А.Ганбаатар: Скрам менежментийг нэвтрүүлснээр бүтээмж 40 хувиар нэмэгдсэн

April 22, 2016

Өнөө үед компаниуд өөр хоорондоо бус “цаг хугацаатай”-тай өрсөлдөх болсон. “Хурдаар өрсөлдөхөд” технологийн дэвшилтэт шийдлийг оновчтой ашиглахаас гадна, менежментийн шинэ арга барилыг хэрхэн хослуулж буй нь маш чухал. Энэ удаа ярилцлагын буландаа технологийн томоохон компаниудын үйл ажиллагаандаа ашиглах болсон Скрам Менежемент /Scrum Management/ -ийг Ай Ти Зон компани үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлсэн талаар тус компанийн ERP систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга А.Ганбаатартай ярилцлаа.

 ERP систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга А.Ганбаатар

 

ES: Скрам менежментийг Ай Ти Зон компани үйл ажиллагаандаа  ашиг­ладаг гэ­сэн. Скрам менежментийн талаар товчхон тайлбарлавал?

Тиймээ, Ай Ти Зон компани нь Cкрам менежментийн аргачлалыг 2014 оноос эхлэн туршиж эхэлсэн бөгөөд 2015 оноос Програм хангамжийн газартаа бүрэн хэмжээгээр ашиглаж байна. Энэ бол төслийн менежментийн уламжлалт аргачлалыг илүү өөрөөр харж, хөгжүүлж буй бүтээгдэхүүнээ арай өөр зарчмаар гүйцэтгэх боломжтой програм хөгжүүлэлтийн удирдлагын шинэ арга хэрэгсэл юм. Регбигийн спортоос гаралтай гэдэг. Cкрам менежментийн зарчмыг гар утасны жишээн дээр тайлбарлая. Гар утасны үндсэн үүрэг бол утсаар ярих. Скрам менежментийн дагуу эхлээд хамгийн чухал функцийг нь, дараа нь мэдрэгчтэй дэлгэц гэх мэт доторх бусад горимуудыг нь хийнэ гэсэн зарчмаар ажилладаг. Эхний арав хоногт ямар ч байсан ярьж болдог утас бүтээнэ. Дараагийн 10 хоногт бусад хийх ёстой функцүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлж нэг нэгээр нь гүйцэтгэнэ. Ингэж ажилласнаар хүлээж авсан ажлаа богино хугацаанд гүйцэтгэхээс гадна,  бүтээгдэхүүндээ хэрэглэгчийнхээ саналыг тухай бүрт нь тусгах боломжтой болдог давуу талтай. 

Бидэнд ямар нэг бүтээгдэхүүн хийх гэж байгаа бол эхлээд загварыг нь гаргаад, дараа нь кодоо бичээд, бүтээгдэхүүнээ бүрэн бэлэн болсны дараа захиалагчдаа үзүүлэх дарааллаар явах ёстой гэж сургуульд заадаг. Бодит амьдрал дээр ингэж ажиллахад хугацаа их зарцуулна. Дээр нь бараг бэлэн болчихсон бүтээгдэхүүн дээр захиалагчийн саналыг шингээнэ гэдэг хүндрэлтэй. Тэр бүх асуудлыг л скрам менежмент оновчтой шийдэж чаддаг.

Скрам менежментэд гурван оролцогч тал байдаг.  

Нэгдүгээрт “Product owner” буюу бүтээгдэхүүн, зах зээлийн талаар өндөр мэдлэгтэй мэргэжилтэн, хоёрдугаарт багийг удирдан чиглүүлж, тулгарсан асуудлыг нь шийддэг “Sprint Master”, эцэст нь багийн гишүүд байна. Баг гүйцэтгэж буй ажлын цар хүрээнээс шалтгаалаад 7-12 хүнтэй байхад тохиромжтой ба гишүүд өөрсдөө дотоод зохион байгуулалтаа шийддэг. 

ES: Скрам менежментийг хэрэгжүүлэх санаачлага хэрхэн төрсөн бэ?

