March 24. 2016
Дэлхийд програм хангамжийн чиглэлээр тэргүүлэгч Майкрософт компани, БСШУЯ, Ай Ти Зон компани хамтран Монгол улсын шилдэг 60 гаруй их дээд, дунд сургуулиудад зориулан Боловсролын салбарт зориулсан үнэ төлбөргүй шийдлүүд, боломжуудын талаар танилцуулах өдөрлөгийг 03 сарын 24-ний өдөр “Шангри-Ла Улаанбаатар “ зочид буудалд зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр Майкрософт компанийн хөгжүүлсэн мэдээллийн технологийн боломжуудыг боловсролын салбарт хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцсан юм. Тухайлбал боловсролын салбарт орчин үеийн чиг хандлага болоод байгаа виртуал анги, багш нарын холбоо, эцэг эхийн хурал, цахим номын сан, сурагчид онлайнаар хамтран ажиллах, мэдээлэл хуваалцах, сурагчдын цахим төхөөрөмжүүд, хяналтын боломжуудыг Майкрософт компанийн боловсролын салбарт үнэ төлбөргүйгээр хүргэж буй office 365, SharePoint, Skype for business, Yammer зэрэг клоуд (үүлэн) шийдлүүдээр амьдралд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа ажээ.
Тус үйл явдлыг тохиолдуулан Майкрософт компанийн Төв Азийн бүсийг хариуцсан Бизнес хөгжлийн захирал Алексей Трубинов, Боловсролын салбарын технологийн зөвлөх Оливер Зофик, Боловсролын салбарын төхөөрөмж хариуцсан менежер Максим Широков нар хүрэлцэн ирээд байна.
Ай Ти Зон компани нь 2013 оноос хойш Майкрософт компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны боловсролын салбарын түнш байгууллагаар ажиллаж байна. Дашрамд дурдахад, Ай Ти Зон компани 2004 онд Майкрософт компанийн Албан ёсны түнш болсон бөгөөд одоогоор тус компанийн Silver Partner-аар ажиллаж, програм хангамж, шийдлүүдийг нь Монголын зах зээлд хүргэж байна.