March 17. 2017
Мэдээллийн технологийн эрин үед төрийн болон бизнесийн байгууллагууд сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлаа цаг ямагт хангах нэн шаардлагатай тулгарч байна. Монголын нэг байгууллагад өдөрт дунджаар 70-80 цахим халдлагад өртөгддөг бөгөөд халдлагууд гадна болон дотоод эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Энэхүү тоо жил бүр 20%-иар өсч буй бөгөөд, халдлагаас үүдэн гарсан хохирлыг арилгах зардал 30 хувиар өссөн гэх албан бус судалгаа ч бий.
Иймээс энэхүү бизнесийн хүрээнд нэн тулгамдаад буй асуудлаар цаг үеийн байдлыг тодорхойлон, хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын шийдлүүдийг танилцуулах зорилгоор “FORTINET Security Fabric” нэртэй танилцуулах уулзалт 2017 оны 3-р сарын 16-нд Шангрила зочид буудалд зохион байгуулагдлаа.
Тус уулзалтыг Ай Ти Зон компани өөрийн түнш болох Сүлжээний хамгаалалтын шийдлээр дэлхийд тэргүүлэгч FORTINET компанитай хамтран зохион байгуулж буй бөгөөд Монголын томоохон байгууллагуудын мэдээллийн технологийн инженерүүд оролцсон юм.
Арга хэмжээний үеэр FORTINET компанийн Шийдлийн ахлах менежер Патрик Хуй нь “Хил хязгааргүй цахим орчинд өөрийгөө хамгаалах нь” сэдвээр орчин үед цахим халдлага хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт ялгаагүй хор хөнөөл учруулж байгаа тухай танилцуулсан бол, тус компанийн Борлуулалтын Зөвлөх инженер Ник Энжи “Халдлагаас хамгаалах дэвшилтэт фрэймворкууд” сэдвээр орчин үеийн хамгаалалтын шийдлүүд болон бодит кэйс туршлагууд зэргээ танилцуулан, оролцогчидтой хамтран нээлттэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.
Ай Ти Зон компани нь FORTINET компанийн албан ёсны түншээр 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ жил 20 жилийн ой нь тохиож буй Ай Ти Зон компаниас өөрийн хэрэглэгч харилцагчиддаа зориулан дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудтай хамтарсан сургалт, танилцуулгыг тасралтгүй хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү “FORTINET Security Fabric” өдөрлөг ажээ.