэх хөшүүрэг болгон боловсрол, мэдлэгт суурилсан аливаа санал санаачилгыг дэмжин ажилладаг юм. Тус компани нь Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран 10 гаруй цахим лабораторийг байгуулсан төдийгүй, Мэдээлэл зүй, математикийн олимпиад, ROBOKON зэрэг дотоодын болон олон улсын хэмжээний тэмцээн, уралдаанд амжилттай оролцогчдыг дэмжин урамшуулсаар ирсэн билээ.