June 12. 2014
Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Ти Зон компани нь Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн 2013 оны шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг аж ахуй нэгжээр шалгарлаа.
Компанийн засаглал, татвар төлөлт, шинээр бий болгосон ажлын байр, ашиг орлогоороо тэргүүлэгч Монголын шилдэг 150 аж ахуй нэгж, байгууллагыг тодруулдаг тус үйл ажиллагаа 13 дахь жилдээ ийнхүү амжилттай зохион байгуулагдсан бөгөөд нийт 500 гаруй байгууллага энэ жилийн шалгаруулалтад өрсөлдсөнөөрөө ихээхэн онцлог байв.
2001 оноос эхлэн уламжлал болгон явуулж буй уг шалгаруулалтын цар хүрээ жил ирэх тутам нэмэгдэж, "ТОР-150"-д багтах нь компанийн нэр хүнд, харилцагч, үйлчлүүлэгчдийн амжилттай түншлэлийн илрэл болдогт гол ач холбогдол орших ажээ.
Манай улсын мэдээллийн технологийн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой Ай Ти Зон компани нь анх 1997 онд М Си Эс Электроникс нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө Монголын мэдээллийн технологийн зах зээлийн 30 орчим хувийг дангаар эзэлсэн үндэсний хэмжээний компани болон өргөжөөд байна.
Эрхэм зорилгоо “Мэдээлэл, холбоо, технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүх түвшний байгууллагад хүргэн өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэгч, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна” хэмээн тодорхойлж, түүнийхээ хүрээнд ч байгууллагын болон улсын хэмжээний өндөр технологийн шийдлүүдийг боловсруулан, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.
Тухайлбал Шуурхай удирдлагын төвийн “Галын болон Түргэн тусламжийн дуудлагын систем”, Монгол Улсын Прокурорын 39 байгууллагын үйл ажиллагааг хөнгөвчлөх “Прокурорын удирдлагын нэгдсэн систем” болон "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага хяналтын систем", "Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем", Хөдөлмөрийн төв биржийн төслүүдийг нэрлэж болох юм.
Энэ дашрамд Ай Ти Зон нь 2013 оны 5-р сарын 1-ээс албан ёсоор М Си Эс группээс гарч Ай Ти Зон нэрээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болсон тус хамт олон өрх тусгаарласнаасаа хойш анх удаа ТОР 150 аж ахуй нэгжийн шалгаруулалтад оролцон ийнхүү шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан бөгөөд компанийн хамт олны зүгээс үндэсний бүтээн байгуулагч, ТОП аж ахуйн нэгжээр шалгарахад дэмжин, хамтран ажиллаж ирсэн эрхэм харилцагчид, түншүүддээ талархаж буйгаа илэрхийлсэн юм.