October 01. 2014
Програм хангамжийн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хандлагыг дэлхийд тодорхойлогч Майкрософт компани “Microsoft Innovation Day” сэдэвт форум семинараа Корпорэйт зочид буудлын хурлын төвд амжилттай зохион байгууллаа.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Шинэчлэлийн өдөр” уулзалт форумын үеэр Майкрософт компанийн Төв Азийн Бизнес хөгжил хариуцсан дарга, ноён Алексэй Трубинов тэргүүтэй экспертүүд болон Майкрософт компанийн Монгол дахь албан ёсны түнш Ай Ти Зон, Инфосолушн, Навиворлд, Софтлайн, Эмпасофт компаниуд хамтран Майкрософтын дэлхий дахинд болон Монголд баримталж буй өөрчлөлтийн бодлого, бизнесийн шинэ үеийн систем, шийдлүүд, түүний найдвартай ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, туслалцаа үйлчилгээний талаар танилцууллаа.
Мөн түүнчлэн Майкрософт компанийн олон улсын түнш Дэлл болон Леново компаниудын төлөөлөгчид хүрэлцэн ирж Windows–ийн системд суурилсан хамгийн сүүлийн нөүтбүүк, таблет, серверийн шинэ загваруудаа биечлэн танилцууллаа.
Энэ удаагийн уулзалтад Монголын томоохон 150 гаруй байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд уригдан оролцсон бөгөөд түнш байгууллагуудаас Microsoft Office 365, Microsoft ERP, Microsoft System Center, Information Security болон лицензийн төрлүүдийг танилцуулж нээлттэй хэлэлцүүлгийг явууллаа. Хамгийн онцлог сэдвээр Building Civilized IT Market буюу Иргэншсэн мэдээллийн технологийн зах зээлийг бүтээх нь нэртэй Майкрософтын Монгол дахь стратегийг тодорхойлсон илтгэл байв. Түүнчлэн оролцогчдын анхаарлыг Ай Ти Зон компанийн Бизнес шийдэл хариуцсан менежер Р.Эрхэмбаярын танилцуулсан “Microsoft Office 365” системийн танилцуулга хамгийн ихээр татлаа.
“Microsoft Office 365” нь жижиг дунд бизнесийн байгууллагуудад зориулагдсан сар бүрийн тогтмол бага зардлаар Microsoft-ийн бүх төрлийн оффисын програмууд төдийгүй бизнес имэйл, файл шэйр, дотоод мессенжер зэрэг оффисын зайлшгүй хэрэгцээт програмыг нэг дороос клауд хэлбэрээр 24/7 туслалцаа үйлчилгээний хамт санал болгодог үйлчилгээ юм байна.
Майкрософт компани нь 1975 онд үүсгэн байгуулагдсан, АНУ-д төвтэй, дэлхийн 120 гаруй оронд, 128 мянга гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, програм хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч, үндэстэн дамнасан корпораци юм.