November 27. 2014
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Ай Ти Зон компанийн хамт олон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 55-р бүрэн дунд сургуульд халуун сэтгэлийн туслалцаа үзүүллээ.
Тус сургуульд өнөөдрийн байдлаар 250 гаруй оюун ухааны бэрхшээлтэй, 30 гаруй хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй, 100 гаруй саажилт болон дауны синдром, хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд суралцан боловсрол эзэмшиж байгаа бөгөөд тэднийг нийгэмшүүлэх, хөдөлмөрийн чадвартай, бие даасан иргэн болгохоор 70 гаруй багш сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна.
Ай Ти Зон компаниас болон хамт олноос нь 55-р сургуулийн нийт багш, суралцагчдад компьютер, хэвлэгч тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэл, сургалтын хэрэглэгдэхүүн, хувцас, тоглоом, ном зэргийг бэлэглэлээ. Түүнчлэн тус компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд тус сургуулийн багш нарт шинэ технологийн мэдээллүүдийг хуваалцаж, компьютерийн хэрэглээний програм, тоног төхөөрөмжийн зөв ашиглалтын талаар зөвлөгөө, туршлагуудаа хуваалцлаа.
Ийнхүү сайн үйлсийн аяныг санаачлан зохион байгуулсан Ай Ти Зон компанийн хамт олонд 55-р сургуулийн захиргаанаас:
“Бурхнаас өгсөн дундуурхан тавиландаа
Бууж өгөлгүй, тэмцэж яваа
Сэтгэлдээ нартай бяцхан багачуудад минь
Уужим хорвоог сөхрөлгүй туулах
Урам зоригийг сэтгэлээсээ хайрласан
Танай байгууллагын хамт олонд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье” хэмээн сурагчдынхаа гар урлалын бүтээлээсээ дурсгалаа.
55 дугаар дунд сургууль нь 1976 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах зорилгоор Найрамдалын районы тусгай бүлэг нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд өдгөө нэг хичээлийн жилд 470 гаруй суралцагчдад бүрэн дунд боловсролыг олгож, бие даасан бодит чадвартай иргэн болгон төлөвшүүлэхээр зорин ажиллаж байна.