Ай Ти Зон компани ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа

April 22. 2015

Top-100 awards 2015 Mongolian Chamber

Мэдээллийн технологийн мэргэшсэн Ай Ти Зон компани 2014 оны “ТОП-100” аж ахуйн нэгжээр шалгарч, өргөмжлөлөө гардан авлаа. Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг жил бүр шалгаруулан өргөмжилдөг уламжлалтай. Энэ жилийн шалгаруулалтын гол онцлог нь Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан ажлын хэсэг гаран, тодорхой тоон үзүүлэлт дээр тулгуурлан шалгаруулсан бөгөөд шалгаруулалтын гол үзүүлэлт нь эдийн засгийн хүндрэлтэй байгаа ойрын жилүүдэд хөрөнгө оруулалтаа бууруулаагүй,  улсын төсөвт татвар төвлөрүүлсэн, ажлын байрыг нэмэгдүүлж, хадгалж үлдэхэд гаргасан хүчин чармайлт зэрэг байсан юм.

Ийнхүү эдийн засгийн хүнд үед хувийн хэвшлийн оруулж буй хувь нэмрийг Монгол улсын засгийн газраас үнэлж, хүндэтгэл үзүүлэх үүднээс энэ жилийн ТОП-100 аж ахуйн нэгжийн өргөмжлөлийг гардуулан өгсөн юм.

Top-100 awards 2015

Ай Ти Зон компанийн хувьд 1997 онд байгуулагдаж, өнөөг хүртэл ажиллахдаа мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч байр сууриа байнга хадгалж 2014 онд 51 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 6,7 тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлжээ. Мөн өнгөрсөн онд 30 орчим ажлын байрыг шинээр бий болгож, ажилчдынхаа нийгмийн даатгал, шимтгэлийг төлж, хуулиар хүлээсэн үүргээ цаг тухай бүрт нь биелүүлсээр ирсэн нь Монголын ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарахад нөлөөлжээ.

 

Ай Ти Зон компани Dell, Canon, Oracle, Microsoft, Cisco зэрэг мэдээллийн технологийн дэлхийн шилдэг компаниудтай хамтран ажиллаж, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлийг нийлүүлэх, мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх, Монгол инженерүүдийн оюуны бүтээл болсон орчин үеийн шийдэл бүхий Green ERP, CompassMate зэрэг 10 гаруй програм хангамжийг дотооддоо боловсруулан гаргаж, систем интеграц, автоматжуулалтын 100 гаруй системүүдийг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Шуурхай удирдлагын төвийн “Галын болон Түргэн тусламжийн дуудлагын систем”,  “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем”, “Монгол Улсад хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг зохицуулах үр дүнд суурилсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний Удирдлагын мэдээллийн систем” зэрэг нийгэм, эдийн засагт шаардлагатай системүүдийг амжилттай нэвтрүүлсэн юм. Мөн Монголын анхны ухаалаг гар утас “Могул Сонор”-ыг зах зээлд нийлүүлээд байна.

Энэ дашрамд, Ай Ти Зон компанийн хамт олон үндэсний бүтээн байгуулагч, ТОП аж ахуйн нэгжээр шалгарахад дэмжин, хамтран ажиллаж ирсэн эрхэм харилцагчид, түншүүддээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.

ITZONE - Ай Ти Зон компани ТОП-100 аж ахуй нэгжээр шалгарлаа