November 11. 2014
МШХХТГазраас санаачлан жил бүр зохион байгуулагддаг тус чуулган энэ удаад “Хөгжлийг кодчилъё” уриатайгаар “Инновацийн эрин үеийн хөгжлийн түүчээ болсон програм хангамж үйлдвэрлэгчдийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулан, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Монголын програм хангамж үйлдвэрлэлийн дэлхийд өрсөлдөх боломжийг бий болгох” зорилгын хүрээнд явагдсанаараа онцлогтой байв.
Чуулганаар үндэсний програм хангамжийн компаниудын ISO стандарт хангасан байдал, бүтээгдэхүүний чанар, харилцагчийн үйлчилгээний чанар зэрэг үндсэн шалгууруудыг үндэслэн Монголын Програм Хангамжийн Үйлдвэрлэгчдийн Холбоо Ай Ти Зон компанид “МАНЛАЙЛАГЧ ГИШҮҮН” батламжийг гардууллаа.
Ай Ти Зон компанийн хувьд “Байгууллагын нөөц төлөвлөлтийн Green ERP” систем, сургуулийн цахим удирдлагын ”Эрдмийн түлхүүр” систем, хөдөлгөөнт объект хяналтын “CompassMate” систем зэрэг 10 гаруй нэр төрлийн програм хангамжийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргаад байгаа бөгөөд Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн EPRS систем, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн санхүүжилтээр “Прокурорын байгууллагын удирдлага хяналтын систем” зэрэг програм хангамжийн 30 гаруй томоохон төслүүд дээр амжилттай ажилласан туршлагатай баг хамт олон юм.
Түүнчлэн чуулганаар програм хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш, судлаачидтай “Мэдээллийн технологийн эрх зүйн орчин”, “Програм хангамжийн бүтээгдэхүүний чанар”, “Гарааны бизнес-Хөрөнгө оруулалтын ээлтэй орчин” гэх зэрэг үндсэн 6 сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Ийнхүү бүтэн өдрийн турш үргэлжилсэн програм хангамжийн салбарын чуулган амжилттай өндөрлөж, цаашид салбарын хөгжил цэцэглэлтэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрээс гарах гарц, зөвлөмжийг боловсруулан, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр боллоо.