2010 онд дэлхийн томоохон програм хангамжийн компаниудад скрам менежментийг ашиглаж эхэлж буй талаар сонсож байлаа.  Google-ийн ажилчид нь хэзээ ч хамаагүй ажилдаа ирдэг, гоё оффисынх нь талаарх сонирхолтой мэдээллүүд вэб сайтуудаар гарч байсан юм. Програмистуудын хувьд нам жим орчинд төвлөрч ажиллахад амар байдаг учраас оройн цагаар сууж ажиллах тохиолдол их байдаг.  Иймд програмистуудын бүтээмж орой өндөр болдог байхад яагаад заавал өглөө эрт цагтаа хуруугаа уншуулахын тулд бусадтай уралдаж, замын түгжрэлд орон байж ажилдаа ирэх ёстой юм бэ гэдэг бодол төрдөг байсан. Ингээд скрам менежментийн талаар сайтар судалж, удирдлагууддаа ач холбогдлыг нь танилцуулсан. Тэдний зүгээс “Хүмүүс чинь яг ажлаа хийх үү? Төслөө цагт нь дуусгаж, ажлаа гүйцэтгэж чадах уу? гэсэн асуултууд гарч байсан л даа. Тэгээд эцэст нь бүтээмжээ тодорхой хэмжиж чаддаг компанид хүмүүс ажилдаа хэдэн цагт ирэх нь тийм чухал биш гэдэг дээр санал нэгдэж, нэвтрүүлэхээр шийдсэн.

ES: Шинэ аргачлалыг гаднаас нь судлаад дотоод үйл ажиллагаандаа хэвшүүлэн, нэвтрүүлнэ гэдэг амаргүй байсан байх?

Тиймээ. Үндсэндээ скрам менежмент рүү шилжих нь зүйтэй гэдгийг ойлгосон ч, хэрхэн шилжих аргаа эхэндээ олохгүй байлаа. Тухайн үед манайд ажиллаж байгаад Америкт магистр хамгаалаад ирсэн ажилтан маань суралцаж байх хугацаандаа скрам менежментээр ажилладаг компанид давхар ажиллаж байсан нь бидэнд их тус болсон. 

Одоо манай програмистууд өглөөний 07:00 цагаас 11:00 цагийн хооронд хэдийд ч ажилдаа ирж болно. Харин ирсэн цагаасаа шалтгаалаад орой тарах цаг нь урагшаа, хойшоо хоёр цагийн зөрүүтэй байх юм. Цагийн уян хатан системийг дангаар нь нэвтрүүлэх үр дүн багатай. Скрам менежментийн давуу тал яг энд харагдана. Төсөл бүхэн тодорхой хугацаатай, гэхдээ түүндээ хүрэх замыг нь үе шатуудад хуваагаад, хэн юу хийх вэ гэдгийг бүгдийг нарийн төлөвлөх боломжтой байдаг. Үүний ачаар ажилтнууд өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил руугаа яардаг байсан бол харин одоо ажилдаа ирсэн цагаасаа хойш найман цаг ажилласан байхад л цалин нь бүтэн бодогддог болж, сэтгэл ханамж ч нэмэгдсэн.

Скрам менежмент

 

ES: Уян хатан цагийн системийг нэвтрүүлэхэд эргээд ажилтнуудын хариуцлагын асуудалтай холбогддог байх?

Скрам менежменттэйгээ уян хатан цагийн системээ хослуулснаар хариуцлагын асуудлыг бүрэн шийдэж чадсан. Учир нь менежментийн хүрээнд ажилтан бүр долоо хоногт ажиллах цагийнхаа хэдийг нь юунд зарцуулах вэ гэдэг нь бүгд нарийн тодорхой төлөвлөгддөг. Төлөвлөгөөний дагуу ажиллана. Дээрээс нь 7, 10 хоног гээд богино хугацаатайгаар ажлын гүйцэтгэлийг хянах учир тухайн ажилтны ур чадвар бодитоор харагдах нөхцөл бүрддэг. Үнэхээр чадварлаг хүн тодроод л гараад ирдэг. Бусад нь тав хоногт хийдэг ажлыг ганцхан өдөр суугаад дуусгах боломжтой хүмүүс байдаг. Нөгөө талаас урсгалаараа яваад, ажлыг хойш татдаг хүмүүс ч тодроод ирнэ. Тэгэхээр эдгээр ажилтнууддаа зөв ажлыг нь оновчтой оноох, шилжүүлэх зэргээр арга хэмжээ хийхэд илүү хялбар болдог. 

