May 29. 2015
Өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал төв бяцхан хүүхдүүдийн инээд хөөр, дуу хуураар халгиж цалгиж өнжлөө. Удахгүй болох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвтэй хамтран зохион байгуулсаар ирсэн “1000 Хүүхдийн Баяр” болж, мянган хүүхэд зэрэг инээд, зэрэг дуулж бүжиж нэг өдрийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
Ес дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэхүү баярт хөдөө орон нутгийн болон бүтэн өнчин, хүнд нөхцөлд амьдардаг, хөдөлмөр эрхэлдэг, хөгжлийн бэрхшээлтэй мянган хүүхэд оролцсон юм. Амьдралын нөхцөл боломжоос шалтгаалан баяр бүхнийг элбэг хангалуун тэмдэглэж, инээд хөөрөөнд умбаж чаддаггүй эдгээр хүүхдүүдэд зориулсан энэхүү баяр тэдний хувьд бүтэн жил хүсэн хүлээдэг баяр нь гэж болно. Урлаг, спортын одод хүүхдүүдтэй уулзаж, хамт дуулж, ирээдүйн амьдралын их далайд хүчтэй зоригтой байж, эх орондоо хэрэгтэй өндөр боловсролтой иргэн болохыг захиж хамтдаа зургаа татуулан хөгжилтэй дурсамж үлдээсэн юм. Хүүхдийн инээд бол энэ дэлхийн, энэ бидний амьдралыг энерги, аз жаргал билээ. Тэднийг ийнхүү инээн хөгжих баярыг зохион байгуулахад Ай Ти Зон компани хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд энэ жил ч мөн 1000 хүүхдэд Могул нэрийн бэлгийг өглөө.
ITZONE компанийн хувьд эх орны ирээдүй болсон бяцхан багачуудад, тэр дундаа тэдний боловсролд хөрөнгө оруулалт хийхийг нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хэмээн үзэж тусламж дэмжлэгээ үзүүлсээр ирсэн. Тус компани Дэлхийн Зөн ОУБ болон бусад байгууллагуудын боловсролыг дэмжих хөтөлбөрүүдтэй хамтран ажилладгийн зэрэгцээ мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор мэдээллийн технологийн мэдлэгийг хөгжүүлэхүйц олон улсын програм хангамж, мэдээлэл зүйн олимпиад, робот зохион бүтээх тэмцээн, мөн шатар, даам зэрэг оюуны төрөл бүрийн спортын арга хэмжээг дэмжин ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид компьютерын иж бүрэн лабораторийг өөрсдийн хөрөнгөөр байгуулан, нэн шаардлага тулгарсан 10 хүртэлх ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг юм.