May 02. 2014
Урин дулаан цаг наашилж, хотын залуусын хэмнэл түргэсч байгаа энэ үед нийслэл Улаанбаатар хотынхоо өнгө төрхөд чимэг нэмэх нэгэн содон зүйл хотын төв хэсэгт сүндэрлээд удаагүй байна. Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгчдийн нэг LG Electronics компани болон Монголын мэдээллийн технологийн ITZone компаниудаас нийслэлчүүддээ зориулан барьж байгаа энэ хаврын өвөрмөц сюрпризүүдийн нэг болох тоон технологид суурилсан “ГЭРЭЛТ ЦАГ”–ийн нээлтийг хийж, нийслэлчүүддээ танилцууллаа.
Тус нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, LG Electronics компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Ж.Энхжаргал мөн ITZone компанийн дэд захирал У.Наранбаатар, дэд захирал Б.Жаргалсайхан нар хүрэлцэн ирсэн байна.
Тус “ГЭРЭЛТ ЦАГ” нь 6 метрийн өндөртэй бөгөөд Монгол улсдаа хамгийн анхны сансрын GPS системтэй холбогдсон автомат тохиргоо бүхий цагны технологийн хамгийн дэвшилтэт системд суурилагдсан, минут, секундийн өндөр нарийвчлалтай ажээ. Эрчим хүчний хэмнэлттэй, нарны хурц тусгалд сарнихгүй тод харагдах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий LED дэлгэцтэй гэдгээрээ онцлог юм.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэлэхдээ тус “ГЭРЭЛТ ЦАГ” нь Их хотын өнгө үзэмж, орчны тохижилтод эерэгээр нөлөөлөх шинэ технологи нэвтрүүлэх эхний алхмыг хувийн байгууллагаас санаачлан хийж буйд баяртай байгаагаа хэлсний зэрэгцээ цаг нартай уралдан ажиллаж, хөдөлмөрлөдөг үе үеийн залууст маань “зогсолтгүй хөгжих”–ийг сануулах бас нэгэн бэлгэдэл нь болоосой хэмээн хүсч буйгаа давхар хэллээ.
Дэлхийд тэргүүлэгч БНСУ-ын LG Электроникс компани нь Монгол улсын мэдээллийн технологийн тэргүүлэгч компани болох ITZone компани-тай 2013 оноос эхлэн бизнес хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд дэлхийн тэргүүлэх технологи бүхий хүнхэр дэлгэцтэй уяан утас болох G Flex гар утсыг Төв Ази-д буюу Монголын хэрэглэгчдэд хамгийн түрүүнд хүргэж байсан юм. LG Electronics компани болон ITZone компаниуд нийгмийн сайн сайхны төлөөх бүхий л үйлсийг бизнесийнхээ салшгүй нэг хэсэг болгон дэмжсээр ирсэн нь энэхүү арга хэмжээгээр мөн харагдаж байна.