ES: Үр дүнг хэмжвэл?

Бүтээмж ойролцоогоор 40 хувь нэмэгдсэн үр дүн бий. Хоёр сар орчимд хийдэг байсан ажлыг одоо бид сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэдэг болсон. Нэг том ажлыг олон хуваагаад нэгэн зэрэг хийгээд эхлэхээр зарцуулах хугацаа аяндаа багасдаг. Нөгөө талаас мөн ажилтнууд маань хийсэн ажлынхаа үр дүнг богино хугацаанд харж, хэмжүүлснээр хувь хүнийхээ хувьд өөрөөрөө бахархах, багийн хамтын ажиллагаа, итгэлцэл илүү сайжирч, дараа дараагийн ажлын гүйцэтгэл улам сайжирч буй үр дүн гарсан. Өмнө нь оройн цагаар их сууж ажилладаг байсан бол одоо оройн найман цагаас хойш оффис дээр суудаг хүн байхгүй болсон. Зөв төлөвлөөд, ажлаа хугацаанд гүйцэтгээд ирэхээр ажил болон гэр бүлдээ зарцуулах цагийн баланс аяндаа л зүгшрээд ирдэг. 

ES: Монголчууд багаар ажиллаж чаддаггүй, цаг барьдаггүй гэж ярьдаг?

Би яг энэ үзлийн эсрэг бодолтой хүн. Монголчууд гадны орнуудад очоод ажиллахаар бусадтай л адилхан ажиллаж  чаддаг хэрнээ Монголдоо чадахгүй гэсэн зүйл байхгүй. Үүний шалтгааныг би тухайн компанийн менежмент, бодлоготой л холбоотой гэж бодож байна. Бид шинэ менежмент нэвтрүүлээд ч үнэхээр тийм гэдгийг нь харлаа. Скрам менежментийн хүрээнд өдөр бүр шуурхай хуралдаан хийдэг. Тухайн ажилтан хуралдаанд орж ирээд өмнөх өдрийн хийсэн ажил, өнөөдөр хийх ажил, тулгарсан асуудлын хүрээнд 3 асуултад л хариулдаг.  Хурал 15 минут үргэлжилнэ, нэг хүн нэг минут ярина гэсэн дүрэмтэй. Ингэснээр багаар ажиллах чадвар улам нэмэгддэг.

ES: Энэ менежментээ дагаад шинээр ажилтан авах аргад бас өөрчлөлт орсон уу?

Скрам менежментэд багийн үр дүнтэй хамтын ажиллагаа, хариуцлагатай байдал хамгийн чухал. Багт байгаа нэг гишүүн ажиллаж чадахгүй болоход л багийн ачаалал илт нэмэгддэг. Эхний удаад багийнхан өмнөөс нь тухай ажлыг нь хийж өгч болох ч яваандаа тэр хүнд ажил даалгахгүй болж, багтаа тохирохгүй болоод ирдэг. Тиймээс бид ажилтан сонгон шалгаруулалтад багийн гишүүдийг оролцуулж байхаар шийдсэн. Ер нь бол манай ажилтнуудаас анх гаргасан санал л даа. Ажил  горилогч анкет бөглөж, эхний ярилцлагадаа ороод бүх шатыг давсны дараа багийн гишүүдтэй бүгдтэй нь уулздаг. Тухайн багийнхан шинэ хүнийг авах эсэхээ өөрсдөө шийднэ. Үнэхээр хамтран ажиллаж чадах эсэхийг тэр багийнхан л мэдэхээс өөр хэн ч мэдэхгүй. Тэгэхээр багийн гишүүд шинэ хүнтэйгээ танилцана,  тоглоом тоглоно, хамт ярилцаад сууж болно, хүссэн асуултаа асууж болно. Ингэж байж  багтаа тохирсон хүнээ авдаг. Шинэ ажилтан авна гэдэг одоо зөвхөн хүний нөөц, удирдлагын шийдэх асуудал биш болсон. 

ES: Ярилцсанд баярлалаа.