March 07. 2016
Сүүлийн жилүүдэд хийгдэх болсон кибер халдлагуудын 38% нь нэгхэн секундийн дотор, 60% нь миунтын дотор компанийн системд нэвтэрдэг бол, тэдгээрийн 28% нь нэг минутанд систем дэх бүх өгөгдлийг хуулж авдаг болсон аж.
Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн 52% нь гаднаас, 48% нь дотроосоо үүсдэг болохыг #InfoSec2016MN мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганд дурдаж байв.
Энэхүү дэлхийн дахинаа голлох асуудлын нэг болсон мэдээлэл, өгөгдлийн аюулгүй байдал, тулгамдаж буй нөхцөл байдлынхаа талаар Монголын төрийн байгууллагууд болон тэргүүлэгч компаниудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд гадны эксперүүдтэй хамтран нэг өдөр чуулж, санал бодлоо солилцсон юм. Тус чуулган нь “ИнфоСек МН-2016” нэрийн дор 2016 оны 3 сарын 2-ны өдөр Улаанбаатар хотноо “Corporate Convention Center”-т байгуулагдлаа.
Чуулганы тэргүүн илтгэлийг Ай Ти Зон компанийн дэд захирал Б.Цээсүрэн “Cyber Security Market Trend” сэдвээр эхлүүлж, HP Enterprise компанийн Азийн орнуудыг хариуцсан Кэлвин Ви, Хас Банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал Сандип Хэра зэрэг 6 гол илтгэгчид мэдээллийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн шийдэл, шинэ технологи, кибер халдлагаас хамгаалах төвийн гол чиг үүрэг хэрхэн өөрчлөгдөн хөгжиж буй талаар илтгэлдээ онцлон тэмдэглэж, сэдэв тус бүр дээр хэлэлцүүлэг өрнөв.
Тус чуулганы албан ёсны ивээн тэтгэгчээр мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтын шийдэл нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч HP Enterprise, Fortinet компаниуд болон тэдгээрийн Монгол дахь албан ёсны шийдэл, үйлчилгээг үзүүлэгч Ай Ти Зон компани ажилласан юм.