May 12. 2016
Өнөө үед байгууллагууд клауд технологийн ач холбогдлыг ойлгож, түүгээр дамжуулан шинэ технологи, системүүдийг дотоод үйл ажиллагаандаа богино хугацаанд нэвтрүүлэх, процессоо автоматжуулах, бизнесийн орчны өөрчлөлтөд хурдтай хариу арга хэмжээ авч амжилтаа хурдасгах олон боломжуудыг ашиглаж эхэлжээ.
Дэлхийн No 1 клауд үйлчилгээ үзүүлэгч Oracle корпораци, Ай Ти Зон компани хамтран шинэ үеийн клауд технологийн чиг хандлага болон Oracle компанийн клауд технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах “Oracle Cloud Day” уулзалт, семинарыг 5 сарын 12-ны өдөр, Монголын энтерпрайз түвшний 50 гаруй томоохон байгууллагуудын хүрээнд “Шангрила Улаанбаатар” зочид буудалд зохион байгууллаа.
Бизнес процессыг хурдасгах програм хангамж, системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь албан ёсны програмын лицензийн төлбөрөөс гадна, мэдээллийн технологийн сүлжээ, дэд бүтэц бий болгох, тэдгээрийг интеграци хийх, системийг турших зэрэгт хэдэн долоо хоногоос эхлээд хэдэн сарын хугацаа шаардлагатай болдог. Өнөөгийн өрсөлдөөнт орчинд зөвхөн систем нэвтрүүлэхийн тулд олон сар зарцуулна гэдэг нь маш өндөр өртөгтэй сул зогсолт юм.
Тэгвэл “Oracle Cloud Day” өдөрлөгийн үеэр байгууллагууд клауд суурьт платформ (PaaS) ашиглан шинэ технологи, системийг богино хугацаанд, санхүү, хүнийн нөөцийн зардал багатай нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулсан юм. Oracle компанийн клауд суурьт платформ (PaaS) нь аливаа систем нэвтрүүлэхэд эцсийн хэрэглэгч дээр хийгддэг инженерийн нарийн төвөгтэй ажиллагааг хялбарчилсан төдийгүй хэрэглээгээрээ төлбөрөө төлөх уян хатан нөхцөлтэй програм хангамж болон техник хангамжийн бэлэн шийдлүүд нь холбогдох хөрөнгө оруулалтын зардлуудыг 50% хүртэл хэмнэж боломжийг олгох ажээ.
Ай Ти Зон компани нь 2004 оноос Oracle-ийн Монгол дахь албан ёсны түншээр ажиллаж эхэлсэн бөгөөд Oracle Database, Oracle WebLogic Server, Exadata Database Machine, Oracle Sun Server, x86 Server, Oracle Field Delivery Support Service зэрэг програм болон техник хангамж, үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр харилцагч, хэрэглэгч нартаа хүргэн ажиллаж байна.