June 30. 2017
Сүүлийн үед ихээхэн идэвхжээд буй рансомвэйр болон бусад цахим халдлагуудаас өгөгдлөө найдвартай хамгаалах, дотоод болон гадаад сервер, төдийгүй клауд серверт хадгалагдах өгөгдлүүдээ өндөр хамгаалалттай байлгах шаардлага бодитоор тулгарлаа.
Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан Ай Ти Зон компаниас хэрэглэгч, харилцагчиддаа өгөгдөл хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн шийдлүүдийг танилцуулах, мэдээлэл олгох “Ирээдүйн хувьсалд бэлтгэн өгөгдөл хамгаалалтаа шинэчлэх нь” сэдэвтэй өдөрлөгийг өөрийн түнш Dell EMC компанитай хамтран 6-р сарын 28-ны өдөр Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн үеэр өгөгдөл хамгааллын чиглэлээр 23 жилийн туршлагатай Dell EMC компанийн Зүүн Өмнөд Азийн салбарын ахлах менежер Шекар Нагараж хүрэлцэн ирж, өгөгдөл хамгаалалт, түүний ирээдүйн төлөв, виртуал орчинд өгөгдлөө хэрхэн хамгаалах гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл өгсөн.
Түүнчлэн Ай Ти Зон компанийн ERP хэлтсийн байгууллага хариуцсан худалдааны төлөөлөгч А. Ууганбаяр болон ITS хэлтсийн дарга Х. Баяржаргал нар Ай Ти Зон компанийн Green ERP системийн өгөгдлийн хамгаалалтын шийдэл болон рансомвейр кейсийг танилцуулсан.
Өдөрлөгт Dell EMC компанийн төлөөлөгчид болон Монголын томоохон байгууллагуудын мэдээлэл технологийн мэргэжилтэн, удирдлагууд оролцож байгууллагынхаа өгөгдлийг хэрхэн хамгаалах, мэдээллийн технологийн цахим хувьсалд бэлтгэлтэй байх, тухайн цахим хувьсалд Dell EMC брэндийн шийдлүүдийг ашиглахын онцлог давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авч, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ай Ти Зон компани нь Dell EMC компанийн Монгол дахь тэргүүн түншээр 16 дахь жилдээ хамтран ажиллаж буй бөгөөд тус компанийн энтерпрайз шийдлүүдийг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байна.